Г.Уянга: Редакцийн дарамтыг эсэргүүцэж тэмцэх ёстой
Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө манай улс дэлхийн бусад улс орнуудаас 97 дугаар байрт жагсч, хоёр байраар урагшилсан. Гэхдээ өнөөдөр төрийн мэдээлэл иргэдэд ч нээлттэй гэх атал, цензур байсаар байгаа юм. УИХ-д сэтгүүлч мэргэжилтэй гурван гишүүн байгаа. Түүний нэг болох УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.
-Манай улс хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийд дундаас хавьгүй дээгүүр жагсаж байна. Та үүнд ямар бодолтой явна вэ?
-Монгол Улс дэлхийд хэдэд орох нь дүүрч. Гагцхүү байгаа нөхцөл байдлаа өөрсдөө бодитоор үнэлэх хэрэгтэй байна. 23 жилийн өмнө ардчилсан нийгэмд шилжсэн. Энэ бүх ололт амжилт, алдаа оноо юу байгааг нийгэм бүхлээрээ дүгнэх цаг ирсэн гэж бодож байна. Тэр дундаа сэтгүүлзүйн салбарт ямар алдаа оноо байв гэдгийг ярих, дүгнэх ёстой. 23 жилийн өмнө одоогийнхоос өөр систем байсан. Нэг намын дарангуйлал дор байсан. Энэ үед төрийн хяналтан дор бүх хэвлэлийн үйл ажиллагаа явагддаг байлаа. Нэг намын гэхээс илүү төрийн үзэл суртлыг хэрэгжүүлдэг байсан гэж бодож байна. Тэгвэл өнөөдөр бүх юм яаж өөрчлөгдөж байна. Тэр дарангуйллаас гараад эрх чөлөө олж авч чадсан уу гэвэл би үгүй гэж хэлмээр байна. Төрийн үзэл суртлын хэмжээн дотор эрх чөлөө эдэлдэг байсан бол энэ эрх чөлөө улам хумигдсан.
Бидний хөдөлж байгаа хүрээ өөрөө улам илүү бохир, мөнгөнд дулдуйддаг болсон. Мөнгөнд дулдуйдсан бохир сэтгүүлзүйд өнөөдөр амьдарч байгааг бид шударгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Бид нэг намын савраас гарсан бол өнөөдөр мөнгөтэй, эрх мэдэлтний гарт бүхнээ алдаж байна. Энэ дунд жирийн сэтгүүлчийн эрх чөлөө байгааг бүх хүн бодож үзээсэй гэж бодож байна. Өнөөдөр манай жирийн сэтгүүлчийн дунд эрх чөлөө байхгүй. Эрх чөлөөний хумигдал нь сэтгүүлчдийг ахуй амьдралаа дээшлүүлэх, ёс суртахуунаа сахих, нийгмийг дагуулагч, чиглүүлэгчийн давхрага хүчин байх бололцоог хааж байна. Тиймээс бидэнд илүү эрх чөлөө хэрэгтэй, мөнгөний савраас гарах эрх чөлөөний төлөөх тэмцэл сэтгүүлчдэд хэрэгтэй байна уу гэж харж байна.
Монголд 1000 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Хэвлэлийн байгууллага олон болсноор эрх чөлөөтэй болсон уу гэвэл бас үгүй юм байна. 13 жилийн өмнө өдөр тутмын нэг сонинтой, нэг радио, нэг телевизтэй байхад нийгэмд үзүүлэх нөлөө асар өндөр байсан. Гарсан нэг нийтлэл, мэдээ нийгмийг доргиож чаддаг, хариуцлага тооцож чаддаг хариуцлагатай байсан. Үүнтэй зэрэгцээд сэтгүүлчийн хариуцлага өндөр түвшинд байсан. Нэг цэг, таслал алдсаны төлөө цалин хасуулдаг, тушаал буурдаг. Утга, санаа алдсаны төлөө мэргэжлийн хувьд эрсдэл хүлээдэг ийм хариуцлагатай үе байсан.
Гэтэл өнөөдөр ийм нөлөө байхгүй, сэтгүүлчдийн нэр хүнд дор, авъяас чадвар байхгүй. Сэтгүүлзүй өөрөө нийгмийн чиглүүлэгч хүчин байхаа аль хэдийнэ болиод бүгд зугаацуулах, хөнгөн үүрэг гүйцэтгэдэг болсон. Бид олсон ололт, баяр гэж тэмдэглэхээс илүү алдсан алдаагаа ярьж, шийдэл олдог өдөр байх ёстой гэж бодож байна. Дандаа гэрэл гэгээгүй юм ярьсан байж магадгүй. Ололттой тал олон байгаа. Мэдээлэл авах өргөн бололцоо байгаа нь энэ тал нь өөрөө ямар ч нөлөөгүй байгаа нь сөрөг тал болж байна.
Эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй. Жирийн сэтгүүлчдээс хууль тогтоох байгууллагад ажилладаг хүн олон байгаа. Хэвлэлийн эрх чөлөөний суурь хуулийг батлах, радио өргөн нэвтрүүлгийн тухай хууль, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулийг батлах хэрэгтэй байгаа.
-Намрын чуулган дээр хэвлэлийн эрх чөлөөний хоёр ч хууль өргөн баригдаад хууль санаачлагч нь эргүүлэн татсан. Үүнд таны бодол ямар байна вэ?
-Тийм болгоомжлол байгаа. Манай өнөөдрийн сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн ур чадвартай харьцуулаад УИХ-д болгоомжлол асар их байгаа. Яг энэ зүй зохисоор батлагдахад дийлэнх нөлөө бүхий хэвлэлийн эзэд өөрөө УИХ-д байгаа учраас нөлөөлөл их байна. Энэ нөлөөллөөс яаж ялгах нь толгой өвдсөн асуудал. Хууль санаачлагч энэ хуулийг шууд татсан нь эздийн нөлөө орсон гэдгийг би шууд хэлэхийг хүсэж байна. Сэтгүүлчид өөрсдөө шахалт үзүүлэх ёстой.
-Хэвлэлийн эрх чөлөө гээд ярихаар санхүүгийн хараат байдал, нөгөө талаас хэвлэлд мөнгө өгсөн, авсан хоёр тал өөрсдөө хэвлэлийн эрх чөлөөнөөс татгалзаж байна гэх үзэлтэй олон хүн байдаг. Энэ байдлаас гарахын тулд хэвлэлийн байгууллагууд ямар алхам хийх ёстой вэ
-Бид хууль эрхзүйн асуудлыг боловсронгуй болгох ёстой. Одоогийн хуулиар бид хөрөнгө оруулалтыг өөрчлөх ётсой. Хөрөнгө оруулалтаа хэвлэлийн байгууллага байнга зарлаж байх үүргийг хүлээх ёстой. Хуулиар үүнийг зарладаг болоод, эзэд нь тодорхой болбол тэр хэвлэл мэдээллийг хэрэгслийг харах өнцөг тодорхой болно. Ер нь улс төр сэтгүүлзүйгээс салах, сэтгүүлзүйг мөнгөний нөлөөллөөс салгах хүчин зүйл бол сэтгүүлзүйг зах зээлийн эрүүл орчноор хөгжүүлэх боломжийг бий болгох ёстой. Жишээ нь 2.8 сая хүнтэй зах зээлд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл амьдрах бололцоотой юм бэ. Үүнийг бид зохицуулах ёстой. Энэ бололцоог хуулиар нээж өгөх зайлшгүй шаардлагатай.
-Таныг сэтгүүлч байхад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд одоо тохиолдож байгаа бэрхшээлүүд байсан байх?
-Намайг сэтгүүлч байхад хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөн байсан. Дөрөвхөн телевизтэй байхад би нэгэнд нь ажилладаг байлаа. Дөрвөн телевизтэй байхад ур чадвараараа өрсөлдөх боломж өндөр байсан. Жишээ нь, Ийгл телевиз Улаанбаатар хотын хэмжээнд эфир цацдаг жижиг телевиз ч гэсэн нийслэлд хамгийн нөлөө бүхий телевиз байж чаддаг байсан. Сэтгүүлчид нь бусад хэрэгсэлтэй мэргэжлийн ур чадвараар уралдах бололцоо, эрх чөлөөг телевизийн удирдлагууд олгодог байсан. Телевиз дотроо ур чадвараар өрсөлдөх бололцоо байсан. Би гэхэд жирийн сэтгүүлч, хамгийн бага цалинтай.
Цалин хоол, унаандаа таардаг байсан. Би ийм цалингаар олон жил ажилласан. Гэхдээ миний мэргэжилдээ хандах хандлага цалин голдоггүй байсан. Хамгийн гол нь надад телевизэд ажиллаж, өөрийгөө нээх бололцоо олдсон. Би үүнийг л бүрэн дүүрэн ашиглах ёстой гэж ажилладаг байсан. Цалин надад үнэндээ огт сонин биш байсан. Би өдөржин шөнөжин сурахад зориулдаг. Би яаж ахиж дэвжих вэ, яаж парламентийн сурвалжлагч болох вэ, ингэхийн тулд юу мэдсэн байх ёстой вэ гэж байнга өөрийгөө хөгжүүлдэг, идэвхитэй байдаг байсан. Одоо залуу сэтгүүлдчийн хандлага өөр болсон юм шиг байна.
Би ганцхан мэдээ хийдэггүй, олон ярилцлага хөтөлдөг байсан. Ийм болсон үедээ цалин нэмүүлэх анхны хүсэлтээ даргадаа 3 жилийн дараа тавьж байлаа. Гэх мэт миний ажилдаа ханддаг хандлага өөр байсан. Би тэр үед ажлын ачааллыг ачаалал гэж тоодоггүй байв. Би мөн л 3-5 мэдээ бэлтгэх нормтой ажилладаг байсан. Мэдээж энэ сайн нөхцөл биш. Хүн болгон нэг камертай биш байсан. Ийм хүнд нөхцөл бүгдэд нь байсан. Гэхдээ үүнийг давж, бусдаас илүү юм хийх ёстой гэсэн өрсөлдөөн дунд амьдарч байсан. Одоо өрсөлдөөн их болсон, чиг хандлага өөр, цалин мөнгөний асуудлыг чухалчилж байна. Энэ бол сэтгүүлчдийн өөрсдийн асуудал юм.
Гол нь сэтгүүлчид өөрсдийнхөө төлөө тэмцэх ёстой. Редакцийн дарамтыг эсэргүүцэж тэмцэх ёстой.
-Сэтгүүлчид үйлдвэрчний эвлэл байгуулах санааг та хэр дэмжиж байна вэ?
-Үйлдвэрчний эвлэл байгуулна гэвэл сэтгүүлчид өөрсдөө л байгуулах ёстой. Гарцаагүй өөрийн эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэх ёстой. Хуулиар бололцоо байгаа. Үнэхээр дарамтан дунд байгаа бол өөрсдөө хүлээн зөвшөөрч асуудалд хандах хэрэгтэй болов уу.