М.Дэлгэрмаа: Дотооддоо үйлдвэрлэх сэлбэгийг дотоодоосоо л “ав” гэдэг бодлогыг төр барих ёстой
Улс төрчид манай улс хадаасаа ч үйлдвэрлэдэггүй хэмээн шүүмжилдэг. Металлурги, метал боловсруулалт, машин үйлвэрлэлийн салбараа хөгжүүлээгүй улс эдийн засгаа баттай хөгжүүлж чаддаггүй. Төмрийн хүдэр олборлогч, боловсруулах боломжтой үйлдвэрүүд байхад энэ нөөцөө яагаад ашиглаж чадахгүй байгаа нь хачирхалтай. Манай улсад бүтээн байгуулалт ид өрнөж, төмөр бүтээгдэхүүний импортоор их хэмжээгээр авч байна.
Металл хийцийг гэхэд 12 хувийг л дотооддоо үйлдвэрлэж, 88 хувийг нь гаднаас авдаг. Уул уурхайн сэлбэг хэрэгсэл 3 хувийг дотооддоо, бусад нь бүгд импортоор орж ирж байгаа.
ШУТИС, Механик инженерийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн багийн тэргүүлэх профессор, доктор, дэд профессор М.Дэлгэрмаатай импортын сэлбэг, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг багасгаж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, зах зээлээ бүрэн хангах боломжтой эсэх талаар ярилцлаа.
-Импортоор оруулж ирж байгаа сэлбэг хэрэгслийн талаар судалгааг нь танилцуулахгүй юу?
2011 оны байдлаар гадаад худалдааны тэнцэл 12-р сард 1,7 тэрбум ам.долларын алдагдалтай байсан. Алдагдалтай гэдэг нь түүхий эдийн үнэ зах зээл дээр унаад, импорт багассан юм. Харин 2012 оны байдлаар гадаад худалдааны тэнцэл, импортын бүтээгдэхүүн, экспортын бүтээгдэхүүн хоёр ерөнхийдөө тэнцүү байдалтай болсон.
Манай улсын экспортод ерөөсөө түүхий эдийн экспорт нүүрс, төмрийн хүдэр дийлэнх хувийг нь эзэлж байгаа. Дөнгөж 0,3 хувийг нь эцсийн бүтээгдэхүүний экспорт эзэлсэн. Үүний бага хэсгийг нь метал бүтээгдэхүүний экспорт эзэлнэ. Гэхдээ энэ нь сайндаа ч биш, Японы хөрөнгө оруулалттай Санко Сэки, Моншибасаки 2 компаний японоос түүхий эдээ авчирж, манайд робот, машины эд анги угсраад эргээд Япон руугаа гаргадаг хэмжээ нөлөөлсөн.
- Манай улсад үйлдвэрлэсэн сэлбэг, эд анги нэг ч байхгүй гэж үү?
Метал эцсийн бүтээгдэхүүн бага хэмжээгээр дотооддоо үйлдвэрлэж зарим багахан хэмжээгээ хангаж байгаа. Гэхдээ судалгагаар 93.64%-ийг импортоор авч байна. Сүүлийн таван жилийн хугацаанд бид гаалийн импортын бүтээгдэхүүнийг судалж үзсэн. Энэ хугацаанд нийт 17350,7 сая ам.доллар төгрөгийн импортоор бүтээгдэхүүн авснаас авто, механик тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, агаар, төмөр зам, усан замын тээврийн хэрэгслүүд нийтдээ 7356,7 сая ам.доллар болж байсан. Нийт импортын 44,1 хувийг эзэлж байсан.
Үүнийг дахин нарийвчилж үзэхэд үндсэн төмөрлөгөөр хийсэн бүтээгдэхүүн 1318 сая ам.доллар, тоног төхөөрөмж, эд анги сэлбэг, уул уурхай замын машин, тоног төхөөрөмж сэлбэгүүдийг авч үзэхэд 3559,5 сая ам.доллар.
Төмөр зам тавьж байгаа нь
Авто, агаар, төмөр, усан замын тээврийн сэлбэг хэрэгслийн импортын хэрэгслийг авч үзэхээр 2779,2 сая ам.доллар. Эндээс сүүлийн таван жилд импортын бүтээгдэхүүн хэд дахин өсч байсан. 2009 оны тухайд эдийн засгий хямрал болсон учир 2970 сая ам.доллар болж буурсан, гэхдээ 2010 онд 3200 сая ам доллар болж өссөн. 2013 онд 6598,4 сая ам.доллар байна. Жил ирэх тусам машин техник төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийн импорт хурдацтай өсч байна. Бидний хэрэгцээ ч нэмэгдсээр.
-Төмөр, нүүрс, зэсийн том ордууд эдийн засгийн эргэлтэд ороод явж байгаа. Олборлоод л гаргаад байх биш, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж импортын сэлбэг хэрэгслийг ядаж дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй юу?
Том уурхайг дагаад маш их тоног төхөөрөмжүүд орж ирж байна. Гэтэл тэр төхөөрөмжүүд удалгүй элэгдэлд орж эвдэрдэг. Нэг хоёр жил ажиллаад л эвдэрч байгаа. Үүнтэй холбоотойгоор эргээд сэлбэг хэрэгслийн импорт өсч байна.Энэ их хэрэгцээ шаардлага нь нөгөөтэйгүүр металлурги, метал боловсруулалтын үйлдвэрлэлийг хөгжих бүрэн боломжтойг харуулж байгаа юм. Тухайлбал “Алтай хүдэр” ХХК-ийн нэг экскаваторын шүдийг арав хоног тутамд сольдог. Нэг экскаватор таван шүдтэй. Нэг шүдийг 2000 доллараар худалдаж авдаг. 10 хоног тутам 2000 доллар. Гэтэл хамгийн наад зах нь энэ шүдийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн зах зээл боломж бидэнд байгаа.
Шүд үйлдвэрлэх технологийг аль 1800 оны үед судлаад, хийчихсэн. Гальдфилдийн ган байдаг.
-Өнөөдөр үүнийг үйлдвэрлэх ямар боломж байна вэ. Зах зээл дээр өрсөлдөхүйц байж чадна гэж үү?
Одоо манай үйлдвэрүүд хайлалт явуулаад арматур үйлдвэрлэж байгаа. Ганцхан энэ шүдийг бариад хийхэд хангалттай зах зээл байна. Ихэнхи үйлдвэрүүд индукцийн зуухтай байгаа, үүгээр дамжуулаад зөвхөн шүд үйлдвэрлээд, зөвхөн чанарыг нь сайн тааруулж чадвал болно. Чанар гэхээр бид түүнд орох орц норм, хайлах технологи гэдэг зүйлийг л зөв зохицуулах хэрэгтэй гэсэн үг. Наад зах нь түүнд тааруулсан доторлогоо зөв хийх. Гэхдээ энэ шүдийг хийгээгүй биш хийж байсан. Эрдэнэтийн “Металл индустрал” өөрөө ирлэгддэг шүдийг хийж байсан. Захирал нь ч үүгээр докторын зэрэг хамгаалсан.
Экскаватор
Өөрөө ирлэгддэг гэхээр тэр хатуу хайлшийг шүдний голд нь суулгаж, газар ухах тусам шүд нь ирлэгддэг байхаар зохион бүтээсэн. Илүү хурц болж шанаганы ашигт чанарыг алдагдуулахгүй гэсэн үг. Даанч чанарын хувьд сайжруулах зүйлс байсан болохоор хангалттай үйлдвэрлэж чадаагүй. Зөвхөн жаахан хэрэгцээ хангаж байсан. Тэгэхээр улам чанартай болгохын тулд хайлалт хийхдээ чанарыг л барих ёстой. Марганцын орц хэдэн хувь байх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Яавал эвдрэхгүй байхыг тооцно.
Бид дотооддоо туршилтын судалгааг нарийн сайн хийж, технологио сайжруулж байх хэрэгтэй. Талхыг нэг жороор хийдэг ч хүн бүрийн барьсан талх өөр амттай байдагтай адил.
-Боломж байгааг үйлдвэрлэгчид бас харж л байгаа. Гэхдээ чухам юу саад болоод байна вэ?
Арматур үйлдвэрлэвэл болно гээд бүгд бодчихсон юм шиг. Нэг үйлдвэр нөгөөгөө унагаад байгаа тал бий. Өөр олон зүйлсийг үйлдвэрлэж болно шүү дээ.
Миний бодлоор салбарыг хариуцсан ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газар нь салбарын мэргэжилтнүүд болон бүх үйлдвэрээ зангидаж, тодорхой бодлоготой болчихвол хангалттай зах зээл байгаа.
-Энэ чиглэлийн хичнээн үйлдвэрүүд байдаг вэ?
Өнгөрсөн жил судалгаанаас үзэхэд уул уурхай металл боловрсуулах үйлдвэрүүд нийлээд 420 байна. Үүнээс 362 нь уул уурхайн олборлогчид. Үндсэн 50 гаруй үйлдвэрээс 22 нь металл цутгуурын ган бөмбөлөг, арматур үйлдвэрлэгчид. Үлдсэн 10 нь ТЭЦ-3, ТЭЦ-4, Эрдэнэт, Төмөр замын Амгалан дахь засварын газар гэх мэт дэргэдээ механик цехтэй, өөрсдийн байгууллагын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг.
Үүнд: Автобус, троллейбусын 2 үйлдвэр, барилгын хийц үйлдвэрлэдэг 5, мах махан бүтээгдэхүүн мал нядалгааны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг 2 үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүн, сүү боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг 2, арьс шир ноос ноолуур эсгий үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг 2, хөдөө аж ахуйн техник, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэдэг 1, CAD/CAM/CAE чиглэлийн 3 үйлдвэр, бусад үйлдвэр нь метал боловсруулах цутгуурын үйлдвэрүүд байна.
-Сүүлийн таван жилд нэмэгдээд 50 гаруй үйлдвэр л байгаа гэсэн үг үү?
Арван жилд дөнгөж бий болж эхлээд, сүүлийн таван жилд өсч байгаа. Социализмын үед метал боловсруулах үйлдвэр маш сайн хөгжсөн байлаа. Тухайн үед метал боловсруулах 20 гаруй том, 400 гаруй жижиг цех, 7000 суурь машинтай, маш том үйлдвэрлэл байсан.
Авто тээврийн хэрэгсэл, барилга, эрчим хүч, машин тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн техник хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэдэг. 450 гаруй тн сэлбэг үйлдвэрлэдэг, резин техник эдлэлийг дотооддоо үйлдвэрлэж, Дорнод Сибирь рүү нийлүүлдэг байсан. Ингээд зах зээл эхлээд хувьчлал явагдаад өөр салбар луу хэлбийгээд металл боловсруулах үйлдвэрийн техник нь хаягдал төмөр болоод Хятад руу ачигдсан.
-Одоо тэгээд ямар ирээдүй байна вэ.
Бид нарт нааштай ирээдүй байна. Өмнө нь энэ мэргэжлээр төгсч байгаа хүнд ажлын байр олддоггүй, салбарыг ойлгох хүн ч байдаггүй байлаа. Элсэгчид ч сонирхож, сонгож орж ирдэггүй байсан. Машин үйлдвэрлэл монголд машины үйлдвэр байхгүй гэнэ. Гэхдээ одоо метал боловсруулах салбарыг хөгжүүлэхгүй л бол улс орон хөгжихгүй гэдгийг ойлгож, энэ салбарыг ойлгож эхэлж байна. Боловсон хүчний тоо ихсээд, чанартай хүмүүс шилжиж орж ирдэг болсон.
-Металлургийн салбараа хөгжүүлж байж эдийн засгийг хөгжлөө баттай болгоно. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч орнууд бүгд энэ салбараа хөгжүүлсэн байдаг шүү дээ?
Аливаа улс орны эдийн засгийн хөгжил нэг хүнд оногдох хайлсан металын хэмжээгээр тодорхойлно гэсэн Ленины үг байдаг. Үнэн үг. 2010 оны 11
Сингапур улс: 1980 онд хүний хөгжлийг гол болгох бодлого хэрэгжүүлжээ
сард дэлхийн их арвын уулзалт СӨҮЛД болоход тэнд ганцхан Сингапур улс л металлургийн салбараа хөгжүүлээгүй улс байсан. Бусад бүгд цөм хөгжүүлсэн.
Хоёр том гүрэн маань металлургийн салбараа их хөгжүүлсэн учраас бид гадаад зах зээлд довтлоход хэцүү. Тэгэхээр зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад байвал тодорхой хэмжээний эдийн засгийг хөгжүүлэх боломжтой. Эхний ээлжинд зөвхөн гадагшаа урсч байгаа валютыг дотооддоо тогтоож, импортоо багасгах нь зөв.
-Салбарыг хөгжүүлэхэд төр засгийн зүгээс ямар бодлогоор дэмжлэг үзүүлдэг вэ?
Үнэндээ өнөөдөр бор зүрхээрээ л явж байгаа. Гэхдээ үүнд нэг хардлага байдаг. Том тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслүүд өндөр үнэтэй учраас эрх мэдэлтэй албан тушаалтнууд гаднаас оруулж ирж ашиг олоод байгаа. Дотоодоос хангачих зүйлийг гаднаас авчраад шахаад байдаг нь үүнийг нотолно.
Дотооддоо үйлдвэрлэх сэлбэгийг дотоодоосоо л ав гэдэг бодлогыг төр барих ёстой. Төмрийн хүдрийг хамаагүй экспортлоод гаргаж байгаад төр хязгаарлалт хийхгүй.
Солонгос улс ямар ч түүхий эд байхгүй мөртлөө автомашин үйлдвэрлээд байгаа. Тэд түүхий эдээ гаднаас импортолж аваад, металлургийг хөгжүүлээд явж байна. Гэтэл бид нар түүхий эдтэй мөртлөө солонгосоос хуучин машин оруулж ирж унаад байгаа биз дээ.
-Металлургийн түүхий эд хангалттай байгаа ч зохистой ашиглаж чадахгүй байгаад та ямар дүгнэлт өгөх вэ?
Энэ салбарыг хөгжүүлье гэвэл металлургчид, автын инженер бүх мэргэжилтэнг нэгтгээд ажлыг нь өгвөл хийж чадахаар байгаа юм. Японы эдэлгээ нь дууссан машин оруулж ирж унах биш. Гэтэл гол асуудал металлург дээр очоод гацаж байгаа. Хадаасаа үйлдвэрлэж чаддагүй гэж хэлүүлдэг.
Импортоор авахаас аргагүй, хадаас хийдэг ган утас нь байхгүй. Ган утсыг нь импортоор оруулж ирээд хадаас үйлдвэрлэе гэхээр ашиг битгий хэл, өндөр зардалтай болчихдог. Тэгэхээр хадаасны тоног төхөөрөмжийг оруулж ирэх биш, цутгуурын үйлдвэрлэлийг хөгжүүлж, ган утсаа цувьж, хадаас үйлдвэрлэнэ. Одоо импорт нэмэгдэж байгаа юм чинь зөв бодлого бариад цутгуурын үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй.Үүний дараа шат дараалалтай хөгжинө.
-Монголд металлургийн олон үйлдвэр байх шаардлагагүй гэж зарим мэргэжилтнүүд хэлж байгаа. Ямар хэмжээнд үйлдвэр барих шаардлагатай вэ?
Их хэмжээний ган үйлдвэрлэл барьчихвал илүүдэлтэй болох юм биш үү гэсэн ойлголт бий. Гэтэл ган үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд тэрийг дагаад аяндаа метал боловсруулах үйлдвэрүүд хөгжинө. Хамгийн наад зах нь цонх, хадаасны үйлдвэрүүд гарна. Гэхдээ хамгийн гол нь металлургийн хайлах үйлдвэр нь олон байх шаардлагагүй. Чанартай цөөн байхад л болно.
Өнгөрсөн жил энэ салбарыг хөгжүүлэх хөтөлбөр гаргаж, тодорхой бүсээр нь каластр хандлагаар хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.
-Каластр гэж юу гэсэн үг вэ?
Каластр нь жижиг үйлдвэрүүд нь том үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг хийгээд нийлүүлэх. Том үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүнээ угсарч гаргахыг хэлж байна. Жишээлбэл Тоёота бүх эд ангиа жижиг үйлдвэрлэгчдээр жижиг эрэг боолт гэлгүй өөрсдөө загварыг нь гаргаж, хийлгээд өөрсдөө угсардаг. Энэ бол эв нэгдэл, чанар.