Төрийн өмчөөс иргэд хожихгүй байна
Төрийн ордон. 1930 онд зүүн сэлбийн баруун эрэг дээр барьсан Засгийн газрын хоёр давхар байшин нь тухайн цагтаа Монголын нийслэл хотын хамгийн томоохон барилга нь байв
2013.09.25

Төрийн өмчөөс иргэд хожихгүй байна

Хүн өөрийн өмч хөрөнгийг бусдынхаас илүүтэйгээр арчилж торддог нь гэм биш зан, байгалиас заяасан дасан зохицох чанар нь ажээ. Тиймдээ ч бид чинь уг нь өмчийн хэлбэрийг нь заагаад өгчихсөн ардчилсан нийгэмд амьдардаг улс, манай Үндсэн Хуулинд хувийн, төрийн, нийтийн гэж гурван төрлийн өмчлөл дурдагддаг. Дээрх гурван төрлийн өмчлөлөөс нийтийн өмчийг нь төрийн өмчтэй эндүүрэх хэсэг цөөнгүй, социализмын үед тэгээд ойлгуулчихсан юм чинь.

Миний мэдэхийн Гандантэгчилэн хийд маань ямар ч байсан нийтийн өмч гэдэг тодотголтой. Соц нийгмийн үед л хувьсгалын өмчийг “нүдний цөцгий мэт” хайрлах ёстой хэмээн сурталдаж, хувьдаа машин авсан нэгнээ нийтээрээ үзэн яддаг “гажиг” сэтгэхүйг бидэнд хүчээр тулгаж байсан нь хүний байгалиас заяасан араншинг эвдэхээр оролдож, нуулгүй хэлэхэд бол боолчилж байсан байгаа юм даа. Тиймдээ ч тэр нийгэм нуран унасан, учир нь социалист эдийн засгуудыг хөдөлгөгч хүч болох хямд ажиллах хүчин туйлдсан бөгөөд 70 жил хууртсан хүмүүс “хангалттай” гэж бодсон бизээ. Төрийн өмчөөс яагаад иргэд хождоггүй талаар хэдэн жишээ дурдъя.  

Факт 1:

Хувийн өмч бол эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр: Социализмын сүүлээр буюу 1989 онд Монгол Улс 24.67 сая толгой малтай байжээ. Тухайн үед малынхаа тоог 30 саяд хүргэнэ гэдэг бол “мөрөөдөл” байлаа,

Монгол улс одоогийн байдлаар 40 гаруй сая малтай.

харин ардчилал ялсан 20 жилийн дотор 2009 он гэхэд малын тоо 78.4%-аар өссөн байх юм, одоо бүр 41 сая хол даваад явчихлаа. Яагаад ингээд огцом өссөнийг нь гайхах зүйл алга, хамгийн чухал нь мал иргэдийн хувийн өмч болсон явдал, хүн өөрөөсөө хулгай хийдэггүйгээр барахгүй харин ч илүү өсгөн үржүүлэхийг боддог.

Түүгээр ч зогссонгүй нэгэнт хувийн өмч болсон тул мал маллаж чадахгүй бөгөөд дургүй нэгнүүд нь өөрийн малаа бусдад худалдах, түрээслэх эрхтэй болсноор “мэргэжлийн малчид” бий болох эх үүсвэр нь тавигджээ. Үнэхээр хуучин “мянгат малчин” болох нь одон медалын төдийн байсан бол өнөө үед үнэхээр мянган малтай хүнд бол одон медал гэдэг төмөр төдий болжээ.

Факт 2:

Хувийн өмч шударга өрсөлдөөний түлхүүр: Хувиараа бизнес эрхэлдэг хэн ч гэсэн шударга өрсөлдөөнийг хүсдэг. Тэгснээрээ ч нийгэмд маань дэвшиж хүн төрөлхтөн хөгжиж байдгийн тодхон жишээ нь Microsoft, General Electric, Mercedes Benz гээд үндэстэн дамнасан томоохон компаниуд. Дээрхи компаниудын амжилтын гол тулгуур шударга өрсөлдөөнд манлайлах.

Харин Монголд бол өнөөдөр бизнесийн өрсөлдөөн гэдэг нь яаж ийж байгаад томоохон төрийн компанид “шахааны бизнес”-тэй болчихвол өрсөлдөгчдөө “хол хаяна”. Цаад төрийн компаниуд нь ч тоохгүй, өөрийн танил талдаа л бизнесийг нь өгч байвал гарах зардал бол сонин биш. Учир нь тухайн төрийн компани алдагдалтай ажиллалаа гээд хариуцлага хүлээхгүй, тооцох ч үгүй. Төр яагаад өөрийн компанитайгаа хариуцлага тооцдоггүй гэж үү? Учир нь ашгийн төлөө компанитай хариуцлага тооцох нь төрийн үүрэг биш, төр иргэддээ үйлчлэх л ёстой, иргэд үйлчилгээг нь харж сонголтоо хийдэг болохоос тэр ашгийн компанитай хариуцлага тооцно гэдэг тийм ч чухал биш.

Харин хувийн компаниуд бол ширхэг цаас авсан ч гэсэн хаана илүү чанартай бас хямдхан цаас байгааг нь хайхаас биш танил тал, хамаатан садан тэнд сонин биш ажээ. Тиймдээ ч ханган нийлүүлэгчээ сонгохдоо үнэ, чанараар нь ангилахаас биш садан төрлийн хэлхээ сонин биш ажээ.

Факт 3: Хувийн өмч үрждэг:

Мал үржих ойлголт биш шүү. Харин эдийн засгийн “үржүүлэгч үзэгдэл” гэдэг ойлголтын талаар дурдах гэсэн юм. Мал аж ахуйн салбар дээр жишээ авъя л даа.

Монголын мал 40 сая гараад ирэхээр дөчин сая малын тэжээл хэн чанартай, хямдхан нийлүүлж чадах вэ гэдэг уралдаан болно, тэгэхээр малын тэжээл үйлдвэрлэдэг эсвэл импортлогч компаниуд хийх ажилтай болноо доо, тэр тэжээлийн үйлдвэрүүдэд ажиллах хүчин, тээвэр, шатах тослох материал, бичиг хэргээс авхуулаад хэрэгцээ зөндөө үүснэ. За тэгээд малын эмчээс эхлээд нэмнээ, лаа, шүдэнз гээд зах зээлийн эрэлтийг үүсгэнэ.

Тэр нь эргээд ажлын байр, татвар, урсгал зардлууд, гэх мэтээр бусад салбартаа нөлөөлдөг. Энэ бол зөвхөн мал аж ахуйн салбарын жишээ шүү. Уул уурхайн салбар бол бүр нүсэр бөгөөд эдийн засагт үүсгэдэг эрэлт хэрэгцээ нь ч асар их. Монголд уул уурхайн хайгуулын хөрөнгө оруулалт хийхэд дагаад геологичийн компаниуд, өрмийн компаниуд, бүр ТИС, МУИС-ийн Геологийн ангийн оюутнууд хүртэл яаж олшрохыг бид гэрчилсэн шүү дээ. Зөвхөн геологиудаар ч зогсоогүй, тээвэр, хоол хүнс, барилгын компаниуд хүртэл ажилаа дийлэхээ байж тэр чигээрээ орлого ихтэй, олон хүнийг ажлын байраар хангадаг нүсэр салбар болсон.   Факт

4. Хувийн өмч нийтийн өмч болдог:

Улс төрчид “Монголын байгалийн баялгийг олон улсын бирж гэдэг ломбарданд аваачиж тавиад авсан мөнгийг нь гадаадууд идчихлээ” гэж хашгирах моодтой болжээ.

Аливаа томоохон төслийг хэрэгжүүлж эхлэхэд зайлшгүй ихээхэн нөөц бололцоог дайчлах хэрэгтэй болдог, энэхүү нөөц бололцоог нэгэнт ганц хүн дангаараа гаргаж чадахгүйд хүрвэл нийтээрээ нийлээд хийхээс өөр аргагүй. Жижиг зүйлийг ганцаараа эзэмшсэнээс том зүйлийг олуулаа нийлж эзэмших нь улам хавтгай болж бас улам ширүүн өрсөлдөх өнөө үед шалгарсан жишээ. Ингээд сайн тордож чадсан хувийн өмч нийтийн өмч болдог, түүнийг нь хэрэгжүүлэгч нь хөрөнгийн бирж.

Тэрхүү хөрөнгийн бирж дээр байгаа нийтийн өмчийг хэн ч эзэмшиж болно, бас засаглалд нь оролцож болно, бүр алдагдалтай ажиллаад байвал удирдлагыг нь халж ч болно. Хэзээ нэгэн цагт Монголын мал аж ахуйн нэгэн компани (эсвэл малчин) нийтийн компани болж л таараа учир нь Монголын мал аж ахуй, Австрали, Шинэ Зеландын мал аж ахуйтай өрсөлдөхөөр тулгарч л таараа, тэр үед л битгий “малыг минь ломбарданд тавьчихлаа” гэж бүдүүлэгтээсэй билээ.  

Дүгнэж хэлэхэд иргэд маань нийтийн эзэмшлийн өмчөө хамгаалах нь зөв. Харин төрд эзэмшүүлж хамгаалуулна гэвэл “чононд хонио маллуулахаар” өгсөнтэй ижил зүйл биз. Монгол Улсын ДНБ 2012 оны үнээр 14.6 их наяд төгрөг, үүнээс 4.8 их наядыг нь төр гүйцэтгэсэн байдаг, үлдсэнийг нь хувийн өмчөөр гүйцэлдүүлжээ.Хувийн салбар 9.8 их наяд төгрөгийн зах зээлийг үүсгэсэн нь шударга өрсөлдөөний талбар, цаашдаа нийтийн өмч болох хэсэг гэдгийг бид ойлгох цаг нь болжээ.   Харин Төр нийтээс авсан өмчөө нийтэд нь буцааж өгвөл зохино.   Социализм хэмээх нийгэм журмын нийгмийн үед төр нь зөвхөн хувийн өмчийг хураагаад зогсоогүй бүр нийтийн өмчийг өөрийн болгосон нь гайхалтай.

Тэр ч бүү хэл одоо буцааж өгөхгүй амь тавин зууралдаж байгааг нь яана. Та бидний өдөр тутамд, тэр ч байтугай  бүр секунд тутам хэрэглэдэг агаар, ус, газар шороог минь хүртэл төр маань өмчилчихөөд байна. Тэгээд тэр өмчийг нь ашигласан хүн бүр , компани бүрийг төрийн өмч болгоно гэнэ үү … Одоо нийтэд тэр өмчийг буцааж өгөх цаг нь болсон бус уу?