Эзэн хаанаа амилуулсан мультимедиа шоу залуусыг доргиолоо
Лазер шоуны үеэр
2013.07.15

Эзэн хаанаа амилуулсан мультимедиа шоу залуусыг доргиолоо

Баяр наадмын эхний өдрийн үдэш хотын залуус төв талбайдаа бүжиглэж өнгөрөөлөө. “Их үндэстэн эргэн сэргэлээ” сэдвийн дор Шинэчлэлийн Засгийн газраас зохион байгуулсан энэхүү мультимедиа шоуг нээж хэлсэн үгэндээ:

3D Лазер шоу

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Баяр наадмын өдрүүдэд залуус та нарынхаа хүсэл сонирхолд нийцэх үзвэр бий болгохоор Ч.Сайханбилэг сайд энэ ажлыг санаачилсан юм. Хөрөнгө мөнгийг нь  гаргаж, нэг үдшийг Монголын залуус яаж хөгжилдөж баярладгийг харуулаарай” гэлээ.

Лазер шоу

УИХ-ын дарга З.Энхболд, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар нээлтэд оролцож, залуустайгаа санал сэтгэгдлээ хуваалцсан юм.

Шинэчлэлийн Засгийн газар Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгосноос хойш иргэд энэ индрийг өргөн ашигладаг болсны нэг тод илрэл нь тус шоу байлаа. Энэ үдэш Төрийн ордон лазер шоуны дэлгэц болж, гадаад дотоодын шилдэг Дижи нар талбайн эзэд болсон.

Шилдэг Dj, гайхалтай хэмнэл, шинэ өнгө төрхийг харуулсан мультимедиа шоуны үеэр Эзэн Чингис хааны хөшөө амилан босч, хойч үеийнхэндээ захиас сургаалиа хэлсэн нь үдшийн шоуны оргил хэсэг болж, үзэгчдийг уулга алдуулан омогшуулж байв.

Сүхбаатарын талбайг дүүргэн цуглаж, оройжин бүжсэн залуус “жинхэнэ утгаараа баярын шоу боллоо” хэмээн онлайн ертөнцөөр дамжуулан өөр хоорондоо хэлэлцсээр, гар утасны бичлэгээ олонд түгээсээр байна.