МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.09.16

Ерөнхий сайд айлчлалаа өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг есдүгээр сарын 11-14-ний хооронд Япон улсад албан ёсны айлчлал хийсэн нь амжилттай болж өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд Монгол, Япон улсын харилцаа стратегийн түншлэлийн харилцаанд шилжээд байна. Ингэснээр хоёр улс ойрын таван жилийн үйл ажиллагаагаа тодорхойлсон юм.

Мөн Монгол Улсын Хөгжлийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк/JBIC/-ны хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хоёр талын төлөөлөл гарын үсэг зурлаа. Санамж бичигт Японы олон улсын хамтын ажиллагааны банк Монгол Улсад зээлжих эрх нээх, Монголын Засгийн газрын бондод баталгаа гаргах зэрэг хамтын ажиллагааны чиглэлүүдийг тусгасан юм.

Японы Олон улсын хамтын ажиллагааны банк нь экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудаа дэмжин гуравдагч орнуудад зуучилж, зээл олгодог томоохон байгууллага. Өнгөрөгч зургадугаар сард манай улс тус банктай экспортын зээлийн шугам нээх хэлэлцээр байгуулж, Монголд тоног төхөөрөмж экспортлох хүсэлтэй компаниудад зээл олгохоор тохирсон юм.

МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад

Засгийн газрынхаа бодлогыг хэрэгжүүлдгээрээ ижил төстэй хоёр банк хамтран ажилласнаар Японоос тоног төхөөрөмж худалдаж авах, худалдаа арилжаа хийхэд аль болох хямд өртөгтэй, урт хугацаатай санхүүгийн эх үүсвэр гаргадаг болно.

Дотоодоос санхүүжихээс хамаагүй бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт олгох боломжтой болсон нь хөрөнгө оруулалтын салбарт томоохон гарц нээх ба үр ашгийг нь хувийн хэвшлийн хамгийн түрүүнд хүртэнэ гэж салбарынхан дүгнэж байна.

Хоёр банкны хамтын ажиллагааны өөр нэг чухал үр дүн бол Хөгжлийн банкнаас дотоодын хөрөнгийн зах зээлд "Самурай" бонд гаргах явдал. 600 сая орчим ам.доллартай тэнцэх хэмжээний иенийн тус бондыг энэ онд багтаан гаргахаар төлөвлөсөн.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гуравдугаар сард манай улсад айлчлах үеэр хоёр орны Засгийн газар томоохон төслүүд дээр хамтарч ажиллахаар тохиролцсон. Тэгвэл хоёр улсын төрийн мэдлийн банкууд хамтран ажилласнаар дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх гарц нээгдсэн юм.

Энэ мэт олон асуудлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд шийдвэрлэснээр эх орондоо хүрэлцэн ирлээ.