Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 380 тэрбум төгрөгөөр давж биелжээ
2011.09.07

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 380 тэрбум төгрөгөөр давж биелжээ

Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн хоёрдугаар улирлын гүйцэтгэлийг  Сангийн сайд С.Баярцогт өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Манай улсын нэгдсэн төсвийн 2011 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 124,6 хувийн, нийт зарлага 78,3 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 57,8 тэрбум төгрөгийн ашигтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 897,0 тэрбум төгрөгөөр их байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого оны эхний 6 сарын гүйцэтгэлээр 1,926,0 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 380,0 тэрбум төгрөгөөр буюу 24,6 хувиар давж биелж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 55,4 хувиар буюу 686,4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийт орлогын 87,8 хувь нь татварын орлогоор, 11,8 хувь нь татварын бус орлогоор, 0,4 хувь нь хөрөнгийн орлогоос тус тус бүрджээ. “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоос нийт 40,7 тэрбум төгрөгийг тогтворжуулалтын сангийн орлогод бүртгэжээ.

Харин нэгдсэн төсвийн нийт зарлага 2011 оны 6 дугаар сарын байдлаар 2,385,3 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 1,868,2 тэрбум төгрөгийн буюу 78,3 хувийн гүйцэтгэлтэй гарч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 32,8 хувиар буюу 461,1 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хүний хөгжил сангаас иргэдэд олгох бэлэн мөнгийг нэмэгдүүлж сар тутам 21,000 төгрөг болгосон, оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг болгож 500,000 төгрөгийг шинээр олгох болсон нь зарлага нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна.

Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2011 оны 2 дугаар улирлын гүйцэтгэлээр 1,321,2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 215,3 тэрбум төгрөгөөр буюу 19,5 хувиар давж биелж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 35,0 хувиар буюу 342,9 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Импортын бараанд ногдуулж байгаа онцгой албан татварын орлогын гүйцэтгэл 36,8 тэрбум, гаалийн албан татварын орлогын гүйцэтгэл 27,7 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн нь манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оноос 77,1 хувиар буюу 2,053,4 сая ам.доллараар нэмэгдсэнтэй холбоотой байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.