Мэндчилгээ
Цөмийн Энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2013.07.09

Мэндчилгээ

Өсөж торних үрсдээ өглөөний нар шиг мандах хүч, өндрийн бүргэд мэт нисэх жигүүр хайрладаг өвгөдийнхөө гүн ухаанд өнө мөнхөд сүсэглье. Байгаль дэлхийгээ танин мэдэж, тэр ухаарлаараа хайрлан шүтдэг агуу суу билигт Монгол түмэн минь шинэ зууны дэвшилтэт технологит оюун сэтгэлээ зориулж, Их Монгол улсын мандан бадрах торгон зурхай дээр хотлоороо ирээд байна.

Хүн төрөлхтний ирээдүй физик химийн шинжлэх ухаан дээр тогтох болсон эдүгээ цагт, физик тэр дундаа цөмийн физикт эрдэм мэдлэгээ зориулсан үе үеийн эрдэмтэд, шинжлэх ухааны ажилтан, тэдний гэр бүл, ахан дүүс, дэмжигч байгууллага, хүмүүст Монгол түмний үндэсний их баяр цэнгэл наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Энэ онд Монгол Улсад Цөмийн энергийн комисс байгуулагдсаны 50 жил, ОУАЭА-ийн гишүүнээр элссэний 40 жилийн ой тохиож байна. Эх орныхоо хөгжилд цөмийн технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх гэгээн үйлсэд оруулсан та бүхний хувь их.

Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах ажилд амжилт олох эрч хүчээ зузаатган сайхан наадаарай.  

Эвшээлгэж татсан нумны сум нь мэргэн байг

Эр баяртай бөхчүүдийн мэх нь уран байг

Эрэмгий шандаст хурдны уяа нь цэх байг

Эгэл ардын минь баяр дэлгэр сайхан болог ээ  

Цөмийн энергийн газрын дарга, Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч                Норовын Тэгшбаяр