Химийн хорт бодисуудыг иргэд ихээр хэрэглэж байгаа тул түүнийг нь зогсоохоор болжээ.
2013.06.12

Химийн бодис ашиглалтыг бууруулна

Химийн хорт бодисуудыг иргэд ихээр хэрэглэж байгаа тул түүнийг нь зогсоохоор болжээ. БОНХЯ удахгүй биенесийн нөхцөлд ашиглаж болохгүй химийн бодисуудын жагсаалтыг гаргах юм. Мөн зайлшгүй нөхцлөөр хилээр оруулж ирэх компанийг сонгон шалгаруулж байна.

Манай улсад химийн хорт бодисын ашиглалт, хамгаалалтын байдал гурван жилийн өмнө явуулсан улсын үзлэгийн дүнгээс харахад 8000 нэр төрлийн 10 мянга орчим тонн химийн бодис уул уурхай болон бусад салбарын хэрэгцээнд импортлогджээ.

УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан: “Уул уурхайн салбарт цианит натри, мөнгөн ус гэх мэт химийн хортой бодис ашиглаж байгаа. Мэдээж арьс ширний үйлдвэрүүд олон төрлийн исэлдүүлэгч химийн хортой бодис ашигладаг. Мөн боловсруулах үйлдвэрүүд байна. Жишээлбэл, мах комбинатад гэхэд л хлор гэх мэт.

8000 нэр төрлийн 10 мянга орчим тонн химийн бодис уул уурхай болон бусад салбарын хэрэгцээнд импортлогджээ.

Эдгээр бодисуудын хадгалалт, ашиглалтыг шалгах ажлын хэсгийг манай БОХХАА-н байнгын хорооноос гаргасан. Багахангайд химийн хортой бодис хадгалж байна гэсэн мэдээлэл гарсан. Ундны ус, иргэдэд ийм ойр газар химийн хортой бодис хадгалж болохгүй гэсэн чухал ач холбогдолтой үүрэг даалгаврыг өгсөн байна лээ” гэв.

БОНХ-ийн сайд импортлох, экспортлох, ашиглах, тэсэрч дэлбэрэхээс бусад химийн бодис үйлдвэрлэх, худалдах зөвшөөрлийг олгодог ч одоогоор 134 аж ахуйн нэгж, иргэнд зөвшөөрөл олгож 420 нэр төрлийн бодис хилээр нэвтэрч байна.

Үүнийг гарын арван хуруунд багтахаар цөөн болгож компаниудын тоог бууруулж, химийн бодисын тоог ч гэсэн цэгцэнд оруулахаар шийджээ.