Ажил олгогч, сургууль хамтран ажиллах хэрэгтэй
Макс группын захиргаа хүний нөөцийн албаны дарга Д.Нямлхаажав:
- Танай байгууллагын дундаж цалин хэд байгаа бэ?
Манайх худалдаа, үйлчилгээ, барилга уул уурхай, хөдөө аж ахуй газар тариалан зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж 4100 орчим хүнийг ажлын байраар хангадаг. Цалингийн хувьд салбар, нөхцөл, түвшнээсээ хамаараад өөр өөр. Дундаж цалин 500-800 мянган төгрөг. Худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж буй хүмүүс хөдөлгөөн ихтэй учир их солигддог. Ажил голох, өөрийнхөө үнэлэмжээ хэт өндөр тавих зэрэг нь хүндрэлтэй.
Их, дээд сургууль, МСҮГ-өөс ажил олгогчид ямар мэргэжилтэн түлхүү хэрэгтэй байгаа саналыг авна гэж ярьж байгаа нь зүйтэй.
МАКС зөвхөн цалингааараа биш, хамт олон, ажил хийх тухтай орчин, тусгай албан тушаалаар өөрийгөө хөгжүүлэх гээд бусад хэрэгцээг хангадаг. Манай хүний нөөцийн бодлого зөвхөн цалинд тулгууралсан бус хүний ажлын гүйцэтгэлийг бодитой үнэлэхээс эхлүүлээд олон талын бодлого барьж ажиллаж байгаа. Худалдаа үйлчилгээнй салбарт хөдөлгөөн их байдаг нь гадаад дотоод их олон хүчин зүйлээс шалтгаалдаг гэдгийг бид судласан.
- Ажилд орохоор ирж байгаа залуус шаардлага хангаж чадаж байна уу?
Ихэнхдээ худалдаа үйлчилгээний салбарт ажлын байр их гардаг. Харин дунд шатны болон түүнээс дээш ажилд бол их тогтвортой байгаа. Ажилд орохоор ирж байгаа залуусын дунд нийтлэг ажил голох сэтгэлгээ ажиглагддаг. Өөрийгөө хэт өндөр үнэлэх амар хялбар ажил хийх сонирхол ихтэй. Өндөр цалин шаарддаг хэрнээ ур чадварын хувьд дутмаг асуудал байна.
- Үүнийг өөрчлөх ямар санал байна?
Өнөөдрийн хэлэлцүүлэг яг бодит амьдрал дээр үндэслэн асуудлыг гаргаж ирж байна. Их, дээд сургууль, МСҮГ-өөс ажил олгогчид ямар мэргэжилтэн түлхүү хэрэгтэй байгаа саналыг авна гэж ярьж байгаа нь зүйтэй. Түүнчлэн ажлын байрны дадлагыг ажил олгогч, сургууль хоёр хамтарч хийх нь зүйтэй юм.