2013.07.15

Д.Батцогт: Наадмын талбайгаас хуушуур, будаатай хуурга, улаан ус үнэхээр сайхан

УИХ-ын гишүүн Д.Батцогттой хаврын чуулганы завсарлахын өмнөхөн уулзаж Үндэсний их баяр наадмын талаар ярилцсан юм.

-Та наадмаар яаж баярладаг вэ. Энэ жилийн төлөвлөгөөг тань сонирхож болох уу?

 -Монголчууд яаж нааддаг яг л тэр журмаар баярлана даа. Эхлээд наадмынхаа нээлтийг очиж үзнэ. Тэгээд бөх, морио үзчихнэ. Жил бүр ямар ч байсан ганц хоёр насны морины уралдааныг зорьж очоод үзчихдэг юм. Дээр нь нутгийнхаа болон таньж мэддэг уяачдын галаар бас орно оо.

-УИХ-ын гишүүний хувьд баяр наадмын үйл ажиллагаанд оролцоход төлөвлөгөө өөрчлөгдөх үү?

-УИХ-ын гишүүн болсноосоо хойш хоёр дахь наадмаа үзэж байна. Айхавтар өөрчлөгдөөд байх зүйлгүй дээ. Урьд нь яаж баярладаг байсан түүн шигээ л баярлана.

-Та эрийн гурван наадмын алинд нь илүү хорхойтой вэ?

-Аль алинд нь дуртай. Гэхдээ сур харваж байгаагүй л дээ. Харин бөхийг мэдээ орсон цагаасаа эхэлж үзсэн болохоор бөхчүүдийг их хүндэлдэг. Энэ сонирхол маань хэвээрээ байгаа. Ер нь манай үндэсний бөх их хөгжиж байна гэж боддог.

Үндэсний их баяр наадам

Цолны найраанаас эхлээд бөхчүүдтэй холбоотой гардаг элдэв асуудал багасч эхэлсэн. Мөн олон залуу бөх гарч ирж байна. Тэдний хэн нь ч түрүүлж мэдэхээр. Тухайн өдөр хэн гэдэг бөх одтой, азтай хийморьтой байна тэр нь л түрүүлдэг. Өөрөөр хэлбэл, нэг тасархай бөх гэж байхгүй болжээ.

Нөгөөтэйгүүр би морь их сонирхож үздэг. Өөрөө морь уядаггүй мөртлөө аймгийнхаа уяачдын холбооны тэргүүн. Гэхдээ нэг ч удаа морь уяж үзээгүй. Манай Ховдын уяачид "Манай холбоог удирдаач" гэж надад санал тавьсан.

Энэ хүсэлтийнх нь дагуу би Ховд аймгийн Морин спорт уяачдын холбоог тэргүүлээд нэлээн олон жил боллоо. Тэднийхээ хөдөлмөрөөр бахархаж, хурдан сайхан буянуудыг нь хараад самсайгаа шархируулах ч бас сайхан л байдаг юм.

-Ер нь цаашид морь уях бодол бий юу?

-Морь уяна гэж боддоггүй. Түүнд нэг орчихвол нэлээн гүнзгий шиг байгаа юм. Тиймээс уяачдаа дэмжээд, тэдний хурдан буянуудаар бахархаад явж байх нь л сайхан.

-Энэ жил танай аймгийн наадам хэдий болох вэ. Та очно биз?

-Ховд аймгийн маань наадам 10, 11-нд болдог. Мөн жил бүр ээлжилж "Баруун бүсийн хурд" гэж даншиг наадам зохион байгуулдаг юм. Энэ жилийнх нь Завхан аймгийн 90 жилийн ойтой хамаатуулж тэнд хийх юм.

Харин ирэх жил Ховд аймагт баруун бүсийн уралдаан болно. Манай Ховдод энэ жил хур ихтэй сайхан зун болж байгаа. Ард иргэдийн маань сэтгэл санаа ч их өөдрөг тэнүүн байна билээ.

-Хүний сэттэлд тодоос тод үлдсэн нэг тийм наадам байдаг шүү дээ. Та тийм наадмынхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

-Жил бүрийн л наадам гоё болдог шүү дээ. Хүүхэд байхад дараа жилийн наадам хол байна даа, хол байна, хурдан болоосой гээд л боддогсон. Ер нь хүүхэд байхын үзэж байсан наадмууд л хамгийн дурсамжтай байдаг. Би Ховд аймгийн төвд төрж өссөн. Тэгээд аймгийнхаа цэнгэлдэхэд бөх үзээд, хажуугаар нь будаатай хуурга, хуушуураа авч идээд л.

Мөн тухайн үед улаан ус гэж ярьдаг байсан ундаагаа ууна. Тэр л их том баяр баясгалан байсан санагддаг юм. Тухайн үед одоогийнх шиг элбэг дэлбэг юм гэж байсангүй. Тэгсэн ч наадмын талбайгаас авсан хуушуур, будаатай хуурга, улаан ус шиг сайхан юм байгаагүй. Дээр нь ээж, аавтайгаа хөтлөлцөөд наадам үзнэ гэдэг бол хүн болж төрсний хувьд хамгийн жаргалтай үе гэж боддог.

-Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Таны хувьд энэ хоригийг хүлээж авахтай санал нийлж байна уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг бид хүндэтгэж үзнэ. Ер нь бол Ерөнхийлөгч "Баяр наадмын тухай хуульд ингэж жижигхэн өөрчлөлт оруулах нь буруу. Цогцоор нь ард түмнээрээ хэлэлцүүлж, холбогдох мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагынх нь санаа оноог сонсч, өөрчлөлт оруулах нь зөв" гэж үзэн хориг тавьсан. Тэгэхээр бид түүнийг нь хүлээж авах л хэрэгтэй.

-Хуульд тусгаснаар хоёр үзүүрлэсэн бөхөд аварга цол өгнө гэсэн. Энэ байж болох асуудал уу?

-Анх орж ирсэн хуулийн төсөлд нь ингэж тусгасан байсан. Харин хэлэлцүүлгийн явцад түрүүлээгүй бөхөд аварга өгөх нь буруу гэж үзэн засвар оруулсан. Өмнө нь далай аварга гэдэг цол байхгүй, зөвхөн тийм чимэг байсан.

Харин түүнийг цол болгосноос хойш дархан аварга төрөхөө больчихсон. Тиймээс далай аварга гэдэг цолыг болиулахаар Р.Гончигдорж нарын гишүүд хууль санаачилсан юм билээ. Энэ бол буруу биш Гэхдээ Ерөнхийлөгч нэгэнт хориг тавьсан учраас түүнийг нь хүлээж аваад, дараа багцаар нь үндэсний хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлыг нь тусгахаар боллоо.

-УИХ-ын зарим гишүүн уг хуультай холбогдуулж чуулганы танхимд бөхийн цол яриад суух нь зөв биш гэж шүүмжилж байсан. Та үүнтэй санал нийлсэн үү?

-Санал нэг байгаа. УИХ дээр гишүүд уяачдын цол, бөхийн цол яриад сууж байж таарахгүй. Өөрөөр хэлбэл, олон зуу, олон мянган жил үе улираад ирсэн ардын уламжлалыг бид хуулиар зохицуулж байна гээд хүчээр тасалдуулж болохгүй шүү дээ.

-Хаврын чуулган завсарлалаа. Өнгөрсөн хугацаанд та ямар ямар хуулийн төсөл дээр ажилласан бэ?

-Би УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороонд харьяалагддаг. Гол гурван Байнгын хороонд харъяалагдаж байгаагийн хувьд аливаа хуулийн төслийн ажлын хэсэгт нь орж нэлээн идэвхитэй байдаг. Ажлын хэсэгт орж ажиллаж байгаа маань УИХ-ын шинэ гишүүний хувьд ч гэсэн түргэн дадлагажих, ажлаа мэдэх, баталж авч байгаа хуулиудынхаа үзэл баримтлалтай танилцахад нэмэртэй гэж боддог.

Энэ удаагийн хаврын чуулган олон зүйлийг шийдсэн үр дүнтэй боллоо. Хэдийгээр сонгууль давхдаад 14 хоног завсарласан ч миний хувьд нэлээн ач холбогдолтой санагдаж байна.

-Таны хувьд Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос ирэх дөрвөн жилд юу хүлээж байгаа вэ?

-Ирэх дөрвөн жилд Монгол төрийн тэргүүнээр Ц.Элбэгдорж улиран ажиллана. Дахин сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд аль нэг намд тал тохой засч, бүлэг фракцын эрх ашгийг хамгаалахгүйгээр ард түмний, улсынхаа эрх ашгийн төлөө олон сайхан зүйл хийх байх гэж найдаж, дэмжсэн.

-Улс төрийн хүрээнд анхаарал татаж буй нэг сэдэв нь МАН-ын шинэчлэлийн асуудал. Хэдийгээр та МАН-ын гишүүн биш ч, улстөрч хүний хувьд энэ процессыг хэрхэн харж байна вэ?

-Аливаа нам гэдэг байнга шинэчлэгдэж байх ёстой. МАН-д шинэчлэл байхгүй учраас ард түмэн дүнгээ тавьчихсан. Түүнчлэн нам нь нэг л болохгүй байна. Үүнийгээ цэгцлэх хэрэгтэй. Шударга, сайхан хүмүүсээ дээшээ гаргаж ирээд ажиллуулах хэрэгтэй болов уу.

МАН-д олон сайхан боловсон хүчин бий шүү дээ. Бусдын намын дотоод хэргийг би шүүгээд яах вэ. Зүгээр харж байхад олон сонгууль дараалж ялагдлаа. Тэгэхээр бас тодорхой хэмжээнд шинэчлэх хэрэгтэй юм байна л гэж харж байгаа.

-Та намрын чуулган эхэлтэл ямар ажил амжуулахаар төлөвлөсөн бэ?

-Хэд хоног амарна. Наадмын дараа гэр бүлээрээ хөдөө гарч, салхинд амралтаа үргэлжлүүлэх бодолтой байна. Харин наймдугаар сарын эхээр тойрогтоо очиж, иргэд сонгогчидтойгоо уулзана.