Баярсайхан.Г 2013.09.05 | Сайт: Vip76.mn

Сэргээгдэх эрчим хүчээр нийт хэрэглээний 20 хувийг хангах зорилт тавьсан

Сэргээгдэх эрчим хүчээр нийт хэрэглээний 20 хувийг хангах зорилт тавьсан
УИХ-ын гишүүн, БОХХАА-ын Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан

Эрчим хүчний яам болон олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагтай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Монгол улсын хувьд өнөөдрийн байдлаар нийт эрчим хүчний хэрэглээний 3-4 хувийг сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, усан цахилгаан станцаас хангаж байна. Харин энэ хэмжээг 20 хувьд хүргэх томоохон зорилтыг Засгийн газраас дэвшүүлсэн.

Монгол улс байгаль дэлхийд хохиролгүй хямд төсөр аргаар байгалийн шавхагдашгүй энергийг ашиглан эрчим хүч гарган авах сэргээгдэх эрчим хүчийг илүүд үзэж байгаа. Сэргээгдэх эрчим хүчийг эх орондоо гаргаад зогсохгүй гадаадад экспортлох бүрэн боломжтой орны тоонд зүй ёсоор багтдаг.

Гэвч сэргээгдэх эрчим хүч байгуулах байгууламж нөөц хангалттай хэдий ч бүтээн байгуулалт бодлогоос хамаарч тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна.

Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэхэд анхаарах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, БОХХАА-ын Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан “Монгол улс эрчим хүчний салбарын хувьд гаднаас хараат байгаа. Бидний зорьж байгаа зүйл бол хараат байдлаасаа салах юм. Дотоодын хэрэгцээгээ хангаад бүр цаашлаад экспортлогч болох бүрэн боломж бий.

Манай улс сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан станц барих шаардлага бий үүнд төрөөс анхаарч тоног төхөөрөмж нийлүүлэгч хувийн хэвшлийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөж байна” хэмээн хэллээ.