Л.Дамдинсүрэн: Чанартай сүүнд л урамшуулал өгөх хэрэгтэй
Монголын Хүнсчдийн Холбооны Хүндэт Ерөнхийлөгч, зөвлөх инженер, Техникийн Шинжлэх ухааны доктор (Sc.D), ШУТИС, Хүнс биотехнологийн сургууль багш Л.Дамдинсүрэн
2013.01.28

Л.Дамдинсүрэн: Чанартай сүүнд л урамшуулал өгөх хэрэгтэй

Төр засгийн зүгээс сүүний салбарт ямар бодлого хэрэгжүүлэх ёстой болон сүүнд өгөх урамшууллыг хэрхэн олгох нь зүйтэй талаар Монголын Хүнсчдийн Холбооны Хүндэт Ерөнхийлөгч, зөвлөх инженер, Техникийн Шинжлэх ухааны доктор (Sc.D), ШУТИС, Хүнс биотехнологийн сургууль багш Л.Дамдинсүрэнтэй ярилцлаа.

-Нэг литр сүүнд 500 төгрөгний урамшуулал олгох нь хэр зүйтэй вэ. Та мэргэжлийн хүний зүгээс үүнийг юу гэж харж байна. Танд нэмэх санаа, оноо байна уу?

Хаанаас 500 төгрөг гэж гаргаж ирсэнийг ойлгохгүй байгаа. Тооцоо судалгаагүй цээжний пангаар гаргаж болохгүй. Урамшуулал аль ч оронд зайлшгүй байдаг зүйл. Европын холбоо нэг литр сүүнд 15-20 центийн /1 цент=13.91 төгрөг/ урамшуулал өгдөг. Монгол мөнгөөр бол 208-278 төгрөгний урамшуулал авдаг гэсэн үг. Засгийн газрын дэмжлэг байх нь зөв. Гэхдээ урамшууллыг чанарын үзүүлэлттэй нь холбодог.

-Чанарын үзүүлэлтэй нь холбохгүйгээр сүү болгонд л өгчихвөл болохгүй гэж үү?

Чанарын үзүүлэлтийг нь онц анхаарахгүйгээр үйлдвэрт өгсөн улаанбуудайнд нэг тонн тутамд 100 мянган төгрөгний урамшуулал олгосон. Гэтэл өнөөдөр гурилын үйлдвэрүүдэд гурил хийх буудай олдохгүй байна. Чанартай нь холбохгүй урамшуулал гэдэг ийм аюултай. Тооны араас хөөцөлдөөд мөнгийг нь авч байвал чанар нь огт хамаагүй болчихно.

Эхлээд ноосны урамшууллыг их зөв гаргаж байсан. Гэтэл сүүлд нь сонгуулийн өмнө улс төрийн нөлөөнд ороод буруу тийшээгээ явчихсан. Хүнсний бүтээгдэхүүнээс ганц сүү ч биш, мах, гурилан дээр гаргасан урамшууллын үр дүнг сайн бодолцох хэрэгтэй.

-Сүү их эмзэг бөгөөд хадгалалт, тээвэрлэлтийн чанд горимыг шаарддаг. Чанарыг яаж хэмжих вэ. Жирийн үед ч хөдөөнөөс авчирсан, сайхан сүү гээд л хамаагүй зарж байдаг?

Сүүний чанар найрлага, тос уураг, нүүрс усны хэмжээнээс хамаарна. Мөн эрүүл ахуйн үзүүлэлтийг харгалзана. Сүү их эмзэг, саагаад нэг цагийн дотор хөргөхгүй бол янз бүрийн микробууд үржиж, гашилна.  

Урамшуулалд 500 төгрөгийг ямар үндэслэлтэй гарч ирсэн гэдгийг гайхаад байна. Үнэхээр эрүүл ахуй, ариун цэвэр шаардлагыг бүрэн хангасан бол магадгүй 500 төгрөг өгч болох юм. Чанараа дунд зэрэг хангасан байвал 200-300 төгрөг, дэгэн догон хангасан бол 100 төгрөг, ор шаардлагад нийцэхгүй бол нэг ч төгрөг өгөхгүй байхаар зохицуулах хэрэгтэй. Сүүнд ус, гурил, сода, антибиотек хийдэг сөрөг үзэгдлүүд энэ төр засгаас өгөх гээд байгаа урамшууллын ачаар алга болох ёстой.

Тэгэж байж чанартай сүүг үйлдвэрийн аргаар боловсруулж өрсөлдөх чадвартай болж импортын сүү багасгах боломж бүрдэнэ.

-Сүүнд урамшуулал олгож эхлэхээр сүүний үнэ буурах сайн тал бий болов уу. Фермерүүдийн холбооны зүгээс үнэ буух боломжтой гэж харж байгаа. Ядаж импортын сүүний үнэтэй адилхан болно гэсэн?

Сүүний нийлүүлэлт нэмэгдээд, үйлдвэрлэл ихсээд ирэхээр үнэ аяндаа буух ёстой. Энэ зах зээлийн жам. Тэр зах зээлийн жамаараа л явах ёстой.  

-Фермийг эрчимжүүлээд хөгжүүлбэл хичнээн ажлын байр бий болох вэ?

Албан ёсны бүртгэлээр 200 ферм байна. Сонгодог утгаар нь ажиллуулвал монголд хамгийн тохиромжтой нь 50 үнээний ферм байдаг. Ингээд бодохоор 50 үнээтэй фермд дор хаяж 15 хүн ажиллана. Тэгэхээр нийтдээ 3000 ажлын байр бий болно.

-Урамшуулал олгохоос гадна өөрөөр хэрхэн дэмжвэл зохилтой вэ?

Өнөөгийн фермүүд бэлчээрийн мал аж ахуйгаас ялгаагүй байдалтай болчихлоо. Тэдэнд газар байхгүй. Тэрийг албан ёсоор тогтоож өгөх ёстой. Өвсөө тарьдаггүй, тэжээл хийдэггүй, үнээний байр нь бараг бэлчээрийн

мал шиг хашаатай байхаар чинь үхэр яаж сайн сүү өгөх вэ дээ. Ингээд үзэхээр манайд сонгодог хэлбэрийн дөрвөн фермер л байна. Тэжээл дарш байхгүй бол фермийн үхэр ерөөсөө сүү өгдөггүй. Фермийн мал аж ахуй зун бага сүү өгөөд өвөл их сүү өгдөг байвал бэлчээрийн мал аж ахуйгаас ялгагдана. Өвөл сүүний үнэ нэмэгдэхээр сүүгээ өгөх нь фермийн гол орлого шүү дээ. Үнээний үржил, селекциэ графикаар зохицуулах ёстой. Тухайн фермерт энэ асуудал дээр нь тусалж өгөх ёстой байгаа юм.

Түүнчлэн сүүний чанар ариун цэврийг хангах талаар зориуд бодлоготой, системтэй сургалт явуулах хэрэгтэй. Гэхдээ сумын төв дээр нойрыг нь хүртэл лекц унших биш. Газар дээр нь үзүүлээд, сургах нь зөв.

-Үржил селекци гэхээр хээлтүүлгийн асуудал яригдаж байх шиг байна. Цэвэр үүлдрийн үнээнээс өндөр гарцтай сүүг авах боломжтой байдаг. Манай улсад энэ тал хэр анхаардаг юм бол?

Төр засгаас тэжээл, малын бэлчээр, үнээний хээлтүүлгэ дээр тусалж өгөх ёстой. Цэвэр үүлдрийн үнээг оруулж ирж цэвэрлэх ёстой нь үнэн. Тэгэхгүй бол монголд цэвэр үүлдрийн үхэр бараг байхгүй болчихсон.

Монголд 600 мянга гаруй сарлаг байдаг

Эрлийзжүүлэлтийн 7,8 дахь үе дээр явж байна. Сарлаг давжаарсан гээд яриад байгаа нь аргагүй. Сарлагыг аль шарын шашин орж ирэхэд л төвдөөс авчирч цэвэршүүлж байсан. Тэр үеэс хойш олигтой шинэчлэл хийгдээгүй.  Хүнээр бол цус ойртоод давжаарч байгаа хэрэг. Энэ тал дээр төрөөс туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Мал эмнэлгийн хувьд асуудал нь цэгцэрчихсэн, ажил хийх гээд оролдоод байгаа.

-Гэхдээ сүүний салбарт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол цэвэр үүлдрийн үхэр тусгай орон байр, өвс тэжээл шаарддаг арчилгаа ихтэй байдаг. Баахан үхэр импортлоод үр ашиггүй болох вий?

Үнэн. Хөдөө аж ахуйтайгаа цогцоор нь авч үзэхгүй бол болохгүй. Манай хүнсний үйлдвэрийнхэн өрөөсгөл бодлогын талаар бүгд хэлдэг. Хүнсний бодлого гэдэг чинь ерөөсөө газар тариалан, мал аж ахуй, боловсруулах үйлдвэр гээд бүх юмтайгаа уялдаж байж хөгждөг онцлогтой. Цогцоор нь шийдэх хэрэгтэй.

УБ төмөр замын өртөө, Вокзал

Хамгийн гол нь хөдөө аж ахуйн салбар хоол хүнсний гол хөшүүрэг учраас эрүүл ахуй, газар тариалангийн нөхцөлийг нь сайжруулахгүйгээр хүнсний үйлдвэр лүү дайраад нэмэргүй.

Өөр нэг хүнсний чанарт гай болж байгаа зүйл бол “ченжийн тогтолцоо”. Эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байна. Вокзалын ард хичнээн жил сүү зарж байна. Хачин муухай саванд хийгээд янз бүрийн зүйл холиод зарж байна шүү дээ. Хөдөө аж ахуй цогцолбор байдлаар хөгжих ёстой. Дээд удирдлагын түвшиндээ мэргэжлийн бодлого дутагдаад байна. Яамны толгойд байгаа дөрөв таван хүний хэн нэг нь хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн байх хэрэгтэй.

-Чанарын асуудлыг их ярилаа. Хүнсний тухай хууль шинэчилсэн байдлаар батлагдсан. Хуулинд чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлнэ гэж заасан байгаа?

Чанар эрүүл ахуйн үзүүлэлтийг хүнс үйлдвэрлэгч өөрөө бүрэн хариуцах ёстой. Хуулин дээр ч ийм байгаа. Тиймээс фермерүүд өөрсдөө чанараа хариуцах боломжтой. Үүнийг хялбархан хийж болдог арга байгаа. Хөдөө аж ахуйн салбарт ер нь зохион байгуулалт, менежментийн арга ухаан л дутаад байна даа. Хэн юу үйлдвэрлэнэ,  тэр чанараа хариуцна. Түүнээс биш мэргэжлийн хяналтыг харахаараа  чанартай болж, харахгүй бол ус, сода хийдэг байхаа болих хэрэгтэй.

Үнэндээ монгол сэтгэлгээ алдагдсан байна. Сүү, цагаан идээндээ юм холихыг цээрлэдэг сэтгэлгээ алга болж. Гүзээтэй өрөмний дунд аарц бөөрөнхийлөөд хийчихсэн байгаа юм чинь. Тийм зүйлдээ урамшуулал авна гээд яваад байж болохгүй байх. Бизнес гэдэг чинь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж,  ёс зүйтэй байхыг хэлдэг.

Ярилцсанд баярлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.