2008.03.28

Ц.Баярсайхан: Би сарлагийн сүүгээр хүн болсон

Монгол эр хүний адил бөхөд "нугасгүй", нутгаа гэсэн сэтгэлтэй, туух ихээхэн сонирхдог гээд түүний талаар яривал мундахгүй. Ард тумнийхээ төлөө хэрэгтэй зүйл хийх гэсэн бодолтой, түүндээ хөтлөгдөн хийж бүтээж яваа хүний нэг Нийгмийн Хамгаалал хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан. Ярилцаж суухад эр хунд байдаг бүхий л сайхан шинж түүнд шингэсэн юм шиг санагдаж байсныг нуух юун.

-Хүүхэд нас, уугуул нутаг... гээд яриагаа эхлэх үү?

-Би ээжийгээ оюутан байхад Улаанбаатарт төрсөн. Эмнэлгээс гараад арваад хоноод, хөдөө эмээ дээрээ очиж хүн болсон. Тийм болохоор Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул гэж явдаг. Манай суманд Гурван сайхан уул бий. Зүүн сайхан уулыг хошуу нутгаараа тахидаг байсны Хошуу овооны арын Бумба энгэр дээр өссөн. Эмэг эх маань сарлаг малладаг байсан болохоор сарлагийн сүүгээр угжуулж бойжсон. Намайг бага байхад эмээгийн ээж нь бас амьд байлаа. Тийм болохоор би гурван ээжийн хайр халамжид өссөн хүүхэд. Бага нас маань хөдөөгийн хүүхдүүдийн адил өнгөрсөн. Зургаан настайгаасаа морь унаж сураад, тугал, бяруу эргүүлэх, түлээ модонд явах зэрэг ажил хийнэ. Хүрмэн сумын бага сургуульд орж тэндээ гуравдугаар анги төгссөн. Нэгдүгээр ангиасаа арав төгстөл ангийн дарга хийж байлаа. Жаахан хөдөлгөөнтэй хүүхэд байсан байх шүү. Гэхдээ ангийн дарга байсан болохоор бусдад үлгэр дууриал болохыг хичээдэг байж билээ.

-Хурдан морь унаж байв уу?

-Манай хамаатны Сугар ах адуучин. Түүний сойсон морийг унаж уралдана.Даага унаж байснаа мартдаггүй юм. Гаргасан амжилт гэвэл, нэг удаа аман хүзүүдэж, нэг айрагдсан. Харин морь уургалах хообийтой. Манай говьд сайн уурга нүдний гэм шүү дээ. Тэгээд уурга залгаж барьчхаад айлын гүүний үрсэн дээр унага уургалж явдаг тийм л хүүхэд явлаа даа.

-Хүүхэд бүр л багадаа сайн бөх болохсон гэж мөрөөддөг. Таны хувьд?

-Манай ангийнхан үндэсний бөхөөр их барилддагсан. Ер нь хөдөөний хүүхдүүдийн гол сонирхдог спорт бөх шүү дээ. Бид сургуулийн нээлт, хүүхдийн баяр, сумын наадамд ангиараа очиж зодоглоно. Харин дунд сургуульд ороод гар бөмбөг, сагсаар хичээллэдэг болсон. Энэ төрлөөрөө зэрэгтэй. Гэхдээ голдуу бүс, орон нутгийн чанартай тэмцээнд л оролцож явлаа. Одоо бол хааяа нэг найз нөхөдтэйгөө зааланд тоглоно. Бас усанд сэлэх дуртай.

-Говийн хүн хаана усанд сэлж сурав аа?

-Бага хүүгээ усанд сэлж сургахын тулд өөрөө сэлдэг болчихсон. Бадрах гээд манай найз усан спортын мастер бий. Түүгээр заалгаж сурсан юм. Долоо хоногт гурван удаа "Дельфин" гэдэг бассейнд очдог.

-Таны үеийнхэн хүүхэд ахуйдаа ном их уншдаг байсан биз?

-Тэр талаар ярих юм байхгүй. Дөрөвдүгээр ангийн хичээл эхлэхэд бүтэн жилд үзэх ёстой бүх сурах бичгээ уншаад дуусгачихсан байж билээ. Ер нь номыг удаан уншдаггүй. Нэг барьсан бол дуусгаж байж л салдаг. Багадаа Л.Түдэвийн "Хорвоотой танилцсан түүх"-ийг мөн ч олон уншсан даа.

-Та програмист мэргэжилтэй байх аа?

-Даланзадгад хотын нэгдүгээр арван жилийн сургуулийг төгсөөд Новосибирскийн их Сургуулийн электрон тооцоолох машин гэсэн ангийг сонгож авсан юм Тэгээд Эрхүүд нэг жил хэлний бэлтгэлд суулаа. Би статистикийн газрын шугамаар явсан. Тэнд сурч байтал статистикийн газар оюутнуудаа төвлөрүүлнэ гээд Москвагийн эдийн засаг, статистикийн дээд сургууль руу шилжсэн. Тэнд эдийн засгийн мэдээллийг механик аргаар боловсруулах гэсэн чиглэлээр суралцсан. Ер нь бидний оюутан байсан үе их сонирхолтой.

-Одоо мэргэжлээсээ төсөөрөө биз?

-Тэр үеийн программистууд гол төлөв том том машин дээр ажилладаг байлаа. Хэрэглэж байгаа программууд нь хүртэл одоогийнхоос өөр шүү дээ. Тэр үед надтай хамт сурч байсан найз нар маань одоо ч мэргэжлээрээ ажиллаж л байгаа. Тэгэхээр нухаад суувал суурь нь байгаа хойно болох байх гэж боддог. Энэ чиглэлээрээ ном жаал уншина. Ер нь миний бодлоор программчлал Монголд өргөн утгаар хөгжих бололцоотой. Тухайлбал, Энэтхэгт их хөгжсөн. Цагийн зөрүүг ашиглаж программчлалын ажил хийж байна. АНУ-д орой болохоор Энэтхэг рүү хийж буй ажлаа шилжүүлээд тэнд өдөржин ажиллаж байгаад орой болохоор буцаагаад явуулчихдаг. Үүнийг манайд ч гэсэн нэвтрүүлж болно шүү дээ.

-Та түрүүн Орост байсан үеэ сонирхолтой гэлээ?

-ЗХУ-ын төрийн тэргүүнүүд ойр ойрхон нас барж. төрийн бодлогод нь өөрчлөлт орж, зах зээлийн нийгэмд шилжих эхний шатууд хийгдэх гэж байсан үе л дээ.

-Сургуулиа төгсөөд хаана очсон бэ?

-Сургуулиа төгсөөд 1986 онд Өмнөговь аймгийн захиргаанд ажилд хуваарилагдсан. Анх мэргэжилтнээр ажиллаж байлаа. Дараа нь ахлах мэргэжилтэн, Статистикийн товчооны дарга, Нийгэм эдийн засгийн хэлтсийн дарга, 1990 оны аравдугаар сараас аймгийн тэргүүн дэд дарга, Засаг даргын орлогчийн албыг хашсан.

-Гэр бүлийнхнээ танилцуулж болох уу?

-Манай гэр бүлийн хүнийг Эрдэнэцэцэг гэдэг. Бид нэг нутгийнх. Дөрвөн хүүхэдтэй, нэг зээтэй ийм л айл даа.

-Гэр бүлийнхээ хүнтэй яаж танилцаж байв. Захиа өгдөг байв уу?

-Бид хоёр наймдугаар ангиасаа үерхэж эхэлсэн. Анх захиа өгөөд л гуйж байлаа. Бидний үед бие биеэндээ нэлээн захиа өгдөг байсан байх шүү. Тэр үед бичиж байсан зарим захиагаа одоо хэр нь хадгалж л байгаа.

-Айл болж тусдаа гарч байсан үеэ дурсвал?

-1982 онд Өмнөговь аймгийн Баяндалай сумын захиргаанд гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэгээд эхэндээ хадмындаа амьдарч байгаад 1989 онд хадам ахынхаа байрны нэг өрөөнд тусдаа гарсан юм. Бид хоёрын хөрөнгө хогшил ч цомхон. Нарийн цагаан ор, телевизийн суурь, "Рекорд" гэдэг телевизтэй л байсан даа.

-Дуу хөгжим хэр сонирхдог вэ? Дуулдаг уу?

-Яахав, өөрийнхөө хэмжээнд дуулчихна. Ардын болон уртын дуу ганц нэгийг мэднэ. Найран дээр настайчуудыг дагаж дуулсаар байгаад уртын дуу сурчихсан юм.

-Таныг сайд болоход найз нар тань буу бэлэглэсэн гэж сонссон. Ан авд нэлээд хорхойтой гэсэн үг үү?

-1992 оноос анд хорхойтой хүмүүсийг дагаж салхинд гарч эхэлсэн. Гол төлөв чонын анд явж байсан даа. Манай Өмнөговь чинь тэмээ олонтой. Ингэ ботголох үеэр чоно ширүүсдэг. Тэр үеэр л боохойн авд явна. Хүмүүс ч захиалга өгнө.

-Олон буутай юу?

-Заримдаа нэлээн олон буутай болчихдог. Хааяа нэг ч үгүй болчихсон байдаг юм.Хамт ажиллаж байсан нөхөр маань саяхан нэг дорбинк бэлэглэсэн. Одоогоор хоёр буу бий.

-Хамгийн сүүлд хэзээ анд мордов?

-Сая тойргоороо явж байгаад Гурван тэс сумын нутагт гурван чоно "нухсан".

-Ер нь хэр аялах дуртай вэ?

-Аялах дуртай л даа. Гэхдээ зав болохгүй юм. Монголынхоо байгалийн үзэсгэлэнт болон дурсгалт газруудаар явах дуртай. Хамгийн хол аялсан нь Хөвсгөлийн Ренчинлхүмбэ сумын Гурван зуун голын нутаг. Баян-Өлгий, Ховдод очиж үзээгүй, баруун зүгийн нутгуудаар явж үзэх юмсан гэж боддог.

-Та хэр өрөвч хүн бэ?

-Ер нь өр нимгэн талдаа. Кино үзэж байгаад самсаа шархирах үе гарч байдаг даа.

-Зуун төгрөгтэй явснаас, зуун найзтай явсан нь дээр гэдэг?

-Хүнтэй элдэв болж, муудалцах дургүй. Тийм тохиолдолд аль болох биеэ барихыг хичээнэ. Миний дотроо баримталж явдаг нэг зарчим бий. Энэ нь хүн байгаагаараа л байх ёстой гэж.

-Өөрийгөө магтаж чадах уу?

-Би магтаалд дуртай биш. Гэхдээ бас магтахгүй болохоор яасан юм бол гэж бодоод байдаг юм. Аймгийн дэд дарга болоход хүмүүс Баярсайхан даргаа гэхээр доромжлоод ч байгаа юм шиг санагддаг байснаа дасчихсан. Дараа нь Баярсайхаан гэхэд нь энэ яагаад дарга гэхгүй байна гэж бодогддог байж билээ.

-Муулбал?

-Заримдаа өнөө маргаашдаа шийдчих юмыг дараа болъё, нухацтай үзье гээд хойш тавьдаг. Тийм болохоор шийдвэр гаргах тал дээр удаан байж магадгүй.

-Гэрийн ажилд хэр вэ?

-Гайгүй шүү. Гэрийн ажилд аль болох оролцохыг боддог. Цөөн тооны хоол хийж чадна. Мах чанаад шөлөнд нь будаа хийж болгох миний хамгийн сайн хийж чадах хоол. Харин будаатай цайг боломжийн чанана шүү. Өөрийн хийсэн хоол амттай байдаг биз дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.