Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шагнал гардуулж хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.07.09

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шагнал гардуулж хэлсэн үг

Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүст өнөөдөр Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээж үг хэллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Тэнгэр эцэг тэтгэн хураа хайрлаж, газар эх дэлгэрч шимээ өгсөн, хуртай зуны энэ өдөр ард түмэндээ омогших бахархал, дээдлэх уламжлал, дэлгэрэх соёлын цөм болсон үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээ дэвшүүлье.

Монголын тулгар төрийн 2222 жилийн ойн босгон дээр хичээл зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа хамт олноо манлайлж, түмэн олондоо хүндлэгдсэн иргэд маань төрийнхөө эрхэм дээд цол, одон медаль хүртэж байна.

Мянга мянган шавь төрүүлсэн эрдмийн уурхайн эзэн багш, эрүүл энхийн манаанд олон жил зогссон эмчээс эхлээд уурхайчин, дуучин, сэтгүүлч, цагдаа, экскаваторын машинч, хуульч, зураач, засварчин, дуу оруулагч зэрэг эх орныхоо дөрвөн зүг найман зовхист ажиллаж хөдөлмөрлөж яваа иргэдийнхээ зүтгэл сэтгэлийг Монголын төр үнэллээ. 

Монгол Улсад боксын спорт хөгжүүлэхэд хагас зууны турш зүтгэж, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан олон шилдэг шавь төрүүлсэн, дасгалжуулагч Буянгийн Ганбат Монгол Улсын Ардын багш цол хүртлээ.

Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм хүндтэй цолтнууд маань эгнээгээ тэллээ. Олон хүний эрдэнэт амийг аварсан, алтан гартай ачтан, клиникийн профессор Ванчинсүрэнгийн Бадамсүрэн Монгол Улсын Хүний гавьяат эмч цол хүртлээ.

Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 48 жил ажиллаж, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө мэдлэг мэргэжлээ зориулсан засварчин Янсангийн Өлзийбат Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ.

Монголын кино урлагт Баянмөнх жонон, Чин Ван Ханддорж, Дашдоржийн Нацагдорж зэрэг түүхэн дүрийг чадварлагаар бүтээж, тайз дэлгэцийн зуу гаруй дүрийг түмнийхээ сэтгэлд хоногштол амилуулж чадсан жүжигчин Далхсүрэнгийн Гүрсэд, өөрийн давтагдашгүй дуу хоолойгоо алтан фондын сан хөмрөгт үеийн үед дархалсан дуу оруулагч, жүжигчин Тавхайжамцын Цэмпилмаа, Дуурийн урлагт цахиур хагалж, хүчтэй хоолой, мэргэжлийн ур чадвараараа гайхуулж яваа дуучин Өншихбаярын Уянга нар Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртлээ.  

Өнөөдөр хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлсэн иргэддээ болон Та бүхнийхээ гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Улам их хичээгээрэй. Монгол үндэстнийхээ их баяр наадмаар үгийн сайхныг хэлэлцэж, сэтгэлийн баяслыг амсан сайхан наадахын ерөөл дэвшүүлье.

Өндөр төрийн минь сүлд өнөд ивээх болтугай. Баяр хүргэе, та бүхэнд” гэлээ.