С.Бямбацогт: Сумынхаа наадмаар эхнэртэйгээ танилцаж байлаа
Улсын их хурлын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
-Таны хувьд Үндэсний их баяр наадамд хэр хүндэтгэлтэй ханддаг вэ?
-Монголчууд эрийн гурван наадамдаа хэзээнээсээ хүндэтгэлтэй хандаж, тэмдэглэж ирсэн ёс жаягтай ард түмэн. Хотол даяараа зуны дэлгэр цагт бие биетэйгээ уулзан золгож, нутаг ус, ажил амьдралаас эхлээд бүхий л зүйлсээ ярилцдаг сайхан баяр.
Хүчит бөхчүүд нь барилдаж, эрхий мэргэн харваачид сумаа тавьж, хурдан хүлгүүдийнхээ шандсыг шалгадаг. Монгол наадмыг хүлээдэггүй хүн гэж байдаггүй байх. Би тэдний л нэгэн адил наадмаа хүлээж, бас хүндэтгэлтэй ханддаг.
Ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдсон төрийн түшээ хүний хувьд үндэсний гэсэн бүхнээ хүндэтгэн үндэсний хувцсаа өмсөж, ахмад буурлуудаа хүндэлж, түмэндээ түшигтэй явахсан гэж боддог доо.
-Баяр наадмын өмнөх өдөр Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг. Уг хуулийг та санаачилж байсан байх аа. Эргээд бодоход сайхан санагддаг уу?
-Миний хувьд УИХ-ын гишүүн болчихоод хамгийн анх санаачилсан хууль бол төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэх буюу Төрийн далбааны өдөртэй болох хууль байсан. Энэ хуулийг Ж.Сүхбаатар гишүүн бид хоёр 2008 оны арваннэгдүгээр сард санаачилж, 2009 онд батлагдсан юм.
Түүнээс хойш долдугаар сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбай дээр цэргийн парад жагсаж монголчууд төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг болсон.
Манай ард түмэн баярлахаараа төрийн далбаагаа мандуулж, сүсэглэн залбирч, уй гашуу тохиосон үед бөхийлгөх зэргээс л төрийн далбааг хэрэглэдэг байлаа. Харин одоо бол хууль ёсны дагуу, жинхэнэ утгаар нь төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж байгаа нь үнэхээр сайхан санагддаг.
-Мэдээж таны санаачилсан хууль хэрэгжиж эхэлсэн болохоор бусдаас илүүтэйгээр баярлаж чаддаг хүн нь та байх нь ээ?
-Энэ хууль хэрэгжиж төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэхээр парад жагссан байгааг харахад үнэхээр сайхан байдаг. Хамгийн гол нь Монгол хүн өөрийн гэсэн үнэт зүйл, үндэсний бэлгэдлээ хүндэтгэж, түүгээрээ бахархаж байгааг харах юм даа. Баяр дээр баяр нэмдэг нэг зүйл нь энэ байгаа юм. Тийм болоод ч үндэсний их баяр наадам надад бусад баяруудаас илүү ойр санагддаг.
-Төрийн түшээд багадаа хурдан морь унаж, бөх барилдаж наадмаа өнгөрүүлдэг тухай дурсамжууд ярьдаг. Таны хувьд хэрхэн нааддаг байсан бол?
С.Бямбацогт: Сум, аймаг, улсын наадмуудыг жирийн иргэнээс төрийн түшээ болтлоо үзсэн байна.
-Морь, бөх хоёроос холхон өссөн болохоор тэр үү нэг их шимтэн сонирхохгүй. Наадмын талбай дээр очоод хуушуур идэж, төгрөг хорин мөнгөнийхөө улаан усыг ууж л өнгөрөөдөг байсан. Тэгж наадамлах нь тухайн үедээ сайхан санагддаг байлаа. Дөрөвдүгээр ангиас наймдугаар ангиа төгсөтлөө сумын наадам үзсэн.
Манай аав Ховд аймгийн Чандмань, Мянгад сумдад сум нэгдлийн дарга хийдэг байсан юм. Аав хаашаа томилогдоно тийшээ бид дагаж явдаг байсан цаг. Сум цөөхөн хүн амтай тул наадмаар бие биенээ танихгүй байна гэж байхгүй.
Олон наадмаас хамгийн дурсгалтай нь сумын наадам л байдаг. Манай дүү хурдан морь унадаг байсан тул аавтайгаа УАЗ 469 машинаар дагадаг байсан гээд олон сайхан дурсамж сумын наадамтай холбоотой. Би нэг сонин юм хэлэх үү.
-Болно шүү дээ?
-1988 онд намайг долдугаар ангид байхад Ховд аймгийн Чандмань сумын 50 жилийн ой болсон. Тэгэхэд анх эхнэртэйгээ танилцаж байлаа. Тэр жил одоогийн дархан аварга Б.Бат-Эрдэнэ дөнгөж улсын аварга болчихоод анх удаа Чандмань сумын наадамд ирж оролцсон юм.
Иргэдийн маань амьдрал ахуй, сэтгэл санааны байдал наадмын өнгө төрхөөс мэдрэгддэг гэж би боддог.
Тэр наадамд ирсэн аавын найзын охин нь одоог хүртэл ханилж яваа эхнэр маань шүү дээ. Чандмань сумын наадмаар эхнэртэйгээ анх танилцсан минь одоо бодоход бэлгэшээлтэй сайхан санагддаг. Тэр наадмаар би баярт оролцолгүй хуушуур хийж зарж байж билээ.
-Төрийн түшээ болсноосоо хойш наадмын нээлт хаалтад оролцохоос эхлээд завгүй л байдаг байх?
-Төрийн түшээ болсон цагаас эхлэн наадмын нээлт, хаалтад оролцож эхэлсэн. Ер нь наадмын хоёр өдөр тун завгүй өнгөрдөг. Сум, аймаг, улсын наадмуудыг жирийн иргэнээс төрийн түшээ болтлоо үзсэн байна.
Гэхдээ баярлахаас гадна ажил хийж мөнгө олох гэж олон янзын наадам үзсэн байгаа биз. Ер нь иргэдийн маань амьдрал ахуй, сэтгэл санааны байдал наадмын өнгө төрхөөс мэдрэгддэг гэж би боддог. Тиймээс наадмаар хүмүүстэй уулзаж, ярилцах дуртай.
-Сүүлийн жилүүдэд манайхан үндэсний дээл хувцсаараа гоёх болсон. Та энэ жилийн наадмаар ямар дээлээр гоёх гэж байна?
-Төрийн түшээ болчихоод үндэсний соёлоо дээдлэхгүй бол болохгүй гэж үзээд дээлээ өмсөх болсон. Нэг үеэ бодоход олон дээлтэй болжээ. Тийм болохоор өнөө жил тэр дээлнүүдээсээ сонгож өмсөх бодолтой байгаа. Эхнэр маань бага хүүхдүүдээ хараад гэртээ үлддэг байсан. Энэ жил эхнэртэйгээ хамт наадмын нээлтэд оролцоно.