С.Баярцогт: Таван толгойгоос гурван төрлийн урьдчилгаа авах гэрээ хийж байна
С.Баярцогт: УИХ-ын гишүүн
2011.06.08

С.Баярцогт: Таван толгойгоос гурван төрлийн урьдчилгаа авах гэрээ хийж байна

Сангийн сайд С.Баярцогттой Оюу толгой, Таван толгой ордоос авах урьдчилгаа мөнгөний талаар ярилцлаа.

-Уул уурхайн салбараас орж ирж буй асар их мөнгөний урсгал төгрөгийн ханшийг чангалж байна. Одоо авч буй энэ урьдчилгаа төгрөгийн ханшид яаж нөлөөлөх бол?

-Энэ 100 сая ам.доллар гэдэг бол их мөнгө. Гэхдээ Монголын зах зээлд эргэлдэж буй мөнгөний хажууд өчүүхэн хэсэг нь. Айхтар нөлөөлөөд байх бололцоо байхгүй. Мөнгөний ханш тогтвортой байх ёстой. Энэ нь манай улсын эдийн засаг болон хувь хүнд тустай зүйл.Төгрөгийн ханш хүчтэй чангарах эсвэл сулрах юм бол манай улсын эдийн засаг, үйлдвэрлэл, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөөтэй. Монголбанкны мөнгөний бодлого маш зөв явж байна. Иймээс өнөөдөр ам.доллар,төгрөгийн харьцах ханш тогтвортой байгаа. Гэвч төгрөгийн ханш үе шаттай аажимдаа чангарч буй. Ханшын энэ шилжилт огцом бус зөөлөн байвал үр дүнгээ өгдөг. Нийгэм, эдийн засгийн хүлээлт нь ч зөв байдаг.Тэгэхээр энэ зуун сая ам.доллар төгрөгийн ханшийг тогтворгүй болгоно гэж хэлж болохгүй.Тэгвэл хэтэрхий гэнэн тайлбар болно.

-Зарим эдийн засагчид ирээдүйгээс мөнгө зээлж урьдчилгаа төлбөр авч байгаа нь буруу, өрөнд орж байна гэдэг.Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Урьдчилгаа төлбөр гурван хэсэгтэй. Эхнийх нь тухайн төсөлд ямар нэг байдлаар оролцсоныхоо төлөө эргэлт буцалтгүйгээр өгч буй төлбөр. Дараагийнх нь орлого олсон бол татвар төлөх ёстой. Энэ татвараас нь л урьдчилж авах явдал юм. Сүүлийн хэсэг нь бүтээгдэхүүнээ зарсан хэлбэрээр урьдчилгаа өгөх асуудал. Энэ гурвын оролцооны төлбөр нь цэвэр орлого болдог.Үлдсэн нь санхүүжүүлэх эх үүсвэр байдаг юм.Тийм учраас татварын урьдчилгаа төлбөр гэдэг бол төсвийн шууд орлого болж орохгүй. Манай төслийн зарлага санхүүжүүлэх эх үүсвэр болно.Тэгээд татвар төлөх үеэс нь эхлээд орлого болж тооцогдож хасагдаад явдаг зарчимтай гэдгийг хэлье.Тэгэхээр Оюу толгойн энэ урьдчилгаа санхүүгийн хувьд ирээдүйд бий болох ашгийг урьдчилж авч хэрэглэж байгаа аргачлал гэж ойлгож болно. Монголчууд үүнийг анх удаагаа хэрэглэж байгаа юм.

-Энэ урьдчилгаа мөнгө тэгээд алинд нь хамаарч байгаа юм бол?

-Ер нь, уг урьдчилгааг татварынх уу бүтээгдэхүүнийх үү эсвэл оролцооны төлбөр үү гэсэн төрлүүдээр хэлэлцсэн. Оюу толгой ордын лиценз хувийн компанийн мэдэлд зуун хувь байсан.Тэгээд урьдчилгаа авах гэрээ хийхдээ татварын орлогын урьдчилгаа төлбөр гэж тохирсон юм.

-Тэгэхээр Оюу толгой төслөөс авч буй урьдчилгаа нийт татварын орлогын хэдэн хувийг эзэлж байгаа вэ?

-Уг төслөөс орж ирэх татварын хувьд 250 сая ам.доллар гэдэг бол маш бага хэсэг нь. Манай авах нийт ашгийн хэмжээ хэдэн тэрбумаар яригдаж байгаа шүү дээ.

-Таван толгойгоос урьдчилгаа төлбөр авна гэж байгаа.Тэгээд ямар төрлөөр нь гэрээ хийж байгаа вэ?

-Энэ ордын хувьд лиценз нь төрийн мэдэлд зуун хувь байгаа. Ийм учраас дээрх гурван төрлийн урьдчилгаа төлбөрийг бүгдийг нь авах гэрээний хэлэлцээр ид хийж байна.

-"Эрдэнэс Таван толгой" компанийн бонд гаргана гэсэн яриа бий. Юу болж байгаа бол?

-Үүнийг тэр компанийнхнаас асуух хэрэгтэй. "Эрдэнэс Таван толгой" компани бол улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж тодорхой хэмжээний мөнгийг "Хүний хөгжил сан"-д төвлөрүүлэх ёстой. Энэ үүргээ үе шаттайгаар биелүүлж байгаа.

-Монголчууд уул уурхайхөгжүүлээд асар их бэлэнмөнгөний урсгалдорчихлоо. Эндээс олсон мөнгөө цаашид яаж зарцуулах вэ. Ингээд тараагаад байх юм болов уу?

-Улс төрийн 11 намын удирдлагууд бүгд сууж байгаад ирэх сонгуульд бэлэн мөнгөний амлалт өгөхгүй гэдэг санамж бичигт гарын үсэг зурсан. Одоо, Сонгуулийн хуулийг ид хэлэлцэж байна. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дагалдуулаад Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигч ямар нэг бэлэн мөнгө амлахгүй гээд заачихсан. Дээрээс нь, сонгуульд оролцож буй намууд тухайн жилийн нийгмийн салбарт зарцуулж буй мөнгөний 50 хувиас илүүг амлахгүй гэсэн заалтыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж дэмжээд Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн байгаа. Сонгуулийн хууль батлагдахаар энэ гурван хууль дагалдаж батлагдах ёстой. Ингээд бэлэн мөнгөний амлалт бол улс төрд байр суурь эзлэхээ больж байгаа юм. Өөрөөр хэлбэл, намууд бодлогын асуудлаараа өрсөлдөх боломж бүрдэнэ. Иймээс 2013 оны санхүүгийн жилээс эхлээд улсын нэгдсэн төсөвт бэлэн мөнгөний дарамт байхгүй болно.Тэгээд "Хүний хөгжил сан" бол баялаг бүрдүүлдэг сан болно гэсэн үг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.