БАГАНУУР ДҮҮРЭГТ БАРИГДАЖ БУЙ БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН СТАНЦЫН АЖИЛ 85 ХУВЬТАЙ БАЙНА
2024.11.27

БАГАНУУР ДҮҮРЭГТ БАРИГДАЖ БУЙ БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН СТАНЦЫН АЖИЛ 85 ХУВЬТАЙ БАЙНА

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 5 га талбайд 50 МВт/200МВт.ц-н хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж байна. Энэхүү станцыг байгуулах гэрээг өнгөрсөн есдүгээр сарын 6-нд байгуулсан бөгөөд энэ сарын 30-ны өдөр техникийн комисс ажиллаж, ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Өнөөдрийн байдлаар батарей станц, дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, багануур дэд станцын өргөтгөлийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн ба ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын тэргүүлэгч “Энвижн энержи” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” ХХК ажиллаж байна. “Энвижн энержи" ХХК нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салхин сэнс, эрчим хүчний хуримтлуур буюу батарей үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг юм.

Төвийн болон дорнод бүсийг эрчим хүчээр хангах гол зангилаа нь Багануур дүүрэг. Энэхүү Батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгаль орчинд ээлтэй, ногоон эрчим хүчний эх үүсвэрээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулан, өдрийн оргил ачааллын үед төвийн системд нийлүүлэх тохируулгын системийг бий болгохоор ажиллаж байна.