2013.02.08
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхэм хүндэт Иргэн танаа!
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхэм хүндэт Иргэн танаа
Ирж буй XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч Усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өлзий дэмбэрэл дүүрэн энэ өдрийн мэндийг хүргэж, амар мэндийг айлтгая.
Эргэх дөрвөн цагийн аясыг тольдон амьдрал ахуйгаа тэтгэсээр ирсэн монголын ард түмний уламжлалт их баяр сар шинэ ирлээ. Монголчууд бид ёс уламжлалаа дээдлэн, азай буурлуудаа хүндэтгэж, сайн үйл, сайхан ерөөл билэгдлээр ирж буй жилээ угтдаг эртний сайхан заншилтай.
Халаагаа өгч буй луу жил нийслэлчүүдийн хувьд их сонголт, их өөрчлөлтийн жил байлаа. Нийслэлийн иргэн та бидний хүсэл, мөрөөдөл төрөлх хотоо хөгжүүлж, амгалан тайван амьдрах гэсэн нэг л зорилго дор нэгдэж байсан учраас Улаанбаатар хотоо хөгжүүлэх 5А хөтөлбөрийг нийслэлийн иргэд та бүхэн дэмжиж, бидэнд итгэл хүлээлгэсэн билээ. Тиймээс, та бүхний сонголтоор бүрдсэн Нийслэлийн удирдлагын шинэ баг тулгамдаж байгаа аливаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийнхээ санаа бодлыг сонсч, нийтийн эрх ашгийн төлөө иргэдтэйгээ хамтран шийдвэр гаргах зарчмыг баримтлан ажиллаж байна.
Луу жилд та бид хэд хэдэн томоохон ажлуудыг хийж чадлаа. Тухайлбал, албан тушаалаа ашиглан төрийн албыг баяжих, хөлжих арга хэрэгслээ болгосон дарга нарын эрх мэдлийг халан, иргэндээ үйлчилдэг, иргэнээ сонсдог, иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллах төрийн үйлчилгээг нэвтрүүлэх шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Нийслэлийн иргэнд үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагууд, дүүрэг, хороод эрүүл, аюулгүй байдлын индексээр ажлаа дүгнүүлж, энэхүү индексийн үзүүлэлтэд хүрч чадаагүй албан хаагч хариуцлага хүлээдэг тогтолцоо руу шилжлээ. Ингэснээр эрүүл, аюулгүй Улаанбаатарыг бүрэн утгаар нь цогцлоох эхний алхам хийгдэж байгаа юм.
Нийслэлийн тулгамдсан асуудлууд болох агаар, хөрсний бохирдол, замын түгжрэлийг бууруулах чиглэлээр ч мөн хэд хэдэн ажлыг хийж амжлаа. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн УИХ-аар хэлэлцүүллээ. Энэхүү ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөг урьдчилсан байдлаар боловсруулж, газрын эзэд болсон нийслэлийнхээ иргэдээс зөвшөөрөл авч, эхний ээлжийн төлөвлөлтөд орох долоон газрын байршлыг НИТХ-аас тогтоон түүхэн чухал алхмыг хийлээ.
Хүйтний эрч чангарсан Луу жилийн өвлийг нийслэлчүүд та бид өнтэй сайхан давлаа. Монголчууд бид ирж буй жилээ хишиг өгөөжөө хайрлах буянтай жил хэмээн угтаж, тэр жилийнхээ ажил үйлсийг тэгш сайхан бүтнэ хэмээн итгэл, сэтгэлийн дээдээр шинэлцгээдэг билээ. Ивээл буянаа хайрлах, ирж буй могой жил нийслэлчүүдийн хувьд өрнүүн их ажил цогцолсон, бүтээн байгуулалтын жил байх болно.
Урин хавартай зэрэгцэн цаг хугацаа, хором мөч бүртэй уралдан гэр хорооллуудад иргэдийн оролцоотойгоор шинэ төлөвлөлт хийгдэж, ажлын байр нэмэгдэнэ. Айл өрхүүдийг төвлөрсөн болон бие даасан эрчим хүчний эх үүсвэрт хэсэгчлэн холбох ажил үе шаттайгаар хэрэгжиж, гэр хорооллын доторхи автозамын сүлжээг сайжруулж хатуу хучилттай зам барих ажил өрнөнө. Гэр хорооллыг амины тохилог орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын зүүн, баруун, хойд хэсэг дэх гэр хорооллын байршилд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дулааны станцыг тодорхой төлөвлөлтийн дагуу барьж байгуулах ажил эхэлнэ. Гэр хорооллын иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг ийнхүү сайжруулснаар хотын тулгамдсан асуудлын нэг агаарын бохирдол, тоосжилт, хөрс, ундны усны бохирдлыг бууруулж, хэт төвлөрөл, замын түгжрэлийг бууруулах боломж бүрдэнэ гэж бид үзэж байна. Бүтээн байгуулалтын энэ ажил нь бидний нийслэл Улаанбаатар хотын үсрэнгүй хөгжлийн гараа байна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Монгол улсын гал голомт болсон Улаанбаатар хотын иргэн Та Дүүрэн жаргалтай түвшин амгалан Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн