Дулааны үнийг 80кв метрээс дээш бол 10000 төгрөг төлнө
Эрчим хүчний зохицуулах хороо
2013.07.22

Дулааны үнийг 80кв метрээс дээш бол 10000 төгрөг төлнө

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмэх асуудлаар хийсэн судалгаандаа үндэслэн иргэдээс хэрэглээний түвшинд нь таацуулсан төлбөр  авахаар болжээ.

ЭХЗХ-ны дарга С.Отгонбаяр энэ талаар, “Манай зүгээс эрчим хүчний яаманд үнийн шинэ зохицуулалт хийх үндэслэлээ хүргүүлсэн ба эрчим хүчний хэрэглээ нь ахуйн түвшинд буй айл өрхүүд өмнө нь мөрдөж байсан 79 төгрөгийн тарифын төлбөрөө төлнө” хэмээн тайлбарласан юм.

“Ухаалаг хэрэглээг дэмжих” хэмээн тодотгож буй шинэ зохицуулалтаар айл өрхүүд 150кв цагаас бага эрчим хүч хэрэглэсэн бол 79 төгрөг, 151кв цагаас дээш болвол 96 төгрөгөөр тооцуулан төлбөрөө төлөх ажээ.

Цахилгаан түгээлт

Харин аж ахуйн нэгж байгууллагуудадын цахилгааны үнийг хорин хувиар нэмэв. Зохицуулах хорооны зүгээс үүнийг дарамт учруулахаар их нэмэгдэл биш гэж үзэж байна. Үнийн нэмэгдлээс шалтгаалан хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагууд үнийн хөөрөгдлийг зохиомлоор бий болгож магадгүй тул ШӨХТГ анхааралдаа авчээ.

Манай улсын эрчим хүчний хэрэглээний 40 хувийг уул уурхайн компаниуд эзэлдэг байна. Энэ шийдвэр гарснаар уул уурхай дахь цахилгааны  хайр найргүй хэрэглээ нь хумигдах аж.

Дулаан үнийн зохицуулалтыг мөн иргэдийн хэрэглээний боломжид таацуулан авахаар шийджээ. Манайд хуучны орон сууцууд ихэвчлэн 25-40 метр квадрат байдаг. Тиймээс байрны оршин суугчдын дулааны үнийг нэмээгүй байна.

Харин 40-80 буюу 80кв метрээс доош айл өрхүүд  5000, 80кв метрээс дээш бол 10000 төгрөг төлөх шийвэрийг гаргажээ. Улсын хэмжээнд 120000 айл өрх орон сууцанд амьдарч байгаагийн 80 гаруй хувь нь 40-80 метр квадрат байранд амьдардаг байна.