Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Элчин сайд Мубарак Аль Сехайжан
2013.09.19

Ерөнхийлөгч Элчин сайд Мубарак Аль Сехайжаныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кувейт улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мубарак Аль Сехайжаныг эх орондоо бүрмөсөн буцах гэж буйтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Мубарак Аль Сехайжанд хандан Монгол-Кувейтийн харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсанд гүнээ талархав.

Ерөнхийлөгч Элчин сайд Мубарак Аль Сехайжаныг хүлээн авч уулзав

Элчин сайд Мубарак Аль Сехайжан “Эх орондоо буцаж буйтай холбогдуулан намайг хүлээн авч уулзаж байгаад талархаж байна. Намайг Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны харилцаа эрчимтэй сайжирсан гэдэгт итгэлтэй байна. Үүний дотроос Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та 2011 оны арванхоёрдугаар сарын 5-10-ны хооронд, Гадаад харилцааны сайд Л.Болд 2013 оны дөрөвдүгээр сарын 16,17-нд тус тус Кувейт улсад албан ёсны айлчлал хийсэн. Кувейт улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах 2011, 2012, 2013 онд Монголд хувийн айлчлалаар зочилсон билээ.

Мөн 2010 онд Уньт–Тариалангийн хооронд 88 км авто зам барихад зориулан Кувейтийн сангаас 6 сая кувейт динар буюу 22,08 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон бөгөөд төсөл одоогоор амжилттай хэрэгжиж байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кувейт улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах Монголд айлчилсанд талархаж, хоёр улсын хооронд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгч байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.