Д.Ганхуяг: Алсын хараатай Монголчууд гэсэн уриаг дэвшүүлмээр байна
Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2014.01.17

Д.Ганхуяг: Алсын хараатай Монголчууд гэсэн уриаг дэвшүүлмээр байна

Уул уурхайн сайд Д.Ганхуягтай “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийн үеэр тодорхой асуудлаар ярилцаж, салбарын сайдынх нь хувьд байр суурийг нь сонсов.

-Эрх зүйн орчны хувьсгалыг уул уурхайн салбарт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Салбарын яамны зүгээс энэ байдалд ямар дүгнэлт өгч байгаа вэ?

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого маань УИХ дээр эцсийн хэлэлцүүлэгт орчихсон. Салбарын хүрээнд хууль эрх  зүйн орчин сайжирч байгаа. Жишээлбэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль батлагдсан. Ашигт малтмалын тухай хуулинд хамгийн түрүүнд алт олборлолтын ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор өөрчлөлтийг оруулж, одоо анхны хэлэлцүүлэгт явж байгаа.

Түүнчлэн Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар орж, анхны хэлэлцүүлэгт орсон. Газрын хэвлийн тухай хууль болон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна. Энэ мэтчилэн уул уурхайн салбарт эрх зүйн орчны хувьсгалыг хийж эхлэсэн. Хамгийн гол нь монголчууд бид нэгдсэн ойлголтод хүрэх ёстой.  

-Одоогийн байдлаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, шилжүүлэхийг хориглосон байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Эрэл хайгуул хийх эрх зүйн орчныг ойлгомжтой болгох үүднээс Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулж монгол улсын нутаг дэвсгэрийн уртраг, өргөрөгөөр хайгуул хийх орчныг бүрдүүлнэ.

Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 гаруй илрэл байгаа геологичид илрүүлсэн.

Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 оны хооронд монгол улс нийт нутаг дэвсгэрийнхээ 40 хувьд нь тавин мянганы зураглалыг хийх зорилго тавьсан.

Энэ хүрээнд геологийн салбарт анхаарал хандуулж, геологийн албыг бий болгоно. Илүү эрчимжүүлэх үүднээс геологийн судалгаанд улсын төсвөөс зарцуулж ирсэн хөрөнгийг энэ онд 30 орчим хувиар нэмэгдүүлж, 10 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Геологийн хайгуул хийхэд өндөр эрсдэлтэй, илүү зардал гардаг.

-Өнгөрсөн жилүүдийн чуулга уулзалтыг бодвол уур амьсгал нэлээн таатай бөгөөд уул уурхайн салбарт оролцогч талууд бие биенээ ойлгож, хүлээцтэй хандаж байх шиг санагдлаа. Салбарын хөгжлийн хүрээнд ямар хөтөлбөрүүд хэрэгжих талаарх мэдээллийг өгөөч?

Монголчууд бид харилцан ойлголцож, хүлээцтэй байж нэгдсэн ойлголтод хүрч, хариуцлагатай, тогтвортой хөгжилд хүрнэ шүү дээ. Салбарын хүрээнд засгийн газар дээр нүүрс, зэс, төмөр, цайр буюу холимог металл зэрэг дэд хөтөлбөрүүдийг гаргахаар мэргэжлийн холбоод, хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байна.

Асгатын ордод 227.436 тонн зэс хадгалагдаж байна

Хөтөлбөрийн хүрээнд Оюутолгой, Тавантолгой, Асгат, Цагаансуварга, газрын тос боловсруулах гээд олон төслүүд хэрэгжинэ. Гэхдээ монголын эрдэс баялгийн стратегийн хамгийн гол зорилт бол хариуцлагатай уул уурхай, зохистой олборлолтын загварыг явдал юм. Энэ ч үүднээс эдийн засгийн оновчтой менежментийг гаргахаар донор орны байгууллагуудтай хамтарж ажиллаж байна. Эцсийн үр дүн нь эдийн засаг тогтвортой өсч, иргэдийн амьжиргаа, амьдралын чанар дээшилсэн байх ёстой.

-Хариуцлагатай уул уурхайн талаар манайхан нэлээдгүй ярьж эхэлсэн ч сүүлийн үед чимээгүй болсон.

Хариуцлагатай уул уурхай дээр хоёрхон зүйлийг томьёолж байгаа. Төрийн зүгээс уул уурхайн салбарыг бүх боломжит байдлаар дэмжиж ажиллах нь ойлгомжтой. Түүнчлэн боловсруулах, олборлох үйл ажиллагааны шатанд байгаль орчин болон хүний эрхийн чандлан сахих шаардлагатай юм. Энэ ч үүднээс аливаа шийдвэрийг шинжлэх ухааны аргад суурилсан, шинжлэх ухааны аргаар шийдвэрлэнэ.  

Аливаа шийдвэрийг шинжлэх ухааны аргаар шийдвэрлэнэ

Нөгөө талаас компаниудад харуицлагыг төлөвшүүлэхийн тулд санхүүгийн тайлагнал татвар төлөлт мэдээллийн ил тод байдлыг хэвшүүлэх шаардлагатай.

-Австрали, Канад зэрэг орны туршлагыг салбарын мэргэжилтнүүд их сайн судалсан. Тогтвортой хөгжлийг уул уурхайд хэрхэн бий болгох ёстой вэ?

Австрали, Канад зэрэг орнууд урт хугацааны уриаг олон нийтээрээ дэвшүүлж, түүнийгээ мөрдлөгө болгож ажилласан байдаг. Миний зүгээс өөрийнхөө саналыг хэлэхэд алсын хараатай Монголчууд гэсэн уриаг дэвшүүлмээр байна.

Эдийн засгийн гол салбарынхаа үр ашгийг дээшлүүлэхийн тулд тээвэр ложистикийг сайжруулах, санхүүжилтийн боломжийг өсгөх, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг олон улсын жишигт хүргэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, газрын хэвлий дэх эрдсийн баялгийн нөөцийг мэдүүлэх зорилгоор ирээдүйн хөрөнгө оруулалтыг татахын тулд ажиллана.

Ярилцсанд баярлалаа.