Одоогоор ус, хөрсөнд уран илэрсэн тохиолдол гараагүй
Time.mn-ийн таван асуултад Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын хариуллаа.
1.Монголд ураны олборлолт эхлүүлж, атомын цахилгаан станц байгуулах нь гэх хардлага одоог хүртэл байсаар байна. Үүнд цэг тавих хариултыг өгөхгүй юү?
- Ерөнхий сайд энэ асуудлыг ярих шаардлагагүй гээд хэлчихсэн шүү дээ. Тэгэхээр ямар ч яриа байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ийм зүйл огт тусгагдаагүй.
2. Мардайн уурхайн орчмоос хорт цацраг илэрсэн талаар мэдээлэл гарсан ч шалгалтаар хэвийн хэмжээнд байгааг тогтоосон. Гэвч хорт цацрагийн нөлөөлөл байгааг нутгийн иргэд ярьсаар байгаад та ямар тайлбар хийх вэ?
-Цацрагийн хяналтыг бид орон даяар байнга хийж байна. Мардайн уурхайн орчим хорт цацраг илэрсэн байж болзошгүй гэх иргэдийн мэдээллийн мөрөөр ажлын хэсэг томилогдож ажилласан.
Тухайн газарт цацраг идэвхит бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй гэсэн байцаагчийн дүгнэлт гарсан. Тодруулбал, тэнд хэмжилтийн дүн 0.04-0.17 мкзеврт байсан. Өмнө нь Оросууд ажиллаж байхдаа ураны хүдрийн дээжийг уурхайн орчимд үлдээгээд явсан байдаг.
Уран
Тэр овоолгын орчимд тулгаж болон 2-10 м-ийн зайд хэмжилт хийсэн. Тулгаж хийсэн хэмжилтийн дүн 0.5-4 дахин их байв. 2, 10 метр зайд уг хэмжээ багассан үзүүлэлттэй гарсан. Гэхдээ иргэд хардах эрхтэй шүү дээ.
3. Улаанбаатарын ус, хөрсөнд уран илэрлээ гэх мэдээлэл сүүлийн хэдэн жилийн турш гарч байна. Энэ мэдээлэл бодитой юу?
-Хаанаас ийм мэдээлэл авсныг би мэдэхгүй байна. Цөмийн энергийн газар мэргэжлийн хяналт тавих боломжтой. Одоогоор ус, хөрсөнд уран илэрсэн тохиолдол гараагүй.
4. Японоос оруулж ирсэн машинаас цацраг идэвхит бодис илэрсэн тохиолдол бий. Монголд орж ирж буй япон машинуудад хэр анхаарал хандуулж байгаа вэ?
-Анхаарч байна. Хилийн боомтуудад хамгийн сүүлийн үеийн хяналтын тоног төхөөрөмжтэй мэргэжлийн байцаагч нар ажиллаж байгаа.
5. Цөмийн энергийн газар хорт цацраг идэвхит бодисуудын хор хөнөөлийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх үүргээ хэр биелүүлж байна?
- Биелүүлж байгаа. Гэхдээ хангалттай хэмжээнд гэж хэлж чадахгүй. Цаашид шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөж байна.