Хөдөлмөрийн үнэлэмж бодитой биш
Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн дарга М.Алтанцэцэг
2013.05.31

Хөдөлмөрийн үнэлэмж бодитой биш

Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн дарга М.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-  Ажилтан албан хаагчдыг төлөөлж байгаа үйлдвэрчний эвлэлийн хувьд гадны улс оронтой харьцуулахад хөдөлмөрийн үнэлэмж ямар түвшинд байгаа бол?

Яг нарийндаа бол гадаадын оронтой харьцуулахын аргагүй шүү дээ. Хөдөлмөрийн үнэлэмж бодитой тогтож чадахгүй л байгаа. Учир нь материаллаг, материаллаг бус гэж тогтсон систем одоо хэр нь үйлчилж байгаа.

Цалингын систем мөнгөний өөрчлөлтөөр багахан нэмэгддэг ч зах зээлийн эрэлт хэрэгцээгээр хөдөлмөрийн үнэлэмжийг гүйцдэггүй. Нэн тэрүүнд хөдөлмөрийн үнэлэмжийг улсын хэмжээнд бодитой тогтоох шаардлага байна.

Яг тохирсон бодит үнэлэмж байхгүй гэж хэлэхэд буруудахгүй.

Наад зах нь гадаадын орны төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг яаж тогтоодог систем бодлогын судалгааг хийх шаардлагатай. Яг тохирсон бодит үнэлэмж байхгүй гэж хэлэхэд буруудахгүй.

- Иргэд өөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд хэр оролцоотой байна бэ?

Ажилтан өөрийгөө үнэлэдэг байхын тулд мэдлэгтэй байх хэрэгтэй. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа л ямар ажил хийснийхээ төлөө хэдэн төгрөгний цалин авах гэж байгаагаа зайлшгүй харж судлах хэрэгтэй. Тэгэхгүй гэрээ уншихгүй загвар гэрээгээр ажиллах дутагдал харагдаж байна.

Даанч гэрээтэйгээ бүрэн танилцахгүй хохирч үлдэх тохиолдол гардаг. Мөн байгууллагын дарамт их бий. Орвол ор орох хүн зөндөө байгаа гэдэг үгээр мэдлэг, ур чадварыг дутуу үнэлдэг. Гэхдээ ажилтан өөрөө мэргэжилтэй, чадвартай бусадтай өрсөлдөхүйц байж үнэлэгднэ.

Байгууллагаас зөвхөн хөдөлмөрийн хөлс олгодог бус ажилтаны ур чадварыг дээшлүүлэхийн төлөө санаа тавьдаг байх хэрэгтэй.