МАН-ын дарга Ө.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүлэв
УИХ-ын Гишүүн, МАН-ын Дарга Ө.Энхтүвшин
2013.07.15

МАН-ын дарга Ө.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид
Эрхэм журмын нөхөд өө!

Та бүхэндээ Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярын мэндийг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэж сайн сайхны ерөөл дэвшүүлье.

Бидний сайхан эх оронд нар хур тэгширч түмэн олны магнай тэнийсэн зун цаг ирж Монгол түмний бахархал болсон эрийн гурван наадам болж хүчит бөхчүүдийн бяр мэх тэгширч, хурдан хурц хөлгүүдийн уяа сойлго чивхэрч, эрхий мэргэн харваачдын оноо хараа жигдрэн байна.

Одоогоос 92 жилийн тэртээ улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөг сэргээн байгуулахын төлөө Ардын хувьсгалыг оройлон манлайлж ялалтанд хүргэсэн эх оронч хөвгүүд нь Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчид байсанд бид бахархан хүндэтгэж байдаг.

ХХ зуунд монголчуудын урагшлан хөгжсөн түүх бол 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнтэй салшгүй холбоотойн дээр Монголын ард түмний хувь заяанд түүхэн эргэлт авчирсан нь бодит үнэн юм.

Монгол Ардын Намын үе үеийн гишүүдийн итгэл үнэмшил, хөдөлмөр зүтгэл нь нийгмийн аливаа өөрчлөлтийг санаачлан хэрэгжүүлэгч түшиг тулгуур, үндэс суурь болж ирсэн. Цаашид ч бид энэ түүчээг буухиалж эх орныхоо хөгжлийг тодорхойлоход гол үүрэг хариуцлага үүрэлцэж ард түмэнтэйгээ нягт хамтран ажиллаж хэзээд тэднийхээ талд зогсох болно.

Та бүхэндээ аз жаргал, сайн сайхныг билэгдэн ерөөе.
Дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай!

 МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА,
УИХ-ЫН ГИШҮҮН Ө.ЭНХТҮВШИН