Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж болохгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013-05-10/ үдээс хойшхи хуралдаанаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Тэрээр 10-аад жил хохирол барагдаагүй шалтгаанд хийсэн дүгнэлт бий эсэх, Улстөрчид, төрийн албан хаагчдаас хариуцлага хүлээсэн хүн байна уу гэдгийг тодрууллаа. Түүнчлэн Өнөөдөр бид татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр авсан сандал дээр сууж байна.
Мөнгө төгрөг, албан тушаал ярихаар сонин хэвлэл бүгдээрээ дүүрдэг. Монголын эмгэнэл бий болсон байна. Олон нийтийн телевиз татвар төлөгчдийн мөнгөөр ажиллаж байгаа. Татвар төлөгчдийн мөнгөний талаар ярьж байхад олон нийтийн телевиз байж байх ёстой. Гэтэл алга.
Үүнээс дүгнэхэд манай сэтгүүл зүй гээд бүх зүйл худалдчихжээ. Өнөөдөр хохирсон хүмүүс энд байна. Давхар хохирох гээд байгаа татвар төлөгчид хаана байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа хүмүүс маань энд ажлаа хийхгүй байна.
МАН, МАХН байраа барьцаалаад энэ хүмүүст зээл аваад өгчихвөл яасан юм бэ?
Бусад оронд татвар төлөгчдийн нэг төгрөгийг буруугаар зарцуулсан хүн албан тушаал дээрээ тогтдоггүй. Төр засаг, нам зайлуулагдаж байдаг. Гэтэл эсрэгээрээ яваад байна. Өнөөдөр МАН, МАХН-д байр байх шиг байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгөөр бүтсэн байр.
Тэгэхээр та бүхэнд ард түмнийхээ өмнө ямар харагдах вэ гэдэг боломж байна. Боломжийг ашиглаад та бүхэн байраа барьцаалаад энэ хүмүүст зээл аваад өгчихвөл яасан юм бэ? Эсвэл байраа дуудлага худалдаанд оруулчихвал гэсэн саналыг би та нарт тавьж байна гэлээ.