
Х.Нямбаатар: Дамбадаржаагийн 63 МВт ДЦС-ын хүчин чадлыг 100 МВт-аар өргөтгөхгүй бол ачааллаа дийлэхгүй
Хотын зүгээс өнгөрсөн онд эрчим хүчний салбарт 2 төсөлд хөрөнгө оруулалт хийж, эрчим хүчний эх үүсвэрийг 200 МВт-аар нэмэгдүүлсэн талаар Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар мэдээлэв.
Үргэлжлүүлэн тэрбээр “Энэ төслүүд өвлийг гал алдахгүй давахад овоо дэм болсон. Бид удахгүй Сэлбэ дэд төвийн хүрээнд чөлөөлсөн газарт орон сууц барих сонгон шалгаруулалт зарлана. Энэ хүрээнд Сэлбэ 28 МВт станцаас гадна Дамбадаржаад 63 МВт дулааны станцын бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн явж байгаа. Гэтэл Дамбадаржаад баригдах станцыг 100 МВт-аар өргөтгөхгүй бол ачааллаа дийлэхгүй гэдэг тооцоолол гарсан.
Ингээд үзэхээр 163 МВт дулааны станцад өдөрт хамгийн багадаа 60 хүнд даацын машин нүүрс хэрэглэх тооцоолол гарч байгаа. Тухайн бүс төмөр замын дэд бүтэцгүй учраас хүнд даацын машинаар нүүрс зөөж таарна. Гэтэл гэр хорооллын шигүү суурьшлын бүсэд өдөрт ийм олон тооны хүнд даацын машин явах нь өөрөө эрсдэл дагуулна. Тиймээс бид Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай хамтраад газрын гүний дулааны хайгуулыг эхлүүлсэн. Энэ хайгуул амжилттай болбол бид цаашид нүүрсний цахилгаан станцыг орлох, ашиглалтын зардал багатай шийдэлтэй болно гэсэн үг” хэмээн онцлов.