Я.Санжмятав: Эрдэмтдийн санаа, бодлыг төлөвлөгөөндөө тусгана
Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2013.09.26

Я.Санжмятав: Эрдэмтдийн санаа, бодлыг төлөвлөгөөндөө тусгана

Эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн асуудлаар “Ажилтай, орлоготой монгол хүн” онол, практикийн бага хурал өчигдөр МУИС-ийн дугуй танхимд боллоо. Хөдөлмөрийн яам болон харъяа Хөдөлмөрийн хэлтсүүдээс нь санаачлан зохион явуулсан тус хуралд их дээд сургуулийн багш нар, хөдөө орон нутаг, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд бидний амьдралд хэрэгтэй олон судалгаа хийснээ танилцуулсан.

Илтгэлүүдийн хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав салбарын асуудлаар ийн ярилаа. 

“Ажилтай, орлоготой монгол хүн” онол, практикийн бага хурлын үеэр

-Шинээр байгуулсан Хөдөлмөрийн яаманд үнэндээ дутуу юм алга. Хамгийн гол нь байгуулсан бүтцийн хүрээнд сайн ажиллаж чадвал бүтэхгүй зүйл үгүй.

Ямартай ч бид Засгийн газар болон ажил олгогчид, Үйлдвэрчний эвлэл гээд олон байгууллагатай хамтран ажилласны үр дүнд жилийн эхний найман сарын байдлаар 35 мянган хүнийг ажлын байртай болгосон байна. Түүнчлэн Засгийн газрын бодлогын түвшинд зам тээвэр, барилгын салбарт олон хүн ажлын байртай боллоо.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо 10 хувиар нэмэгдлээ. Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн салбарт ажилладаг эрдэмтэн, судлаачдын санаа бодлыг бодлогодоо авч тусгах шаардлага байгаа юм. Магадгүй ажлын байрыг нэмэгдүүлэх, шийдвэрлэх гээд олон шинэ санаа энэ хүмүүсийн дундаас төрдөг учраас манай яам дараа жилийнхээ төсөл, хөтөлбөрт илтгэл, судалгаануудаас гарсан зүйлүүдийг тусгах учиртай. Тиймээс уг онол, практикийн бага хурлыг давчуу хугацаатай зарлалаа.

Гэвч хэдхэн хоногийн дотор зарласан болоод ч тэр үү миний санаанд таарах олигтой судалгаа төдийлөн байсангүй. Ирэх жилээс уламжлал болгон зохион явуулна гэдгийг хэлье. Олон илтгэл, санаан дундаас дорвитой шийдвэр, үр дүн гарах болно.