Г.Батхүү: “Толин хул” наадмын өмнөхөн төрсөн
Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам
Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам
Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн Монголоо... Энэ бол “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн дуулсан "Толин хул” дууны нэгээхэн хэсэг нь.
Үгийг нь УИХ-ын гишүүн Г.Батхүү, аялгууг нь Д.Чулуунбат зохиосон. Олны хүртээл болсноосоо хойш даруй 12 жил өнгөрсөн ч энэ дуу “хит” хэвээр.
Тиймээс энэ удаагийн баяр наадмын өмнөхөн уншигчдад хүргэх дугаартаа эрхэм гишүүнийг зочноор урьж, "Толин хул” дуу бүтсэн түүхийг нь яриулсан юм..
-Морь хурдан уу, гишүүнээ?
-Хурдан. Сайн байна.
-Наадам дөхөөд тэр үү, хүмүүс таны “Толин хул” дууг их аялах болжээ. Энэ дуу хэрхэн бүтсэн талаар ярьж өгөхгүй юу?
-Би 1995 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Дамдинжаваас хул азаргыг нь худалдаж авсан юм. Хул азарга дараа жил нь улсын наадамд түрүүлсэн. Түүний дараа улсын наадамд хоёр айрагдаж, “Их хурд”-д мөн нэг айрагдсан. Над шиг хурдан моринд дуртай хүнд хул азарга маань шүтээн л гэсэн үг.
Г.Батхүү: Над шиг хурдан моринд дуртай хүнд хул азарга маань шүтээн л гэсэн үг.
2001 онд "Толин хул” дууныхаа шүлгийг ноорог цаасан дээр буулгачихаад утсаар ярьж суутал “Харанга”-ын Чука орж ирээд. Тэгснээ нөгөө шүлгийг маань хараад “Үүнийг чинь үзчих үү” гэхээр нь “тэг тэг” л гэсэн.
Удалгүй Чука “Надад энэ дууныхаа үгийг өгчих. Би ая хийж үзмээр байна” гэсэн. Надад ганцхан хувь байсан болохоор канондоод ав гэлээ.
Түүнээс хойш долоо хоногийн дараа Чука над руу залгаж “Манайд ирээд өдрийн цайгаа уучих. Хоол хийгээд байж байя” гэсэн.
Тэгээд очтол “Ая хийчихлээ” гээд төгөлдөр хуур дээр тоглосон. Түүнээс өмнө “Зурхай эргэнэ гэж юу гэж байгаа юм” гэхээр нь би “Чи мэддэггүй юм уу” гээд л тоглоом шоглоом хийж байсан шүү.
Ингээд ‘Толин хул”-ынхаа аяыг нь сонсч хэрхэн дуу болгох талаар ярилцсан юм. Тэгээд гийнгоо ч юм уу хөөмий оруулбал зүгээр санагдаж байлаа. Хэнээр дуулуулахаа ч шийдэх боллоо. Лхагвасүрэнгээр дуулуулъя гэж бид хоёрын санаа нийлсэн дээ.
-Тэгээд дараа нь юу болсон бэ?
-Би морио уяад хөдөө явчихсан. Харин долдугаар сарын 5,6-ны үеэр Чука залгаад дуу бүтсэн тухай дуулгасан даа. Би Бугын сангийн аж ахуйд морь уяж байсан юм.
Тэгээд хот руу очиж СD дээр хуулсан дууг сонсоход үнэхээр гоё санагдсан. Тэгэхээр энэ дуу наадмын өмнө төрсөн гэсэн үг. Дуугаа морины хүүхдүүддээ ч сонсголоо. Тэгэхэд тэд хоёр, гурван удаа сонсоод л дуулж эхэлсэн дээ.
-Та ер нь хэр олон дуутай вэ?
-Миний шүлгээр хийсэн арав гаруй дуу байдаг юм. Үүгээрээ цомог гаргах санаатай.
-“Толин хул”-ыг сонсохоор өөрийн эрхгүй огшоод ирдэг. Нууц нь юундаа байдаг юм бол?
-Дуу гэдэг ганц Монголоо гэсэн сэтгэл, үндэстнээ, монгол ахуй, соёлоо гэсэн сэтгэхүйтэй холбоотой. “Толин хул”-ыг морь унаж үзээгүй, адуу малнаас хол өссөн хотын залуус хүртэл сонсох дуртай. Дуулах ч дуртай.
СD дээр хуулсан дуугаа сонсоход үнэхээр гоё санагдсан.
Дуу өөрөө рок поп талдаа ч биш, ардын талынх ч биш. Аль аль талыг нь барьсан учир ямар чдавхаргын хүн сонирхдог дуу болсон гэж ойлгодог.
-Танд дууны клип нь ямар санагддаг вэ?
-Клипийг нь миний найз Л.Мөнхжаргал хийсэн. Манайхан дууны клип, кино хийхдээ нэг л хэвийн. Байшин дотор ч юм уу, аль эсвэл нэг өрөөнөөс хэтрэхгүй. Тиймээс уран сайхны кино шиг өрнөлтэй клип хийе гэж зорьсон. Зохиолыг нь Мөөгий өөрөө бичээд хийсэн нь сайхан болсон.