Алтан соёмбот далбааг дэлхийн зулайд мандуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, ивээл дор болсон монгол хүн анх удаа Хойд мөсөн далайг туулж бөмбөрцгийн зулайд хүрэх аялал амжилттай боллоо. Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр зорилгоо биелүүлж энэ дөрөвдүгээр сарын 20-ны үдэш 20.30 цагт зорьсон цэгтээ хүрч Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг дэлхийн зулайд мандуулжээ. Энэхүү төрийн далбаа нь өнгөрсөн зун Лондонгийн зуны олимпийн дэвжээнд мандаж байсан туг юм.
Энэхүү төрийн далбаа нь өнгөрсөн зун Лондонгийн зуны олимпийн дэвжээнд мандаж байсан туг юм.
Хэдийгээр дөрөвдүгээр сарын 21-нд Хойд туйлын 90 градуст хүрэх төлөвлөгөөтэй байсан ч Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 35 насныхаа төрсөн өдрөөр дэлхийн зулайд хүрэхээр аяллынхаа маршрутыг шахаж ийнхүү нэг өдрийн өмнө зорьсон газраа хүрчээ. Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр төрийн далбаагаа Хойд туйлын 90 градуст мандуулсан даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй сансрын холбоогоор ярьж зорилгодоо хүрснээ илтгэсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Зорьсон хэргээ биелүүлж, эх орон, ард түмнийхээ итгэлийг дааж дэлхийн зулайд эх орон, ард түмнийхээ итгэл шингэсэн төрийн далбааг мандуулсанд баяр хүргэе. Энэ түүхэн үйл явдал монгол хүн бүрийн хийморь лундааг сэргээх болтугай. Аяллаа амжилттай үргэлжлүүлж эх орондоо удахгүй уулзахын ерөөл өргөе” гэжээ.