Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Богд-Ар хорооллын иргэдтэй уулзав
2013.07.01

“Богд-Ар” хорооллынхон Шадар сайдад зовлонгоо тоочив

Нийслэлийн Баянгол дүүрэгт байршилтай Богд-Ар хороолол нь баригдаж эхэлсэн цагаасаа л хэл ам араасаа байнга дагуулсаар өдийг хүрсэн.

Тус хорооллын оршин суугчид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй, эрх нь зөрчигдөж байна гэсэн гомдлыг удаа дараа холбогдох шат шатны төрийн байгууллагад хандсаар ирсэн ч хангалттай үр дүнд хүрээгүй юм.

Тиймээс Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай уулзах хүсэлтээ оршин суугчид илэрхийлсэний дагуу өнөөдөр газар дээр нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний  агентлаг болох ОБЕГ, МХЕГ, ШӨХТГ, СХЗҮГ-ын эрх бүхий хүмүүстэй очиж барилгын чанар, орчин нөхцөл ямар байгаатай нэг бүрчлэн танилцаж оршин суугчдын санал  хүсэлтийг сонссон юм.

Богд-Ар хорооллын 7-ийн А байрны СӨХ-ны дарга Н. Шүрхүү хэлэхдээ “Миний хувьд таван байр хариуцдаг, 300 өрхтэй. Манай байр 2003 онд баригдаж 2005 онд ашиглалтад орсон. Ашиглалтад орсон цагаасаа эхлэн цэвэр ус нь байнга зэвтэй гардаг.

Богд-Ар хороолол

Халуун хүйтэн ус нь холилдоод  хүйтэн усны хоолойноос түлх шахсан  халуун ус гардаг тэр нь  үмхий үнэртэй. Мөн агааржуулалтын систем хийгдээгүй, бүх дээврээс байнга дусаал гоождог, өвлийн улиралд байнга цана цохиод чийгтдэг түүнээсээ болж хөгцөрсөн.

Байрны талбай хэмжээндээ хүрэхгүй, монгол улсад ашиглахыг хориглосон тоолуур тавьсан. 4, 7 дугаар байрыг подволгүй зургаан давхар барьснаас сантехникийн шугамд засвар хийх ямар ч боломжгүй. Иймд оршин суугчид бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаагүй байна бидний хохирлыг төр барагдуулж өгөх ёстой” гэжээ.

Шадар сайд барилгын явцтай танилцсаны дараа өөрийн эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэж болох хэд хэдэн асуудал байгааг онцолсон юм.

Тухайлбал тэдгээр байрны барилга газар хөдлөлтөд хэр тэсвэртэйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэн зөв тогтоож дүгнэлт гаргах, барилгын чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргах, худалдаж авсан байрны талбай дутаж байгааг тооцох, цахилгааны тоолууртай холбоотой  баталгаажуулалтын асуудлыг шалгаж зөрчлийг арилгуулж дүгнэлт гаргуулж ирэх сарын 5-нд хариу мэдэгдэхээ илэрхийлсэн юм.  

Ийнхүү Богд-Ар хорооллын хохирсон иргэдийн нөхцөл байдлыг холбогдох албаныхан “тоож” эхэлж байгаа нь сайшаалтай. Харин ямар шийдвэр гаргаж иргэдийг хохиролгүй болгохыг чих тавин хүлээе.