О.Сайнбуян: 2025 онд төрийн эзэмшлийн хувь хэмжээ багасна
“Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал О.Сайнбуянтай ярилцлаа.
-Том төрөөс ухаалаг төр лүү шилжих санаачлагыг хоосон уриа болгохгүйн талд төрийн өмчит юу хийж байгаа вэ. Ялангуяа монголын эдийн засагт чухал нөлөөтэй уул уурхайн компаний хувьд хэрхэн ажиллах вэ?
Монголын эдийн засагт уул уурхай хэрхэн нөлөөлж байгааг бид бүхэн харж байна. Үнэхээр ДНБ-ий 70 хувь, гадаад экспортын 90 хувь, гадаад валютын урсгалын 80-90 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Ийм нөлөөтэй салбарын компаниудын ихэнхи нь төрийн эзэмшилд байгаа нь төрийн оролцоо өндөр түвшинтэйг илтгэнэ.
Тиймээс төрийн өмчит компаниуд цаашдаа шинэ бодлого, зохион байгуулалт, менежментийг нэвтрүүлэх нь зайлшгүй тулгарна.
-“Эрдэнэс МГЛ” ХХК-ийн зүгээс энэ асуудалд хэрхэн хандаж байгааг асууж болох уу?
Монгол Улсын ашигт малтмалын томоохон ордуудаас олборлож буй уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортлох зорилгоор Эрдэнэс МГЛ ХХК "Мон-Зэс", "Мон-Төмөр", "Мон-Нүүрс" төслүүдийг тодорхой үе шаттай хэргэжүүлэхээр урьдчилсан ТЭЗҮ болон холбогдох тооцоо судалгааг хийж гүйцэтгэн ажилладаг
Манай компани төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшихээс гадна тухайн ордуудыг эзэмшиж буй компаниудыг дэмжиж, дэд бүтцийг хөгжүүлэх мөн боловсруулах дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Тиймээс бидний цаашдын ажиллагаа ч гэсэн маш өндөр түвшинд очих ёстой. Гэхдээ бэрхшээлтэй янз бүрийн асуудлууд байна.
Тухайлбал дотоод зах зээл хязгаарлагдмал, гадаад үйлдвэрлэлээ хөгжүүлсэн хоёр том хөршийн дунд байгаагийн хувьд уул уурхайн хөгжлийн гол тулгуураа сайн харах ёстой.
Өөрөөр хэлбэл экспортод гаргах гол бүтээгдэхүүн нь угаасаа уул уурхайн салбарын бүтээгдэхүүн байгаа болохоор бүх гол үйлдвэрлэгч компаниудыг нэгтгэж ажиллах нь зүйтэй юм.
-Төрийн өмчит компаниудын хөгжил, компанийн засаглалыг сайжруулж үр ашигтай ажиллуулах талаар ямар бодолтой байна вэ. 2025 он гэхэд ямар түвшинд хөгжсөн байх вэ?
Монголын уурхайн төрийн өмчит компаниудын хувь хэмжээ дандаа 51 хувиас дээш хувьтай байгаа. Эдгээрийг нэгтгээд “Эрдэнэс монгол” гэсэн корпораци байгуулахаар болсон. Корпораци байгуулагдсанаар цаашдын хөгжлийн стратегийг гаргана.
Бид гадаад орны ижил төстэй төрийн эзэмшилтэй томоохон
Стратегийн ордуудын байршил
корпорациудын засаглал, бүтэц зохион байгуулалт, эзэмшиж буй хувь хэмжээг судалсан. Тэд төрөөс хараат бус нээлттэй, ил тод байх зарчмыг баримталдаг. Бидний хувьд ч гэсэн 2025 он гэхэд уул уурхайн ордуудыг эзэмшиж буй 51 хувиа багасгаж, удирдлага менежмент нь төрөөс хамааралтай бус, мэргэжлийн баг удирддаг байхаар төсөөлж байна.
Хувийн хэвшлийнхэн ч удирддаг. Ийм хэлбэртэй компанитай болно гэсэн төсөөлөлтэй байгаа. Эрдэнэс МГЛийн хувьд ч гэсэн заавал 25 оных хүлээхгүй, хөгжлийн чиг хандлагаа олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болно гэсэн төсөөлөлтэй байгаа.