Бельги Улс  барилга, хот байгуулалтын салбарт хамтарч ажиллахыг хүслээ
2012.09.25

Бельги Улс барилга, хот байгуулалтын салбарт хамтарч ажиллахыг хүслээ

Энэ өдрүүдэд манай улсад айлчлал хийж байгаа Бельги улсын элчин  сайд Патрик Нижс тэргүүтэй төлөөлөгчдийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хүлээн авч уулзлаа.  Бельгийн төлөөлөгчдийн айлчлалын зорилго нь барилга, хот байгуулалтын салбарт хамтарч ажиллах боломж гэж байв.

Барилга, хот байгуулалтын сайд шинэчлэлийн засгийн газрын тэргүүлэх салбарын нэг нь  барилгын салбар байна гэж төлөөлөгчдөд хэллээ. Энэ салбарт норм дүрэм шинэчлэх, тэр дундаа евро стандарт руу шилжүүлэх, тусгай зөвшөөрлийг цэгцлэх, хүнд суртлын шат дамжлагыг үгүй болгох, барилга барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийг орон сууцаар хангах зэрэг олон ажил хийж хэрэгжүүлэх шаардлагатайг дуулгасан юм.

Бельгийн төлөөлөгчид сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн барилгын салбарт ашигладаг, ногоон хөгжлийн асуудлаар Монгол Улс ямар бодлого баримталдаг талаар сонирхож яваагаа асуулаа. Мөн дээрхи чиглэлээр Бельги Улстай хамтарч ажиллах боломж бий гэв.

Сэргээгдэх эрчим хүчний хуулийг 2007 онд баталсан. Улаанбаатар хотын ойролцоо 50 кв-тийн салхин цахилгаан станц баригдаж байна. Говийн аймгуудад салхин цахилгаан станц байгуулах судалгааны ажил явагдаж байгаа гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэллээ. Салхины эрчим хүчийг ашиглах боломжийг хөдөөгийн сумдуудад эрэлхийлж буй ч хүссэн үр дүнд хүрэхгүй байгаа. Ногоон хөгжлийн асуудалд Засгийн газрын онцгой анхаарлаа хандуулж байна. Энэ ч үүднээс Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг байгуулсан юм. 2004 онд 40 мянган айлын орон сууц, 2008 оноос 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг Засгийн газраас зарласан. Энэ хөтөлбөрт багтаж буй орон сууцнаас эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг бид илүүтэй дэмжих болно гэж  тэрбээр хэлэв.

Бельги Улсын элчин сайд Патрик Нижсийг дагалдан яваа Энфинити, Жидиэф компанийн удирдлагууд барилга, хот байгуулалтын салбар нарны эрчим хүч, ус цэвэршүүлэх байгууламж зэрэгт хамтарч ажиллах, улмаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.