Н.Энхболд: УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн ахлагч
2013.02.05

МАН намын бүлэг энэхүү хөтөлбөрийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа мэдэгдэв

УИХ дахь МАН-ын бүлэг энэ өдрийн хуралдаанаараа УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих эсэх талаар ярилцсан байна. Тус намын бүлгийн гишүүд Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх, төрөөс баримтлах бодлогын баримт бичиг гаргахыг дэмжиж буй аж. Гэхдээ иргэний нисэхийн бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудалд төрийн бодлогын зүгээс анхаарах ёстой. Аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг биеэ даасан байгууллага болгож гаргах нь өнөөгийн нөхцөлд илүү тохиромжтой гэж үзэж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болжээ.

Мөн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжихгүй байгаагаа мэдэгдлээ.

МАН-ын бүлгийн хэлэлцсэн асуудлын жагсаалтад “Улаанбаатар хотыг  2020 он  хүртэл  хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл багтжээ. Хотын хөгжил, орон нутгийн хөгжлийг зэрэг авч явахгүй бол нийслэлийн хүн амын төвлөрөл, нягтаршил байсаар байх болно гэж үзэж буй юм байна. Тус намын бүлэг энэхүү хөтөлбөрийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа мэдэгдэв. Мөн энэ төсөлд нийслэлийн ойролцоох газар хөдлөлт нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн нөхцөл байдлыг хотын ерөнхий төлөвлөгөөний тодотголд оруулж өгөх нь зүйтэй гэж үзсэн байна. Дашрамд дурдахад, МАН-ын бүлгээс цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавьж ажиллахаар төлөвлөжээ.