Барилга хот байгуулалтын яам ШУТИС-тай хамтарч ажиллана
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректор Т.Батбаяр нар
2013.07.16

Барилга хот байгуулалтын яам ШУТИС-тай хамтарч ажиллана

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректор Т.Батбаяр нар хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Барилгын салбарт шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх, мэргэжилтэй  боловсон хүчин бэлдэх, сургалтын баазыг бэхжүүлэхэд  чиглэсэн олон талт хамтын ажиллагааг хамтран зохион байгуулах юм.

ШУТИС нь барилгын инженер, архитектурын сургууль, механик инженерийн сургуулиараа барилгын салбарт боловсон хүчин бэлддэг. Тус сургуульд өнөөдрийн байдлаар 35 мянган оюутан суралцаж байна.

Хамтарч ажиллах гэрээнд оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг барилга дээр явуулахад яамны зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах үүрэг хүлээж байна.  Мөн эрдэмтэн багш нарыг дэмжиж,  онолын болон суурь судалгаа шинжилгээний төсөл захиалгаар гүйцэтгүүлэх, засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр бусад шугамаар гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах юм.

Хамтарч ажиллах гэрээнд оюутнуудын дадлагыг барилга дээр явуулахад яамны зүгээс дэмжлэг үзүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах үүрэг хүлээжээ. 

Харин ШУТИС-ын зүгээс барилгын салбарын эрэлтэнд нийцсэн өндөр мэдлэгтэй инженерүүдийг бэлдэж өгнө. Мөн  салбарын норм дүрэм, журам боловсруулах ажилд оролцох зэрэг ажлуудыг хийх юм.

Гэрээнд  гарын үсэг зурах арга хэмжээнд БХБЯ-ны газрын дарга нар ШУТИС-ыг төлөөлж БИАС-ын захирал П.Отгонбаяр, МИС-ын захирал Д. Цолмонбаатар нар оролцлоо.

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректор Т.Батбаяр Барилга хот байгуулалтын сайд та өөрийн биеэр манай барилгын инженерийн сургууль дээр очиж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллахаар болсонд баяртай байна.

ШУТИС-ын зүгээс боловсон хүчнийг чанартай төгсгөн гаргахад анхаарахын зэрэгцээ сайд таны хэлж ярьсан бүхнийг ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэлээ.