С.Бямбацогт: Бид хэтэрхий эрдэж, дандаа ялах юм шиг бодож явж
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.08.12

С.Бямбацогт: Бид хэтэрхий эрдэж, дандаа ялах юм шиг бодож явж

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн болон МАН-ын шинэчлэлийн тухай асуудлаар ярилцлаа.

- Өнгөрсөн таван удаагийн сонгуульд танай нам дараалан ялагдал хүлээсэн нь юунаас болсон гэж үзэж байна вэ?

-Улс төрийн намд ялах, ялагдах үзэгдэл байдаг л зүйл. Түүнээс биш сүйрэх, сөнөх асуудал биш. Үүнийг манай намын дарга Бага хурал дээр тавьсан илтгэлдээ онцгойлон дурдсан. Тэр бүү хэл, түүний илтгэлд “2016, 2020 онд МАН ялалтын баяр тэмдэглэнэ” гэж орсон байна билээ. Ер нь яг дараалсан таван удаагийн ялагдал биш л дээ.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам ялагдал хүлээж, 2010 оны Чингэлтэй дүүрэгт болсон нөхөн сонгуулиар манай намын Д.Зоригт ялалт байгуулж байсан. Тиймээс таван удаа дараалж ялагдсан болгож дэвэргээд байх хэрэггүй.

Ялагдсан учраас хэзээ ч босч ирэхгүйгээр сүйрлээ, мөхлөө, сөнөлөө, дууслаа гэж ярих бүр ч шаардлагагүй. Яах вэ ялагдлын шалтгаан олон байгаа. Түүнийг өнөөдөр тоочоод байх хэрэг алга.

Мэдээж хамгийн гол шалтгаан нь манай нам эрх барьж байх үедээ хэтэрхий эрдэж, дандаа ялж явах юм шиг бодож явж. Дээр нь төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнууд иргэдийнхээ амьдралаас тасарчихсан гээд өөр олон шалтгаан дурьдаж болно.

-Таны намын даргын илтгэлээс иш татсанаар бол 2016, эсвэл 2020 онд МАН- ын талбайд ялалтын баяр хийнэ гэлээ. Гэвч МАН- д итгэх ард түмний итгэл сулраад байна шүү дээ?

МАН-ын Бага хурал

-2000 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулж 72 суудал авч байлаа. Харин АН тэр үед ганцхан суудал авч байсныг эргэн санах ёстой. Ялалтын буухиа нэг их холгүй байна.

Гэхдээ манай намд байгаа нэг харамсалтай зүйл бол намын нэрээр өндөр албан тушаалд хүрч байсан хүмүүс намаа хэцүү байдалд орсон үед нь орхиод алга болчихлоо. Тэд яагаад эргээд намынхаа төлөө, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чаддаггүй юм бэ. Нам ялж, мандаж байгаа үед нь МАН-ыг дагаад гүйдэг л байсан шүү дээ.

-МАН-ын нэрээр өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс авилгын хэрэгт холбогдох нь их боллоо. Энэ хүмүүст хатуухан хариуцлага тооцьё гэдгийг танай намын дэргэд байгуулагдсан “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнийхөн хэлээд байгаа. Тэднээс болж МАН ард түмэнд муухай харагдаад байна уу?

-Албан тушаалаа ашиглах, олж авсан эрх мэдлээ орлого олох хэрэгсэл болгох нь ганц МАН-д гэлтгүй аль ч намд байсаар байгаа. Цаашдаа ч байх л байх. Үүнийг нэг өдөр гэнэтхэн хусаад цэвэрлээд алга болгох нь хэцүү. Хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн ихэнх нь МАН-ын гишүүд байгаа нь эрх барьж байсантай холбоотой.

АН-ын гишүүд авилгатай холбогдсон нь мөн л олон. Гагцхүү өнөөдөр эрх барьж байгаа нам маань тэр асуудалд ялгавартай хандаад байгаад л учир байгаа юм. МАН-ын гишүүдийг л барьж авч шалгаад байгаа хэрнээ АН- ын авилгачдыг ар талд нь сэмхэн үлдээгээд байна.

-Энэ нь АН-ын зүгээс МАН-ыг сулбайсан дээр нь арчиж хаях гэсэн санаа гэж хэлэх юм. Ингэснээр АН-д ашигтай юу?

-Манайхан зарим нь МАН-ыг байхгүй болгочихвол хэрэгтэй гэж ярьдаг. Гэтэл МАН байхгүй бол АН-д төдийгүй Монголын ард түмэнд хортой. Монгол төрийн багана болсон энэ хоёр намын дунд эрүүл, цэвэр өрсөлдөөн байж гэмээнэ хөгжинө.

Энэ утгаараа улс төрийн намууд хүчтэй байх юм бол улс төр эрүүл байдаг. Улс төр эрүүл цэвэр бол монгол төр хүчтэй, ард түмний амьдрал сайжирна. Энэ үүднээс нь бид асуудалд хандах ёстой. Тэгэхгүй өрсөлдөгчөө ямар нэгэн бохир буруу аргаар дарж л байвал өөрсдөө сайхан болчих юм шиг бодвол үүн шиг том эндүүрэл байхгүй.

МАН хүчтэй байвал АН хүчтэй байна. Энэ хоёр нам хүчтэй байвал Монголын төр хүчтэй болж ард иргэд сайхан амьдарна.

-Намын дүрэмд авилгын асуудлыг хэрхэн зохицуулахаар тусгасан байдаг юм бэ?

-Намын дүрэмд албан тушаалтныг шилж сонгох, хариуцлага тооцох журам тусгагдсан. Ёс зүйн дүрэм ч байдаг. Энэ дүрмийнхээ дагуу хариуцлага тооцож байсан тохиолдлууд олон бий. Гэтэл одоо манай намынхан хэт их найзан дундаа болсон.

Удирдлагууддаа тал засч гүйгээд байхаар өнөөх дарга нь ч өмгөөлж, хамгаалаад хариуцлага тооцож чаддаггүй юм шиг байна. Ингэж намын асуудлыг хэсэг хүмүүс ар худрагаар ханцуй дотроо шийддэг болсон нь болохгүй асуудлыг ил гаргаж, хариуцлага тооцох боломж өгөхгүй байсаар өдий хүрчихэж.

-Энэ ялзрал төрд ч гэсэн байгаа. Тэгээд цаашид яах ёстой вэ. Өмгөөлж хамгаалаад, өрөвдөөд байгаа тэр дарга нарыг нь яах вэ?

 -Одоо МАН-аас төрд өндөр албан тушаал хашдаг хүн алга. АН эрх барьж байгаа үедээ МАН-ынхан биш эрх баригчдын дундаас тийм асуудал үүсгэж байгаа хүмүүсийг барьж аваад асуудлыг шийдэх байлгүй. Харж, хүлээж байя.

-Та өөрийн намын шинэчлэлийн асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Таны бодитоор МАН чухам яаж шинэчлэгдэх хэрэгтэй юм бол?

МАН-ын хурлын үеэр

-Шинэчлэл гэх үйл явц тасралтгүй үргэлжлэх процесс. Гэнэтхэн нэг өдөр байхгүй байсан зүйлийг бий болгоод, шинэчилчихлээ гэж ярьж болохгүй шүү дээ. Удирдлагаа сольсноор ч шинэчлэгдчихдэг юм биш. Шинэчлэхийн тулд шинэ байшин болгож буйтай адил эхлээд суурийг нь тавиад дараа нь өрөө тасалгааг нь хийгээд дотор тавилгаа байрлуулах хэрэгтэй.

Тэгэхгүй байшингаа яаж барихаа мэдэхгүй, сууриа ч тавиагүй байж дотор нь орж суух гэх нь буруу. Байшингийн эзэн хэн байх тухай яриад бүр ч утгагүй.

-Тэгэхээр таныхаар халахыг нь халаад, солихыг нь солиод цоо шинээр нам байгуулах ёстой гэж ойлгох нь ээ. Гаргалгаа нь тийм ч тодорхой ойлгогдохгүй байна?

-Үүнийг цогцоор нь авч үзэх ёстой. Юуны түрүүн бидний үзэл баримтлал болж байна уу. МАН хамгийн зөв үзэл баримтлалтай нам гэж би боддог. Монголын ард түмний амьдрал, сэтгэлд хамгийн ойрхон, энгийн үгээр хэлбэл, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэсэн агуулгатай, зүүний үзэл баримтлалтай нам. Яг энэ үзэл баримтлалдаа хэлбийлгүй зогсч ирсэн.

Үүнийг ч Монголын ард түмэн таатай хүлээж авдаг. Гэтэл АН барууны үзэл баримтлалтай нам. Энэ бол чаддаг хүний зол, чадахгүй бол хохь гэдэг үзэл л дээ. Харамсалтай нь АН барууны үзэл баримтлалтай гэх мөртлөө зүүний бодлого тээж явдаг нам байхгүй юу. Ингээд үзвэл манай намын үзэл баримтлал зөв байгаа биз.

Ганцхан, үзэл баримтлалаа олон нийтдээ хүргэж чадахгүй л байна.Тэгвэл үүнийг яаж хүргэх вэ, хэн, хэзээ, яаж хүргэх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Энэ асуудал цогцоороо болж байж намын шинэчлэл, ялагдлын шалтгаанаа зөв тодорхойлно.

-Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 42 хувийн санал авсан. Энэ хувь хүнд өгсөн санал уу, аль эсвэл намд өгсөн санал уу. Та юу  гэж үздэг вэ?

-Аль алинд нь өгсөн санал. Ер нь МАН-д өгсөн санал гэж ойлгож болно. МАН УИХ-ын сонгуульд 31, орон нутгийн сонгуульд 40, Ерөнхийлөгчийн сонгуульд 42 хувийн дэмжлэгийг олон нийтээс авсан. Энэ бол тодорхой хэмжээний амжилт байгааг илтгэж буй юм. Гэхдээ манай нам өнөөдөр түүхэнд байгаагүй хүнд үедээ байна.

Төрийн эрх мэдэл АН-д бүрэн шилжлээ. Ийм хүнд үед бид сонгуульд орж, амжилт гаргаж байгааг маань ирээдүй гэрэл гэгээтэй цааш цаашдын сонгуульд ялна гэдгийг харуулж байна гэж ойлгож байгаа. МАН 90 жилийг хугацаанд энэ улсыг авч явсан Үүнээс илүү үүрэг гүйцэтгэх боломжтой гэж би хардаг.

-МАН-ын дүрэмд шинэчлэл оруулах шаардлагатай юу?

-Байгаа. Өнөөдрийн мөрдөж байгаа дүрмийг бид төр барьж, олонх байх үедээ гаргасан. Нэг ёсондоо эрх барих үеийн намын дарга засгаа удирдана гэх мэт байдлаар хийгдсэн.

Гэтэл одоо бид цөөнх болсон. Цөөнх байх Үеийн намын дарга намаа хүчтэй удирддаг байдал руу шилжихгүй бол болохгүй нь. Юу вэ гэхээр цөөнх болсон МАН-ын дарга хаздаг шүдтэй, мөргөдөг эвэртэй, тийрдэг туурайтай болох ёстой юм байна.

-Та намын Бага хурлыг стандарт бус шийдвэр гаргаагүй, хууль дүрмийнхээ хүрээнд болон гэж дүгнэсэн байна билээ. Өмнө нь дандаа хуулиас гажууд болдог байсан хэрэг үү?

-МАН-ын дүрмийн заалтад намын даргыг Их хурлаар сонгож, бүрэн эрх нь дараагийн намын Их хурлаар дуусгавар болно гэж тусгасан байдаг. Намын дүрэм бол бидний хувьд Үндсэн хууль. Гэтэл 2010 онд С.Баяр дарга намынхаа даргын ажлыг Бага хурлаараа Сү.Батболд даргад өгсөн.

Харин 2012 оны сонгуулийн дараа Сү.Батболд дарга Ө.Энхтүвшинд ажлаа өгч байсан. Өөрөөр хэлбэл намын дүрмийн заалт хэрэгжилгүй хоёр удаа намын дарга ажлаа өгч, шинээр томилогдох процесс явагдсан гэсэн үг. Үүнийг би стандарт бус гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна намын даргын илтгэлд орсноор 2008 оны стандарт бус шийдвэрийн үр дүнд өнөөдөр МАН ийм байдалтай байгаа юм.

Тодруулбал, манай нам 2008 онд УИХ-д 45 суудал авсан. Ингэхдээ 25 суудалтай АН-ыг гэр оронгүй байхад нь гэртээ багтааж, хамтарч засаг байгуулж ажилласан. Гэтэл 2012 оны сонгуулиар дөнгөж 30 гаруйхан суудал авсан өнөөх АН маань 26 суудалтай МАН-ыг гудамжинд хөөж гаргасан.

Уг нь манай намд ард түмэн 29 суудал өгсөн шүү дээ. Харамсалтай нь гурван суудлаа луйвардуулсан болохоос. Энэ мэт шалтгаанаар би намын дүрмийн хүрээнд Бага хурал болсон гэж дүгнээд байгаа юм.

-Их хурлаар МАН-ын Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ шинэчлэгдэх үү?

-Өнөөгийн Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн дарга маань намын Их хурлаар шинээр сонгогдоно. Энэ бол ямар нэгэн байдлаар огцрох, хариуцлага хүлээх асуудал биш.