Банкны хадгаламжийн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2013.05.10

Банкны хадгаламжийн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013-05-10/ үдээс хойшхи хуралдаанаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Төр банк санхүүгийн салбарын эрсдлийг татвар төлөгчдийн мөнгөөр хаадаг бол маш буруу тогтолцоо. Банкны хадгаламжийн тухай хуулийг хэлэлцэж байхад танилцуулга дээр нэг тоо орж ирж байсан. 1995-2009 оны хооронд банкны дампуурлаас болоод 340 тэрбум төгрөгийн зардал гарсан байна.

Зөвхөн Анод, Зоос банкны хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгоход 225 тэрбум төгрөг гэж.  Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын 72,4 тэрбум төгрөг гээд үндсэндээ 410 гаруй тэрбум төгрөгийг төр барагдуулах эрсдлийг хүлээж байгаа зарчимгүй, хариуцлагагүй нөхцөл байдал үүсч байна.

2012 оны санхүүгийн зохицуулах хорооны тайлан дээр Монголд өнөөдөр 148 хадгаламж зээлийн хоршоо, түүний гишүүд нь 26 мянга байгаа. Хадгаламж зээлийн хоршоодын хадгаламж хэлбэрээр төвлөрүүлсэн мөнгө 2012 оны гүйцэтгэлээр 47 тэрбум төгрөг.

 Төр банк санхүүгийн салбарын эрсдлийг татвар төлөгчдийн мөнгөөр хаах нь маш буруу тогтолцоо.

Өнөөдрийн энэ 26 мянган гишүүд, 47 тэрбум төгрөг хэр эрсдэлтэй байгаа вэ?  Цаашдаа эрсдлийг хаах, зах зээлийн горим руу нь оруулах дээр УИХ-аас дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой. Мөн бидний баталсан банкны хадгаламжийн тухай хуулинд хадгаламж зээлийн хоршоодын гишүүдийн мөнгөн хадгаламжийг даатгуулсан байх ёстой.

Энэ хуулиндаа яаралтай өөрчлөлт хийх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн төр эрсдлийг даагаад татвар төлөгчдийн маш их мөнгийг гаргасан. Энэ хөрөнгө эргэн төлөгдөх ёстой. Эргэн төлөх баталгаа байгаа эсэхэд ажлын хэсэг гарган шалгах байх гэлээ.