Барак Обама Ц.Элбэгдоржид баярын захидал ирүүлжээ
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама
2013.08.01

Барак Обама Ц.Элбэгдоржид баярын захидал ирүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Ерөнхийлөгчөөр  дахин сонгогдож, тангаргаа өргөсөнд баяр хүргэж захидал ирүүлжээ.  

Ерөнхийлөгч Б.Обама захидалдаа “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож 7 дугаар сарын 10-нд тангаргаа өргөсөнд баяр хүргэе. Улс орноо хоёр дахь удаагийн бүрэн эрхийн хугацаанд удирдан жолоодох хүндтэй үүрэг хариуцлагыг манай хоёр орны иргэд хүлээлгэж, ардчилсан сонгуулиар дахин сонгосон нь бидэнд олгож буй эрхэм боломж юм.  

Таны удирдлага дор Монгол Улс ардчилсан шинэчлэлийг хийх, эдийн засгаа хөгжүүлэхэд чухал ахиц дэвшлийг гаргаж, дэлхийн шинэ тулгар ардчилсан орнуудад үлгэр дууриал болж байна.   Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Тантай ажиллахдаа миний бие баяртай байна. Хоёр орны худалдааны өсөлт нь эерэг хандлагатай байгаа бөгөөд Монгол Улс дахь АНУ-ын хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлэх замаар эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлье.  

Ил тод байдлын хэлэлцээрийг байгуулах, түүнчлэн манай улсын шилдэг технологи, туршлага зэрэгт суурилсан уул уурхайн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих чухал арга зам болно.   Миний бие Цагаан Ордонд 2011 оны 6 дугаар сард Тантай уулзаж байснаа эргэн дурсахад таатай байна.

Ерөнхийлөгчөөр ажиллах хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Танд амжилт хүсье” хэмээгээд гарын үсэг зуржээ.   Ерөнхийлөгч Б.Обама Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, 2013 оны 6 дугаар сарын 27-нд мөн мэдэгдэл гаргасан билээ.