Н.Баярсайхан: Ашигт малтмалын олборлох бодлогыг хүний эрхийн шүүлтүүрээр шүүх ёстой
“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан
2013.08.22

Н.Баярсайхан: Ашигт малтмалын олборлох бодлогыг хүний эрхийн шүүлтүүрээр шүүх ёстой

“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн  Н.Баярсайхантай хүний эрх ба уул уурхай сэдвээр ярилцлаа.

-Та арваад жил хүний эрхийн төлөө тэмцэж байгаа. Ялангуяа уул уурхайн салбарт хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг маш их эсэргүүцэж, идэвхтэй тэмцсэн. Та энэ тэмцлээс ямар үр дүн, ямар туршлагыг олж авсан бэ?

Уул уурхайн компани, төр хоёрыг хууль, эрх зүйн хүрээнд ажиллахыг маш их шахаж, жагсаж, өргөх бичиг барьж, огцрохыг шаардаж, нэлээн ширүүн тэмцдэг байлаа. Эргээд харахад тодорхой анхаарлыг хандуулж чадсан ч дорвитой өөрчлөлт хийж чадахгүй үр дүнгүй учраас сүүлийн зургаан жилд харилцан ойлголцож, хамтын ажиллагааг дэмжих байдлаар хамтрах шийдэлд хүрээд ажиллаж байна.

Төрийн хувьд хийж чадахгүй, хүрэлцэхгүй, хүсэхгүй ажил гэж байгаа хойно бид тэр  ажлыг нөхөн, гүйцээж ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгосон.

Тухайлбал орон нутгийн иргэд, компаниуд төртэй хэрхэн ажиллах талаарх сургалт, арга зүйг ойлгуулж, таниулах чиглэлд илүү ажиллах болсон. Гурван талт хамтын ажиллагааг өрнүүлэхэд бүх хүчээ дайчилж байна гэсэн үг. Орон нутгийн удирдлага, компани, малчид нэгэн цагт нэг ширээний ард сууж байгаад болох, болохгүйгээ ярьдаг байх нь хамгийн зөв арга.

Монгол Улсын шилдэг татвар төлөгч компаниудын нэг “Бороо Гоулд” ХХК,  15 жил олборлох ордыг 10 жилд ухаж дуусаад явсан.

Хэмжээтэй баялаг дуусах тэр цагт иргэдийн амьдралд, орон нутагт юу үлдэх вэ. Цаашдын амьжиргааны эх үүсвэрийг юу гэж төсөөлөх вэ гэдгээ одооноос бодож, аливаа шийдвэрээ гаргах хэрэгтэй.

Үүний тулд бид нүүр тулсан уулзалт зохион байгуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх, арга зүй гарын авлагыг боловсруулах зэрэг ажлуудыг хийж байна.

-Гурван талт хамтын ажиллагаанаас ямар үр дүн гарч байна вэ?

Хэлэлцүүлгийн үр дүнгээс бид олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал, оролцооны гэрээг байгуулья гэсэн санаачилга гаргасан. Энэ ч утгаараа шинээр найруулагдаж байгаа Ашигт малтмалын тухай хуулинд гэрээ байгуулах талаар оруулж өгсөн. Гэхдээ санасан хэмжээнд бидний томьёолсноор ороогүй ч ерөнхий агуулгаараа хуулинд орсон. Бид Ази, Европын орнууд болон бүсийн хэмжээнд судалгаа хийгээд оролцооны гэрээ, нийгмийн лицензийг оруулах хэрэгтэй гэдгийг ойлгосон.

-Оролцооны гэрээ гэдгийг тодорхой жишээтэй тайлбарлана уу?

Тухайн компани болон малчдын хооронд өдөр тутам хүссэн хүсээгүй тодорхой харилцаа үүсч байдаг. Тухайлбал компани ажилчдынхаа хоолны мах, сүүгээ авах гэх мэт. Энэ мэт харилцааг албан болгож, зохицуулах нь оролцооны гэрээний агуулга юм. Энэ туршлагыг Австрали улс хэрэгжүүлдэг.

Орон нутгийн иргэдийн оролцоог сайжруулахын тулд компанид ямар нэгэн байдлаар ажил хийх, ажлын бээлий оёж, нийлүүлэх гэх мэт. Орон нутгийн хөгжлийг тэтгэсэн, хүний эрхэд суурилсан хандлагаар хандсан энгийн байдлаар асуудлыг шийдэх юм.

Нэг үгээр хэлбэл орон нутгийн иргэд өөрийн нутагтаа хэрэгжих аливаа төсөл хөтөлбөр, олборлох үйлдвэрлэлийн асуудлаар шийдвэр гаргах, гэрээ хэлцэл байгуулах, гэрээний ил тод байдал, хуулийн хэрэгжилтэд хяналт тогтооход үр нөлөөтэй оролцох шаардлагатай юм.

-Тэгвэл өнөөдрийн байдлаар оролцооны гэрээг хэрэгжүүлж эхэлсэн үү. Хаана хэрэгжиж байгаа вэ. Бэрхшээл гарч байна уу?

Олон талт хамтын ажиллагааны гэрээг уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг 10 аймгийн 20-иод суманд амжилттай хэрэгжүүлж байна.

Баянхонгор аймаг 2010 оны 3 сарын байдлаар 204 хайгуулын тусгай зөвшөөрлийг 1571.0 мянган га талбайд олгож, ашиглалтын тусгай зөвшөөрөл 61 аж ахуйн нэгжид олгосон байна.

Азийн хөгжлийн сан 54 суманд хэрэгжиж байгаа гэж мэдээлсэн боловч миний барагцаагаар яг тогтвортой нь 20 сум. Ялангуяа Баянхонгор аймгийн Галуут суманд хамгийн амжилттай, үр дүнтэй хэрэгжиж байгаа.

-Малчны бэлчээр дээр нэг л өглөө уул уурхайн үйл ажиллагаа эхэлдэг. Тэдний үйл ажиллагааг зөв зохистой, хууль журмын дагуу байна уу, үгүй юу гэдгийг хянах тогтолцоо сул. Үүнийг сайжруулахын тулд яах ёстой вэ?

Байгаль орчны байцаагч, засаг дарга, мэргэжлийн хяналтын байцаагч гурав уул уурхайн компаниар байнга орж, үйл ажиллагааг нь хянах боломж, бололцоо байдаггүй. Тиймээс иргэдээ зохион байгуулалтад оруулаад тухайн компани МУ-ын хуулийн ийм заалтыг мөрдөх ёстой гэсэн мэдээлэл, сургалтыг иргэдийн дунд хийж байгаа. Ингэснээр иргэд, компани, сумын удирдлагаас бүрдсэн үнэлгээний баг бий болсон. Нийт 10 хүнтэй баг маань өдөр товлоод тусгай үнэлгээний картыг ашиглаад 1-3 хүртэлх үнэлгээг бөглөнө. Компани хөрс хуулалтаа сайн хийсэн байна уу, ус ашиглалт сайжирсан уу гэх мэтчилэн асуудлаар үнэлгээ өгдөг гэсэн үг. Үүнийхээ дараа үнэлгээгээ сумын засаг даргадаа тайлагнаж, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авна.

Ингэснээр иргэд мэдээлэлтэй болж, компани ч гэсэн хариуцлагатай болох нөхцөл бүрдэнэ.

-Харин сум орон нутгийн засаг захиргаа ямар хариуцлага хүлээх вэ?

Оролцооны гэрээг хийснээр шинэ оны эхэнд тухайн сум, аймгийн иргэд аймгийнхаа соёлын төвд цуглараад тухайн жилдээ хийх бүтээн байгуулалтыг ярилцаж, өнгөрсөн жил ямар бүтээн байгуулалтыг хэдий хэмжээний зардлаар хийсэн гэдгээ ил тод мэдээлнэ. Хамгийн гол нь энэ хурал нээлттэй болно. Жилдээ нэг удаа гэрээний хэрэгжилт, лиценз, хандивын зарцуулалтыг мэдээлнэ. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Болд төмөр ерөө гол” компани жил бүр сум хөгжлийн дансанд

Малчид бэлчээрээ алдаж байгаа нь газар өмчлөлийн асуудалтай нягт холбоотой. Малчдын бэлчээрийг зохицуулсан хуулийн орчин дутагдаж байна

200 сая төгрөгийг хийдэг.

Энэ мөнгийг юунд хэрхэн зарцуулсан талаар сумын засаг дарга иргэддээ тайлагнасан. Нэг малчин өвгөн хэлэхдээ :10 сая төгрөгөөр усан оргилуур хийж байхын оронд гурван бух авсан бол өдийд малын үйлдэр угсаа сайжрах байсан гэсэн. Хариуд нь засаг дарга яагаад сумын залуус хотын хүмүүстэй адил усан оргилуурын хажууд суугаад, алжаалаа тайлж болдоггүй юм гэсэн. Эцэст нь усан оргилуурыг хийсэн компанийг үнэ төлбөргүйгээр  дахин засуулах хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн. Энэ мэт жишгээр бага багаар олуулаа хэлэлцэж, иргэд шийдвэрт оролцож, сайжрах ёстой.

-Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг Уул уурхайн яамнаас санаачлаад, одоо ирэх намрын чуулганаар хэлэлцэх гэж байна. Ил тод болгоно гэдэг нь хүний мэдэх эрхийг хангаж байгаа хэрэг. Бүхнийг ил тод болгосноор байдал сайжрах уу?

Лиценз олгож байгаа үйл явцаас эхлээд уурхай хаах хүртэл бүх зүйл нь ил тод байх ёстой. Лицензийн түүхийг ил тод болгох талаар одоо ярьж байгаа. Жинхэнэ эзнийг нь ил болгоё, гэрээ байгуулах үе шат болгоныг, гэрээн доторх гэрээ, дагалдах гэрээг ил тод болгох нь зүйтэй.

Гэх мэтчилэн олборлох үйлдвэрлэлийн дээрх байдлуудыг хянаж чадвал хариуцлагатай уул уурхай хөгжих боломжтой. Миний хувийн бодлоор төрийн төвд хүн л байх ёстой, газрын хэвлий түүний доорх баялаг ард түмний мэдэлд байх ёстой. Хэрвээ ард түмнийх юм бол мэдэх эрх, оролцооны эрхийг хангаж өгөх ёстой.

Хүний амьдралыг л сайжруулах гэж уул уурхайгаа ашиглаж байгаа юм бол хүний төлөө л байх ёстой. Ашигт малтмалын олборлох бодлогыг хүний эрхэд суурилсан хандлагад нийцүүлж гаргах ёстой.

Төрийн үндсэн чиг үүрэг нь хүний төлөө байх явдал. Өнөөдөр 1800 гаруй компани уул уурхайн үйл ажиллагаа явуулж, улсын төсвийн 45 хувийг, экспортын 90 хувийг бүрдүүлж байна. Тэгвэл энэ нь ердөө 10-хан топ компаний л оруулж байгаа орлого гээд бодвол 1800 газрыг сэндийчих ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэ утгаараа хэлэлцүүлвэл ийм олон уурхай хэрэггүй. Ирээдүйн иргэдийнхээ эрхийг хөндөхгүй байхын тулд  үр ашигтай байгаа 10 компаниа л ашиглая гэдэгт санал нэгдэнэ.

-Хүний эрх нь түгээмэл салшгүй байдаг. Нэг эрх нь нөгөөгөөсөө давуу буюу илүү байдаггүй. Мэдэх эрх хангагдсанаар ямар эерэг үр дүн  гарах вэ?

Мэдэх эрхийг олгох хэрэгтэй. Үнэн зөв мэдээлэлтэй хүмүүс л үнэн зөв шийдвэр гаргаж, мэтгэлцээнд зөв оролцоно.  

Оролцоо, мэдэх эрхээ хангасан тохиолдолд иргэд хөгжих эрхээ ярина.

Одоогийн байдлаар үндэсний том эрх ашгийн төлөө, улс төрийн намуудын амлалтын золиосонд орон нутаг, сумдууд өртөж байна. Ханбогд сум, Цогтцэтий сумыг ерөөсөө хөгжүүлэхгүй байна. Ингэж орон нутгийг золионд гаргаж болохгүй. Хүний эрхэд суурилсан хандлагаар хөгжүүлвэл иргэд өөрсдөө хөгжлийн төлөө анхааралтай явна.

-Хууль нь хүний эрхэд суурилсан хандлагатай байсан цагт асуудал арай дөхөм шийдэгдэнэ. Өнгөрсөн хавар орон нутгийн оролцоо, иргэдийн эрхийг түлхүү оруулсан Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга их хурлаар орсон ч, санаачлагч нь тодорхой шалтгааны улмаас буцаан татсан. Мэдээж элдэв шахалт байсан байх?

Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын хууль, газрын тосны хууль, цөмийн энергийн тухай хууль хэлэлцэгдэх гэж байгаа энэ үед хүний эрхэд суурилсан хандлагаа ярих ёстой.

Эрдэс баялгийн талаар баримтлах бодлогуудаа хүний эрхэд суурилсан хандлагаар шүүгээд үзэх ёстой. Үүнийг УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо шүүгээд үзэх ёстой.

Улс орны эдийн засгийг мэдээж харалгүй яах вэ. Гэхдээ эцсийн байдлаар гаргахдаа хүний эрхийн шүүлтүүрээр шүүх ёстой.

-Уул уурхайн нөлөөнд автсан иргэд амь насаараа хохирч байгаа. Уурхайн хилийг тогтоогүйгээс ухсан нүх, талбайд хүн мал унаж, бэртэж байна. Нөхөн төлбөрийг тогтоох аргачлал байхгүй учир иргэд компаний аманд багтаад өнгөрч байгаа харамсалтай жишээ бий.

Би олон сумдаар явж, олон иргэдтэй уулзсан. Тэд аргаа барсан байдаг. Төрд хэлээд ч нэмэргүй юм чинь, компаний өгсөн нөхөн төлбөрийг дуугүй аваад л явахыг сонгож байгаа нь эмгэнэлтэй.

Гэхдээ бид тодорхой кейсүүдийг цуглуулж, эдийн засгийн хохирол амссан, хүний амь нас хохирсон бол хоёр тусдаа хуваагдаад хохирлоо яаж шийдэх вэ гэдгийг судалж байна. Хүний амь нас хохирсон хэргийг засгийн газрын түвшинд ярихын тулд хохирогчдыг цуглуулж, нэг дор ярилцах хэрэгтэй байгаа. Ямар нөхцөлд хэнийх нь буруу байсан юм, яаж шийдэх ёстой юм бэ.

Манайд ямар нэгэн уул уурхай холбоотой хүний эрхийн зөрчил гарлаа гэхэд түүнийг шийдэх аргачлал ердөөсөө байхгүй.