Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ
2013.08.08

Наадам дуусч намрын ажил эхэлж буйг санууллаа

Засгийн газрын тэргүүн сар бүрийн эхний долоо хоногийн лхагва гаригт аймгийн удирдлагуудтай цахим хурал хийдэг. Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй зарим яам, газар, агентлагийн төлөөлөгчид өчигдөр ээлжит 12 дахь цахим хурлаа хийлээ.

Хурлын эхэнд Ерөнхий сайд өмнөх цахим хурлаар аймгуудын Засаг дарга нартай хэлэлцэж тохиролцсон ажлуудын биелэл. үр дүнгийн талаар товчхон мэдээлэл хийсэн.

Тус хурлаар аймаг бүрт тулгамдсан асуудлаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт бичгээр ирүүлж, түүнийх нь дагуу тус бүрт нь цахим хурал хийх байх шийдвэр гаргасан юм. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Өмнөговь зэрэг долоон аймгаас бусад нь тусгайлсан цахим хурал хийж тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэсэн байна. 

Ерөнхий сайдыг мэдээлэл өгсний дараа Засаг дарга нар өөрийн аймаг орон нутагт нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудлуудаа хэлж, холбогдох хүмүүсээсээ хариулт авч байв. Тухайлбал, Сүхбаатар болон Увс аймгууд “Орон нутаг хөгжүүлэх сан”-ийн санхүүжилт тасарснаас бүтээн байгуулалтын зарим ажил зогсоод байгааг Ерөнхий сайдад дуулгасан.

Цахим хурал

Үүнд Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат “Эдгээр аймгуудын наймдугаар сарын санхүүжилтийг энэ долоо хоногт багтаан хийнэ. Үүнээс гадна энэ оны эхний долоон сарын байдлаар “Орон нутаг хөгжүүлэх сан“-аас аймгуудын дансанд 88.3 тэрбум төгрөг шилжүүлсэн.

Гэтэл одоогоор энэ мөнгөний тал хувь нь буюу 42.2 тэрбум төгрөг ямар нэгэн байдлаар зарцуулагдаагүй, дансандаа байсаар байна” гэсэн юм. Харин үүнд Ерөнхий сайд ихэд шүүмжлэлтэй хандсан.

Тэрбээр ‘Та бүхэн энэ тал дээр илүү уян хатан ажиллах хэрэгтэй. Мөнгөө зөв зүйтэй зүйлд зарцуулж буй, дансандаа үлдэгдэлгүй байгаа аймгуудын данс руу илүүдээд байгаа мөнгийг нь шилжүүлчих л дээ. Тэр ашиглахгүй байгаа аймгуудад асуудал байхгүй юм байлгүй. Тэгвэл асуудалтай газрууд руу нь өг л дөө” хэмээсэн юм. Харин Хөвсгөл аймгийнхан хүйтэн өвөлжиж мэдэхээр болсноо дуулгасан.

Тодруулбал, шинээр баригдаж байгаа Дулааны станцын ажил удаашралтай байгаа бөгөөд төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэж өгөх боломжгүй байгаа аж. Уг нь бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй компани нь төсөвт тусгагдсан өртгийнхөө 98 хувийг авсан юм байна.

Харин үүнд салбарын яамны зүгээс гүйцэтгэгч компанийн үлдсэн санхүүжилтийг шийдэж, Дулааны станцыг энэ онд багтаан ажиллагаанд оруулахаа мэдэгдлээ. Хурлын төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймаг, орон нутгийн удирдлагуудад хандан хэд хэдэн зүйлд анхаарч ажиллахыг санууллаа.

Тэрбээр “Наадам дуусч намрын ажил, өвөлжилтийн бэлтгэлээ хангах цаг аль эрт боллоо” хэмээн онцлон сануулж байв. Мөн тэрбээр орон нутгуудад өөрсдийн хот төлөвлөлтийг шинээр гаргаж саналаа ирүүлэхийг үүрэгдэв.

Мөн аймаг тус бүрт гурваас дөрвөн ширхэг Төрийн үйлчилгээний цахим машиныг байршуулахаа хэллээ. Одоогоор нийслэлд 17 ширхэг төрийн үйлчилгээний цахим машиныг суурилуулаад байгаа аж. Эдгээр цахим машиныг одоогийн байдлаар 10 мянга гаруй иргэн ашиглаж, 12 мянга орчим үйлчилгээ авсан хэмээх мэдээллийг Ерөнхий сайд өгсөн юм.