О.Сайнбуян: Төр өөрийн давуу байдлаа харуулах хэрэгтэй
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга 4.1. Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.
“Эрдэнэс МГЛ” компаний ерөнхий захирал О.Сайнбуянтай "Coal Mongolia" олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын талаарх байр суурийг нь сонирхлоо.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг харахад нэг талаасаа төрийн оролцоо хэтэрхий нэмэгдсэн байдалтай харагдаж байгаа. Гэхдээ энэ нь хувийн хэвшил харьцангуй сул байгаа өнөөгийн байдалд зөв гэж бодож байна. Төр өөрийн давуу талаа харуулахгүй бол болохгүй.
Гэхдээ тодорхой хугацаагаар л давуу байдлаа харуулах хэрэгтэй байх. Яг өнөөдрийн байдлаар монголын баялаг, монголын ард түмний, төрийн мэдэлд байх хэрэгтэй байна.
Тэгэхгүй бол уул уурхайн стратеги дээр төр хяналтаа алдах аюултай болчих гээд байгаа юм шүү дээ. Энэ байдлаас сэрэмжлэх үүднээс ийм хуулийн шинэчлэл яригдаж байгаа гэж ойлгож байна.
Өнөөдрийн байдлаар Засгийн газрын хэрэгжүүлэх тогтоол гараад яг хэрэгжүүлж байгаа нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн 100 хувь, “Эрдэнэс Оюутолгой” компанийн 34 хувийн хувьцааг нь “Эрдэнэс МГЛ” компани эзэмшиж байгаа. Өөр компанийн хувьцаа бол орж ирээгүй байна. Удахгүй “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, Багануурын 75 хувь, Шивээ-Овоогийн 90 хувь гээд орж ирэх ёстой. УИХ-аас “Стратегийн 15 ордын төрийн мэдлийн хувь хэмжээг “Эрдэнэс МГЛ” дээр төвлөрүүлнэ” гээд тогтоол гарсан.