Гэр хорооллын бүх айлын зуухыг энэ жилдээ багтаан сольж дуусгана
Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу энэ жил гэр хорооллын 185 мянган айлын зуухыг бүгдийг нь солино.
2013.01.31

Гэр хорооллын бүх айлын зуухыг энэ жилдээ багтаан сольж дуусгана

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, сайжруулсан төрөл бүрийн түлшийг гэр хорооллын иргэдэд түлхүү хэрэглүүлэх нь чухал гэдгийг Монголын Мянганы сорилтын сангийнхан онцолж байна. Өчигдөр "Кэмпински" зочид буудалд БОНХЯ, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, нийслэлийн ЗДТГ-ын харьяа байгууллагууд, МХЕГ, Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын донор байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон нэгэн чухал уулзалт болсон юм. Эл уулзалтын үеэр агаарын бохирдлыг бууруулахад цаашид юу хийх талаарх стратеги төлөвлөгөө, хууль эрх зүйн орчин, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг иргэдэд нийлүүлэх эдийн засгийн бичил орчин, агаар бохирдуулагч хүчин зүйлүүд, мөн Мянганы сорилтын сангийн "Цэвэр агаар" төслийн хэрэгжилт үр дүнгийн талаар хэлэлцсэн юм. "Цэвэр агаар"   төслийнхөн гэр хорооллын орлого багатай иргэдэд чанартай, эдийн засгийн үр ашигтай эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр иргэдэд борлуулсан нь цаг үеэ олсон ажил болсон билээ.

Өнөөгийн байдлаар нийслэлд 96 мянган өрх утаа багатай зуухыг татаастай үнээр авч хэрэглэж буй.

Мөн тус төслийн санхүүжилтээр Салхит станцын эрчим хүчийг хүлээн авч дамжуулах Налайх дэд станцын техникийн өргөтгөл, удирдлагын шилэн кабелийн сүлжээг цоо шинээр суурилуулж, том оврын 15 зуухыг өмнөхөөсөө 90 хүртэл хувиар бага бохирдол ялгаруулдаг зуухаар шинэчилсэн, эрчим хүчний хэмнэлттэй тохилог орон сууцанд татаас олгож, 100 сууц борлуулсан байна.

Уулзалтын үеэр оролцогчдоос санаа бодлыг нь сонирхсон юм.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Р.Мягмар:

-Мянганы сорилтын сангийн "Цэвэр агаар" төсөл үндсэндээ дуусаж байгаа. Цаашдаа Засгийн газраас ямар бодлого барих, нийслэл хотын агаарын бохирдлыг яаж бууруулах вэ гэдэг дээр бид зөвлөмж хэлэлцэж байгаа юм. Энэ төслийг цааш нь авч явах, хууль эрх зүйн хувьд боловсронгуй болгох, зах зээлийн горимд нь шилжүүлэх асуудлаар зөвлөлдөж байна. Агаарын бохирдлыг тогтвортой бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах асуудалд юуг нь анхаарч ажиллах, иргэдийг яаж идэвхжүүлэх тал дээр нэлээн бодлоготой ажиллах шаардлага байна гэж америкчууд зөвлөж байгаа.

АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн Хөрөнгө оруулалт ба эрсдэлийн удирдлага хариуцсан захирал Кортни Энгелке:

Татаастай үнээр эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн олгож байсан шүү дээ. Монголын Засгийн газраас тодорхой хугацаанд татаасыг бууруулах механизм төлөвлөгөө гаргах ёстой юм болов уу. Эхний жилдээ татаас нь 100 хувь байлаа гэж бодоход дараагийн жил 60 хувь болгодог ч юм уу. Бид эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн иргэдэд олгохдоо дотоодын хоёр банктай хамтарч ажилласан. Бүтээгдэхүүний 80 хувьд нь бид татаас олгож, иргэд 20 хувийнх нь үнээр худалдаж авсан. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 10 орчим хувийг иргэд хэрэглээний зээлээр авсан байна. Ийм хэрэгцээ байна гэсэн үг л дээ. Монголын Засгийн газраас татаасыг бага хэмжээгээр бууруулахтай зэрэгцээд хэрэглээний бичил зээлийг иргэдэд олгох боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй байх.

Цэвэр агаарын сангийн захирал Н.Хүрэлсүх:

АНУ-ын Мянганы сорилтын сангийн "Цэвэр агаар" төслийнхний хийсэн ажлыг цаашид үр дүнтэй байлгах тал дээр Засгийн газрын тусгай сан нэлээн ач холбогдол өгч байгаа. Тэдний үүрэг функц үндсэндээ манай руу шилжинэ. Энэ ажлыг бид чанартай сайн хийхийн тулд тодорхой ажлууд төлөвлөж байгаа. Засгийн газраас тодорхой хэмжээний мөнгө гаргаж байна. Түлшний үйлдвэр барих, үлдсэн 45 мянган айлын зуухны санхүүгийн эх үүсвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Зуух нэмж тараагдаж байгаа. Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу энэ жил гэр хорооллын 185 мянган айлын зуухыг бүгдийг нь солино. Засгийн газраас үүнтэй холбоотой зардал мөнгөний асуудлыг шийдэж өгье гэсэн. Удахгүй шийдэх байх" гэлээ.