Хурууны хээгээр санал өгөх төслийг хамт ярина
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр ч төслийг хэлэлцэхийг Байнгын хороо дэмжээд буй. МАН-ынхан Байнгын хорооны бүрэлдэхүүний тоог 21 болгож нэмэх замаар гишүүний бүрэн эрхээ хангахыг хүссэн бол, АН-ынхан ирцээ наймаас дээш удаа 50-иас дээш хувиар бүрдүүлээгүй Бүлгийг татан буулгах төсөл санаачилсан. Одоо уг хоёр төсөл “ханьтай” болох нь. Учир нь гишүүн С.Бямбацогтын санаачилсан хурууны хээгээр ирц бүрдүүлэх, санал өгөх бас нэг төсөл нэмэгдэж байна. МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн аж. Дэд ахлагч С.Бямбацогт энэ талаар “АН-ынхан хариуцлагын асуудал хөндсөн. Үүнийг гишүүн тус бүр дээр ярих ёстой. Өнгөрсөн чуулган дээр Ц.Оюунгэрэл гишүүн хэдэн ч гишүүний өмнөөс товчлуур дарав.
Зарим нь гэртээ унтаж, эсвэл гадуур зугаалж байх хооронд бусад нь түүний өмнөөс санал өгдөг байж таарахгүй.
Үүнийг дээрх хуулийн төслийг баталснаар шийдэх болно” гэлээ. Бас ахлагч Н.Энхболд нь “АНынхан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг нэгтгэж ярина гэвэл бид бас хурууны хээний асуудлыг хамт ярих болно” гэсэн юм. Газрын тухай хуулийн төсөл дээр сайн ажиллах ёстой гэдэг дээр тэд АН-тай ижил байр суурьтай байна. Харин чуулганаар дэмжихгүй гээд буцаасан Төрийн нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг маргааш нь дахин УИХ-д өргөн барьсан, яагаад зүтгүүлээд буйг лавлана гэсэн юм.