Даатгалын салбарын 2013 оны зорилт
2012 оноос Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж албан журмаар даатгуулсан даатгуулагчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор даатгалын компаниудын олсон нийт орлого ихээхэн өссөн дүнтэй гарсан.
2013.08.07

Даатгалын салбарын 2013 оны зорилт

Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын салбарын хөгжлийн сүүлийн жилүүдийн динамик үзүүлэлтүүдийг харьцуулж үзэхэд даатгалын зах зээл эрчимтэй хөгжиж, даатгалын байгууллагуудын тоо, даатгагчдын нийт хөрөнгө, хураамжийн орлого, нэг хүнд ногдох даатгалын хураамжийн хэмжээ өсч байгаа нь даатгалын зах зээлд оролцогч компаниуд, тусгай зөвшөөрөл, эрх эзэмшигчдийн үйл ажиллагааг тууштай дэмжиж ажилласантай холбоотой боловч цаашид даатгалын зах зээлийн зохицуулалтыг боловсронгүй болгоход илүү анхаарал хандуулахыг шаардаж байна.

Тайлант онд ердийн даатгагч 1, даатгалын зуучлагч 9, даатгалын компанийн салбар 25, актуарч 2-оор тус тус нэмэгдсэн нь даатгалын салбарын дэд бүтэц хөгжиж, даатгалын зах зээлд оролцогсдын хүрээ тэлж байгааг илтгэхийн хамт даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн Хорооны хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай болж байна.

Даатгалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн

Даатгалын байгууллагуудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх онуудын мөн үетэй харьцуулахад 2010 онд 56.7 тэрбум, 2011 онд 81.3 тэрбум, 2012 оны 4 дүгээр улиралд 107.6 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 1.3 дахин өсч, даатгалын хураамжийн нийт орлого тайлант онд 79.0 тэрбум төгрөг болж өмнөх оныхоос 31.1 тэрбум төгрөгөөр буюу 1.6 дахин нэмэгдсэн нь даатгалын салбарын санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч байгааг илтгэн харуулж байна.

Нөгөө талаас энэ нь даатгагч нарын санхүү хөрөнгийн чадавхи сайжирсныг харуулж байгаа боловч эдгээр үзүүлэлтийг даатгалын нөөц сангийн өсөлттэй харьцуулахад даатгалын нөөц сан байгуулалтын хурдац байвал зохих хэмжээнээс ихээхэн хоцорч, улмаар даатгалын зах зээлийн тогтвортой тогтвортой байдалд цаашид сөргөөр нөлөөлөхөд хүргэж болзошгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл даатгалын компаниуд даатгуулагч иргэд, байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ дутуу биелүүлж, өөрсдийн цэвэр ашгийг нэмэгдүүлэхэд голлон анхаарч, гүйцэтгэх удирдлага нь хувь нийлүүлэгчдийн шахалтаар ногдол ашиг ахиу хуваахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаатай шууд холбоотой гэж үзэж болохоор байгаа ба энэ нь даатгалын зах зээлд олон нийтийн итгэх итгэлийг
нэмэгдүүлэхэд муугаар нөлөөлөх болно.

2012 оноос Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж албан журмаар даатгуулсан даатгуулагчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор даатгалын компаниудын олсон нийт орлого ихээхэн өссөн дүнтэй гарсан. Үүнтэй холбогдуулан даатгалын нөхөн төлбөр олголтыг шуурхай болгох шаардлагатай байна.

Нөгөө талаас зам тээврийн осолд өртсөн даатгалгүй гуравдагч этгээдэд нөхөн төлбөр олгохтой холбоотой жолоочийн хариуцлагын даатгалын нэгдсэн сан болон даатгалын мэдээллийн сангийн бүрдэлтийн явцыг Албан журмын даатгагчдын холбооноос эрчимжүүлж сайжруулахыг шаардаж байна.

Даатгалын зах зээлийн статистик үзүүлэлтүүд өсөлттэй гарч байгаа хэдий ч даатгалын салбарт 2013 онд дараахь асуудалд анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй байна:

1. Даатгалын салбарт эрсдэлийн үнэлгээнд суурилсан удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх бэлтгэлийг хангах зорилтын хүрээнд даатгалын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, даатгалын ангиллыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх, иргэд, байгууллагуудын зүгээс даатгалын үйл ажиллагаанд зохицуулалтын хүрээний бус шугамаар хяналт тавих нөхцлийг бүрдүүлэх болон даатгуулагчдын эрх ашгийг тууштай хамгаалах.

2. Байгуулагдсан цагаасаа хойш урт хугацааны даатгалын үндэсний компани нь байнга алдагдалтай ажиллаж ирсэн байдлыг харгалзан урт хугацааны даатгалын үйл ажиллагааг нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой уялдуулах, амьдралын даатгалд даатгуулсан иргэдэд дэмжлэг үзүүлж тэдний даатгалд төлсөн хураамжийг татвараас чөлөөлөх буюу хөнгөлөлтөд хамруулдаг болох шаардлагатай байна.

3. Даатгалын компаниудын санхүүгийн тайлангийн нийт хөрөнгөнд даатгалын нөөц сангийн эзлэх хувь хэмжээ сүүлийн жилүүдэд дорвитой нэмэгдэхгүй, улмаар зарим даатгагч нарын нөөц сангийн хэмжээ жил дараалан буурч байгаа нь даатгалын компанийн эрсдэл даах санхүүгийн чадавхид сөргөөр нөлөөлж байгаад анхаарч даатгалын андеррайтер болон актуарчдыг чадавхижуулахад чиглэсэн дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

4. Даатгалын компанийн мөнгөн хөрөнгийн байршил, хөрөнгө оруулалтын журмыг сайжруулж, үнэт цаасны зах зээл дээр хувьцаа худалдаж авах, арилжих эрхийг нээж өгөх, өөрийн хөрөнгийн зохицуулалт, хяналтыг боловсронгуй болгоход нь дэмжлэг үзүүлэх.

5. Иргэд, даатгуулагчдын санхүүгийн болон даатгалын талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажлыг сайжруулах зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагуудтай хамтарч сургалт, сурталчилгааны тусгайлсан хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах шаардлагатай байна.

6. Орон нутаг дахь даатгалын байгууллагуудын салбарын үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх, салбаруудын биеэ даасан үйл ажиллагаа, орон нутгийн хөгжлийг хангахад орон нутгийн онцлогтой уялдсан даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг хөхүүлэн
дэмжих.

7. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хуулинд арилжааны даатгалын холбогдолтой асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлээр судалгаа хийж, хуулийн төслийг боловсруулах

8. Үндэсний давхар даатгалын компани байгуулах талаар судалгаа хийж, үндэслэл боловсруулах зэрэг болно.