Г.Батхүү: Буруугүй татвар төлөгчдийн мөнгөөр төлөх ёсгүй
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2013.05.10

Г.Батхүү: Буруугүй татвар төлөгчдийн мөнгөөр төлөх ёсгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Батхүү: Энэ асуудлыг бид байнгын хороон дээр ярьсан. Тухайн үед 44 тэрбум төгрөгийн хураасан хөрөнгө. 13 тэрбум төгрөгийн зээл олгосон. Нийт 57 тэрбум төгрөгийг төлөх боломжтой гэж танилцуулж байсан. Эцсийн дүнд олон хүн хохирсон нь харамсалтай байна.

Яагаад гэм буруугүй хүмүүсийн төлсөн татварын мөнгөнөөс үүнийг төлөх гээд байгаа юм. Энэ мөнгө чинь шатаагүй, хэн нэгэн хүн авсан, хожсон л байж таарна. Тэр хүмүүс дунд нь хожоод өнгөрөх юм уу.

Хулгайлсан хүмүүсээс нь буцааж авах боломж байна уу?

Энэ тарааж байгаа мөнгө, хохирогчдод төлсөн мөнгийг улсын төсөвт буцааж бүрэн төлөх итгэл найдвар байна уу. Хулгайлсан хүмүүсээс нь буцааж авах боломж байна уу? гэсэн асуултад

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Одоо байгаа зүйлсийг нь борлуулаад төрөөс гарсан мөнгийг төлж чадахгүй, хүрэлцэхгүй. Харин нэг зүйлийг баталгаатай хэлнэ. Хуулийн нэр барьж хулгай хийгээд, албан тушаалаа ашиглаад хохирлыг барагдуулах ёстой байсан эд зүйлийг завшсан тэр хүмүүст хариуцлагыг нь тооцно. Тэр хүмүүсийг шалгаж, тогтоож хариуцлагыг тооцож хохирлыг барагдуулна гэдгийг амлаж байна гэлээ.