Ц.Отгонбагана: Эцэг, эхчүүдээс мөнгө хураахыг хатуу хориглосон
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2013.09.18

Ц.Отгонбагана: Эцэг, эхчүүдээс мөнгө хураахыг хатуу хориглосон

Хичээлийн шинэ жил эхлээд арваадхан хонож байна. Гэвч багш нар хүүхдүүдээс 9 ангидаа вакуум цонх хийлгэх мөнгө нэхсэн талаар эцэг, эхчүүд гомдол гаргах боллоо. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа.

-Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Гэтэл 52 дугаар сургуулийн аравдугаар ангийн хоёр бүлгийн багш ангийнхаа цонхыг вакум цонхоор солино гэнэ. Тиймээс нэг хүүхдээс 30-65 мянган төгрөг нэхсэн байна. Энэ зөв үү?

-Нийслэлийн боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс ямар нэг хэлбэрээр хандив, мөнгө хураахыг бүрэн хориглож байгаа. Нэг хүндрэлтэй зүйл байдаг нь жилийн жилд анги танхимын урсгал засвар хийдэг.

Ингэхдээ бид тухайн анги танхимыг яаж засах гэж байгаа, ямар материал авах гэж байгаагаа эцэг, эхэд дэлгэрэнгүй танилцуулаад тэднээс дэмжлэг аваад урсгал засварыг хийж болохыг зөвшөөрдөг.

Харин анги танхим тохижуулах, тоног төхөөрөмж авах, цонх, хаалга солиход мөнгө авахыг хатуу хориглож байгаа. Ийм байдал гаргасан багш, сургуулийн захиралтай хариуцлага тооцно. Цонх, хаалгыг урсгал засварын үед солих боломжгүй. Хийх шаардлагатай байгаа бол ирэх жилийн их засварт оруулна.

-Ер нь жилийн жилд л хүүхдүүдээс анги засварын мөнгө авдаг шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Өнөөдөр сургуулиудад төсөвлөдөг урсгал засварын мөнгө 2-6 сая төгрөг. Тэгэхээр өнөөдөр хоёр сая төгрөгөөр гурван өрөө байр засахгүй шүү дээ. Тиймээс энэ урсгал засварыг хийхийн тулд эцэг, эхээс дэмжлэг авахаас аргагүй.

Бид энэ жил анх удаа албан ёсоор Нийслэлийн боловсролын газраас зөвлөмж гаргаж сургууль, цэцэрлэгүүдэд хүргүүлсэн байгаа. Эцэг, эхчүүдээс мөнгө авах, засварын ажлыг хийхдээ юу хийх гэж байгаа, анги танхимаа яаж засах гэж байгаа талаарх төсөв мөнгөө тодорхой болгоод эцэг, эхчүүдэд танилцуулга хий гэсэн байгаа.

Эцэг, эхчүүдэд хэлэхэд хүүхдийнхээ сайн сурах орчинд яагаад тусалж болохгүй гэж.

Түүнчлэн бүх сургуулийн бүх ангиуд хэдэн төгрөг хурааж юу хийсэн бэ гэдгээ эцэг, эхчүүдэд тайлагнах ёстой. Энэ сарын сүүлээр эцэг, эхээс нийт хэдэн төгрөгийн дэмжлэг авч юу хийсэн талаар дүнгээ нэгтгэж аваад тайлагнана.

-Мэдээж эцэг, эхчүүд хүүхдээ тухтай орчинд сургахын тулд хандив, мөнгө өгдөг. Нэг хүүхдээс хураах мөнгөний дээд хэмжээ гэж бий юу?

-Өөрөөр хэлбэл, боломжтой, боломжгүй айл байгаа. Тиймээс боломжтой нь 10 мянгаа, боломжгүй нь 500 төгрөгөө өг. Засварын мөнгийг тэгшитгэсэн байдлаар авч болохгүй. Хамгийн гол нь асуудлаа сайн ойлгуулах хэрэгтэй. Эцэг, эхчүүдэд хэлэхэд хүүхдийнхээ сайн сурах орчинд яагаад тусалж болохгүй гэж.

Сургуулиудын хувьд анги засвар дээр дээд тал нь таван мянга. Ер нь бол бид засварын шаардлагатай байгаа хэмжээг хүүхдүүддээ хуваахад дунджаар ийм болж байгаа. Харин цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд хүүхдүүд нь цөөхөн байдаг учраас өндөр гардаг. Гэхдээ бид яг тэдийг ав гэж хэлдэггүй. Хэтрүүлж болохгүй гэдгийг хэлж байгаа.