БШУ-ны сайдын нэрэмжит докторын дараах судалгааны инновацид чиглэсэн судалгааны тэтгэлгийг гардуулах ажиллагаа боллоо
2013.06.20

Зургаан эрдэмтэн тус бүр арван сая төгрөгийн тэтгэлэг хүртлээ

БШУ-ны сайдын нэрэмжит докторын дараах судалгааны инновацид чиглэсэн судалгааны тэтгэлгийг гардуулах ажиллагаа өчигдөр боллоо. Эрдмийн зэрэг хамгаалсан 45 нас хүртэлх судлаачдын судалгааны ажлыг инноваци болгох, шинэ үеийн эрдэмтэн бэлтгэх зорилгоор олгодог уг тэтгэлэгийг энэ жил 6 судлаачид олголоо.

Шагнал гардуулах үеэр

Тодруулбал, ЭМШУИС-ийн багш Т.Мөнхтуяа, Мал эмнэлэгийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Цацралт-Од, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн "Армоно" нэгдлийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Итгэл, Физик технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Г.Сэвжидсүрэн, Ховд их сургуулийн захирал Ж.Янжмаа нар  шалгарсан байна.  

Эдгээр эрдэмтэн судлаачдын судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инноваци болгох, шинэ үеийн эрдэмтэн бэлтгэх зорилгоор 10 сая төгрөгийн грант олгож байгаа юм.  Шагнал гардуулах үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөр "Энэ бол нэр хүндтэй шагнал" гэдгийг онцлоод өнөө  жил  10 хүнд тэтгэлэг олгох байсан ч шалгуур өндөр учраас 6 эрдэмтэн тэнцсэн гэдгийг хэлж байлаа. Харин шалгуурт тэнцэж шагнал гардсан эрдэмтэд "Судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, бүтээлдээ оюуны өмчийн хамгаалалт хийх, олон улсын судалгааны түвшинд хүргэнэ гэдгээ хэлсэн юм. 

Шинжлэх ухааны салбарт залгамж хойч үеэ бэлтгэх ажилд БШУЯ-наас ихээхэн анхаарч ирсэн. 2005 оноос эхлэн сайдын нэрэмжит грант олгож эхэлсэн бөгөөд нийт 90 гаруй эрдэмтэнд грант олгосон байна. Энэ жил тэтгэлэг авсан судлаач дундаас ч ирээдүйн сайн эрдэмтэн төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна.