Дэлхийд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл Монгол хүний үнэлэмж өснө
Монгол хүний үнэлэмжийг хэрхэн нэмэгдүүлэх бэ? Монголчууд бид тэгш бус цалингын хувиарлалт, бодит бус үнэлэлтээр хөдөлмөрөө үнэлүүлээд байх уу гэсэн сэдвийг хөндөж Хөдөлмөрийн судалгааны институтын захирал М.Чимэддоржтой ярилцлаа.
- Хүний үнэлэмжийг юугаар тодорхойлох бэ?
Масловын дүгнэснээр бол хүний хамгийн дээд хэрэгцээ бол цор ганц байх. Харин тэр хүртэл хэрэгцээний бүх системд үнэлэмж бүрддэг. Бусдаар хүндлүүлэх, нийгмийн хамт олонтой байх, аюулгүй орчинд амьдрах, хэрэгцээгээ хангаж чадахүйц байх зэргээр хүний үнэлэмж тодорхойлогддог.
Мөн монгол хүний үнэлэмж гэдгийг нэг гадаад хүнээс бага цалин авч байгаагаар дүгнэх нь хэтэрхий өрөөсгөл. Бид үнэхээр өнөөдөр тусгаар тогтносон бүрэн эрхэт иргэн гэдгээр аюулгүй байдалаа хамгаалсан мэт харагдаж байгаа ч гудамжинд явж байхад төмөр унасан тохиолдол бий. Энэ бол үнэлэмжийн систем нь алдагдаж байгаа хэрэг.
Монгол хүний үнэлэмж гэдэг нь хэрэгцээгээ хангаж чадахуйц орлоготой, аюулгүй орчинд амьдарч,шаардлагатай үед эмнэлэгийн болон бусад хэрэгцээгээ хангах, нэр төртэй амьдрах зэрэг маш олон зүйлээр тодорхойлогдоно. Хөдөлмөрийн үнэлэмж монгол хүний үнэлэмжийг тодорхойлох нэг хүчин зүйл гэж үздэг.
- Монгол хүн хэр үнэлэмжтэй байна бэ?
Хөдөлмөрийн үнэлэмж, цалин гэдэг нь хөдөлмөрт төлж байгаа үнэ гэсэн үг. Ямар ч бараа бүтээгдэхүүнд үнэ төлдөг. Үйлдвэрлэгдсэн зардалыг давсан ашигтай ажиллаж байж бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэнэ. Энэ бол эдийн засгийн хувьд хамгийн бага үнийн түвшин.
Бараа бүтээгдэхүүний үнэ тухайн бүтээгдэхүүн зах зээлд хэр олдоцтой байна вэ гэдгээс тодорхойлогддог. Ховор байх тусмаа үнэ нэмэгдэж, элбэг байх тусмаа хямдардаг хууль бий. Хөдөлмөр гэдэг үүнтэй л адилхан. Хөдөлмөрийн үнэ хэргэцээ болон хөдөлмөр хийх сонирхолтой хүмүүс хэр байгаа гэдгийг зах зээл өөрөө зохицуулж байдаг.
Европчуудаас илүү өндөр үнэтэй, чанартай, эрэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж европчуудаас өндөр цалинтай байх нөхцөл бүрэлдэнэ
Хөдөлмөр бол үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй шууд холбоотой. Таньд төлж байгаа цалин таниас гарч байгаа бүтээгдэхүүнээс ямагт бага байх ёстой гэсэн зах зээлийн хууль бий. Товчоор хэлбэл хэн илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна тэр өндөр цалин авах боломжтой гэсэн үг. Хөдөлмөрийн эрэлт үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний эрэлттэй холбоотой байдаг.
Жишээ нь: Оёдолчны үйлдвэрлэсэн жинсэн өмд нь зах зээлд худалдаалагдаж байгаа үед л илүү өндөр цалин авах боломж бүрддэг. Үүнийг уламжлагдсан эрэлт гэж нэрлэж байгаа. Тэгэхээр тухайн хүний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн олон улсын зах зээлд амжилттай өрсөлддөг, үнэ цэнэтэй байж цалин өсөх нөхцөл бүрдэнэ.
Европчуудаас илүү өндөр үнэтэй, чанартай, эрэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж европчуудаас өндөр цалинтай байх нөхцөл бүрэлдэнэ шүү дээ. Харин бүтээмж бол цалин өсгөх үндсэн шалтгаан. Гэхдээ зарим тохиолдолд бүтээмжээс давсан цалингын өсөлт явагддаг. Манай улсад бүтээмжээс давсан цалингын өсөлт явагдаж байгаа.
Үүнээс инфляци өсч, бүтээмж өндөртэй салбарт сөргөөр нөлөөлөх талтай. Үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүний чанар өөрчлөгдөөгүй хэрнээ цалин өсөөд байгаа нь бүтээгдэхүүний үнэ өсч байна гэсэн үг. Нөгөө бүтээгдэхүүн зах зээлд борлогдох нь буураад урт хугцаанд ажилгүйдэл үүсэх шалтгаан болж эхэлж байгаа. Энэ нь урт хугацаанд эдийн засагт сөргөөр нөлөөлнө.
- Яавал бид Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх бэ? юунаас эхлэх үү?
Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд хамгийн түрүүнд импортын бүтээгдэхүүнийг орлуулдаг болно гэсэн сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Наад зах нь хятадууд монголд тэдэн ширхэг гутал зардаг хэрэгцээгээ бид үйлдвэрлэе гэдэг сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй.
Импортын бараа бүтээгдэхүүнтэй бид өрсөлдөөд ажилгүйдэлийг бууруулж чадаж магадгүй гэвч цалингаа өсгөж чадахгүй. Учир нь импортын бүтээгдэхүүн бол өөрийн гэсэн онцлогтой, илүү өндөр бүтээмж шингэсэн байдаг. Гэтэл импортыг татвар нэмэгдүүлэх замаар хориглох нь буруу. Үүний оронд өөрсдийн давуу талыг шингээсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр гаргадаг болох эсвэл илүү мэдлэг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох дээр анхаарах хэрэгтэй.
Оймс нэхэх, мэдээллийн технологийн програм зохиох хоёрын аль нь илүү бүтээмжтэй гэдгийг бодох л хэрэгтэй шүү дээ. Урт хугацаанд хөдөлмөрийн нөөцийн хомсдолтой, цөөхөн хүн амтай болохоор тэр тусмаа бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол дэлхийн зах зээлд эрэлттэй нэг салбарыг хөгжүүлэх гэхээр боловсон хүчний хомсдолд орж, хөдөлмөрийн эрэлт нэмэгдэхээр цалин өсөөд цалингын өсөлт нэмэгдэж эхэлнэ энэ үед урт хугацааны өсөлтөнд нөлөөлж эхэлнэ.
Хөдөлмөрийн бодлого-Хамтын ажиллагаа форумын үеэр
Тэгэхээр үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд аль болох бүтээмж өндөртэй салбарлуу боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй. Магадгүй зарим хүмүүс монголд оюутан их байна гэж шүүмжилдэг. Богино хугацаанд харахын бол шүүмжлэлтэй ч. Урт хугацаанд бол илүү их мэдлэг эзэмших хэрэгтэй. Учир нь цөөхөн хүн амтай манай улс илүү өндөр үнэлэмжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж сайхан амьдрах боломж бүрдэнэ.
Гэхдээ үүнд нэг зүйлийг анхаарах шаардлагатай нь оюутнууд маань утга зохиол, сэтгүүл зүй, хууль, эдийн засаг, улс төр гэх мэт чиглэлээр суралцаад байвал хэцүү. Учир нь эдгээр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд идэвхитэй оролцдог салбар биш. Харин инженер, мэдээллийн технологи, нанотехнологи зэрэг салбар нь бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учир зах зээлийн эрэлт ихтэй.
Бас нэг зүйлийг анхаарах нь хөдөлмөрийн зах зээлд ажил мэргэжил гэдэг амьдарч байгаа газартайгаа шууд холбоотой. Олон улсын зохистой хөдөлмөр эрхлэлтийн конвенцэд ажил гэр нь хол байж болохгүй гээд заачихсан байдаг. Эхнэр нь Монголд өөрөө Солонгост, гэр нь хотод хэрнээ Өмнөговьруу явж ажилладаг байж болохгүй. Хэдий өндөр цалинтай ч бүтээмж буурч энэ хэмжээгээрээ монгол хүний үнэлэмж муу байна гэсэн үг.
Амьдарч байгаа газраа ажилладаг, хангалттай цалин авч амьдралаа шийддэг байхыг хөдөлмөрийн эрүүл зөв хэв маяг, хөдөлмөрийн зохистой үнэлэмж гэж хэлж болно.
-Монголчууд өөрсдийн онцлогийг шингээсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах хэрэгтэй гэж хэлсэн. Үүнийг тодруулбал.
Хүн болгон илүү өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл сайхан амьдарна гэж бодож байгаа үед орон зайнаас хамаардаггүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь монгол улсын урт хугацааны хөгжлийн концевц байх ёстой. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн олон улсад худалдаалагдах боломжтой тэр салбарт ажиллах хүчээ нэмэгдүүлбэл хөдөлмөр бодитой үнэлэгдэнэ.
Ингэж чадахгүй бол өндөр цалин авахаар харь орныг зорьж ажиллаж байгаа нь монгол хүний үнэлэмжинд сөргөөр нөлөөлж, үнэлэмжийг дээшлүүлнэ гэсэн бодлоготой зөрчилдөх юм. Нүүрс гаргах гэхээр хоёр хөршөөс хамааралтай, тээвэрлэлтийн гацаанд орж байгаа. Тиймээс аль болох овор хэмжээ багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах хэрэгтэй.
Бусад улсаас юмуу тээвэрлэлтээс хамаардаггүй тийм бүтээгдэхүүн. Овор багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь манай хөгжлийн нэг чиглэл. Мөн оюуны өмч үйлдвэрлэж болно. Патент, ашигтай загварууд гэх мэт. Өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг арга технологийг судлаад оюуны өмчийг эзэмших гэх мэт.
Патент эзэмшигч тухайн компани тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байх албагүй ч олон улсын оюуны өмчөөр хамгаалагддаг. Үүнийг бүх улс орон дагаж мөрддөг байх жишээтэй. Товчхоноор бол монгол хүний үнэлэмж дэлхийн зах зээлд өрсөлддөг бүтээгдэхүүний эрэлтээр тодорхойлогдож гарна гэсэн үг.
- Монголд оюуны бүтээмжийг хэн үйлдвэрлэх бэ? Салбараар нь авч үзвэл.
Нэгдүгээрт оюуны өмчийг хамгаалдаг олон улсын конвенцэд монгол улс орчихсон. Cokа Cola гэдэг энэ нэр бол брэнд үүнийг ашиглах зөвшөөрөл нэг л компанид бий. Хяналт тавьж байгаа эсэхдээр асуудалтай байж магадгүй хуурамч бүтээгдэхүүн зах зээлд гардаг тал бий.
Гэхдээ л Монгол улсаас гарсан оюуны өмчийг олон улс хүлээн зөвшөөрнө бид ч бас олон улсын оюуны өмчийг хүлээн зөвшөөрдөг тогтолцоо 1996 оноос бий болсон. Хүн төрөлхтөн монгол хүний гаргасан оюуны өмчийг хэрэглэж, хамгаалаж, худалдан авахад бэлэн байгаа.
Эдийн засагч хүн бүтээгдэхүүн үйлдэрлэдэггүй санаа оноо бодлого шийдвэр гаргахад чухал байдаг ч инжнерүүд бүтээгдэхүүн бүтээдэг. Ялангуяа өндөр технологийн бео, нано, мэдээллийн гэх мэт энэ бол маш үнэ цэнэтэй. Мянган хүн нэхдэг байсан даавууг хөдөлмөр хялбарчилаад техник технологи ашиглан нэг хүн хийчихээр болсон байна.
-Одоогоор хамгийн эрэлттэй мэргэжил, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ямар салбар байна?
Эрэлт гэдэг бол бас цаг хугацааны ойлголт өнөөдөр эрэлттэй байж болох ч маргааш хэрэггүй болох нөхцөл бий. Богино хугцааны эрэлтийг авч үзэхэд барилга, дэд бүтэцийн салбарын мэргэжилтэй ажилтан хэрэгтэй байна. Гэтэл урт хугацаанд бол дэлхийд өрсөлдөж чадахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа мэргэжил хамгийн үнэ цэнэтэй, эрэлттэй.
Хөдөлмөрийн судалгааны институт
Одоогийн байдлаар хөдөлмөрийн зах зээлд ажилгүйдэл их, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал үүссэн. Тиймээс богино хугацааны эрэлттэд тулгууралсан арга хэмжээ авах хэрэгтэй. Хүний мэргэжил сонголт гэдэг тийм ч амархан шийдэх зүйл биш.
Өнөөдөр барилгачид хэрэгтэй гээд баахан барилгачид үйлдвэрлээд байж болохгүй учир нь хүн эзэмшсэн мэргэжлээ өөрчилнө гэдэг асуудалтай учир урт хугацаанд барилгын эрэлт буурч орлого олох боломжгүй үе ирж мэднэ. Энэ бол хүний амьдралын тогтвортой байдалтай шууд холбоотой асуудал юм.
Тиймээс хүний мэргэжил сонголтонд зөвлөгөө өгнө гэдэг тийм сайн зүйл биш. Тодорхой мэдээллийн дэмжлэг үзүүлэх тал дээр анхаарсан нь дээр. Харин урт хугацааны эрэлт дээр одоогоор хэлэх зүйл алга.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хөдөлмөрийн үнэлэмжинд нөлөөлдөг үү?
Хөдөлмөрийн хөлс гэдэг тухайн хүний бүтээмж, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн зарчимаар тогтдог. Нийлүүлэт өндөр байгаа ажил мэргэжил цалин бага байх магадлалтай. Нийлүүлэлт хомсдолтой үед хөдөлмөр эрхлэлт аяндаа өснө. Энэ бол ажил эрхлэлтийн түвшинтэй л холбоотой.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хөдөлмөрийн зах зээлд идэвхитэй ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн тав орчим хувьд л нөлөө үзүүлдэг. Бусад нь бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэд дахин их цалин авч байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэрэглэж байгаа улс оронд хөдөлмөрийн зах зээлийн 30 хувьд л нөлөөлж байхаар журам мөрддөг.
Би хувьдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ зах зээлд байх нь илүүц гэж боддог. Яагаад гэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосноор эерэг зүйл бараг харагдахгүй, сөрөг үр дагавар нь их байна. Хоёр хүн 140,400-аас бага цалин авч ажиллахаар тохирсон бол яах бэ? Тэр тохиолдолд ажлын байрыг байхгүй болгох эсвэл хууль зөрчих шаардлага гарна.
Бид зүгээр бүртгэж л чадахаа больж байгаа хэрэг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй цалин уялддаг гэдэгт итгэхгүй байна. Зах зээлийн хуулиар ажил эрхлэх сонирхолтой хүн нэмэгдэх тусам цалин өснө. Манай улсад цалин хурдацтай өсч байгаач бүтээмж нь тэр хэрээрээ өсөхгүй байгааг бодох л хэрэгтэй.
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянгаас нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.
Үр ашигтай механизм гэж үзвэл зөв байх. Гэхдээ манайд нэг төвөгтэй зүйл байдаг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ зөвхөн хөдөлмөрийн зах зээл дээр яригддаг биш болчихсон. Бүр утгаа алдаад торгууль тавьдаг, харьцуулдаг механизм болчихсон.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний торгууль ноогдуулна гэх мэт янз бүрийн заалтанд ашиглаад байна. Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг огцом нэмэгдүүлэхээр хөдөлмөрийн харилцаанд нөлөөлхөөс илүү өөр зохицуулалтаар улсын төсөвт хүндрэл учруулдаг болсон нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яаран нэмэгдүүлэх боломжгүй болгочихсон. Үүнийг салгах эрх зүйн зохицуулалт хэрэгтэй.
- Компани аж ахуй нэгж байгууллагын ашгийг цалинтай харьцуулах тогтолцоо бий юу? Компаниуд ашгийн маш бага хувийг цалинд зарцуулдаг гэж ярих юм. Энэ талаар
Хөдөлмөрийн салбар бол төгс мэдээлэлтэй, өрсөлдөөнтэй зах зээл биш. Компаний эзэн дийлэнх ашгаа авч цалиндаа бага мөнгө зарцуулдаг уу гэдэгт үгүй гэж хэлнэ. Орчин үеийн хүний нөөцийн менежмэнт хүний бүтээмжийг дээшлүүлэхэд бүх анхаарлаа хандуулж байдаг. Яагаад гэвэл илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэж илүү их ашиг олохын тулд юм.
Бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд сайн тоног төхөөрөмж, зөв удирдлагаар хангах, мөн нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Жишээ нь таны цалинг гурав дахин нэмэгдүүллээ гэхэд таны бүтээмж асар нэмэгдэх шаардлагатай. Учир нь таны ажлийн төлөө танай салбарынхан бүгд өрсөлдөнө тэгэхээр та ажлаа хийж байх үедээ мөнхийн өрсөлдөөнд орсоор байх учир бүтээмж өндөртэй ажиллах шаардлагатай.
Компаниуд илүү өндөр цалин өгөхийг ямагт хүсч байдаг. Ямарч компани салбарынхаа дунджаас илүү цалин өгөхийг хичээдэг. Мөн хэрвээ таны ажил мэдлэг ур чадвар шаардаж байгаа бол үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд илүү их мэдлэг шингэж байна гэсэн үг. Ур чадвар, онцлог багатай ажлын байранд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүүг өгсөн гэх хандлага байж болох юм.
- Хөдөмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх гэхэээр аж ахуй нэгжийн орлогод нөөлөөлнө гэж харж болох уу?
Цалин гэдэг ажил олгогч, ажилтан хоёрын харилцаан дээр тогтож байгаа. Ажилтны төлөөллийн байгууллага ямагт цалин бага гэдэг. Эдийн засгийн онолын үүднээс тайлбарлахад мэдээллийн тэгш бус харьцаан дээрээс үүссэн зах зээлийн гажуудал гэж болно.
Та сэтгүүлч хүний хувьд салбарынхаа бусад сэтгүүлчдийн цалин хэд байдагийг мэдэхгүй. Ажилтан эрх ашгаа хамгаалуулахаар төлөөллийн байгууллага байгуулсан. Нөгөө талд нь ажил олгогч эздийн холбоо гэж бий. Энэ хоёр мөнхийн зөрчилтэй байдаг. Ажил олгогчидын зүгээс бүтээмж өсөөгүй байхад цалин өсгөхгүй. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтооход төр оролцоно гэдэг буруу.
Бусад улс оронд ажил олгогч, ажилтан, мөн эдийн засгийн судлаачдын бүрэлдэхүүн тэнцүү нийлээд хөдөлмөрийн хөлсний дүнг жил болгон тогтоодог юм. Тэр дүнг л засгийн газар баталгаажуулж өгдөг байх ёстой. Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтооно гэдэг нь сонгогчдод таалагдах гэсэн улс төрчдийн шоу.
Үүнийг аль аль талдаа ялгаж салгаж зөвөөр ойлгож байх хэрэгтэй. Цалин гэдэг хамгийн бодитой байх ёстой. Цалин өндөр тогтоогдох нь сайн зүйл биш эргээд инфляци нэмэгдэх, өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх талтай. Бид юу үйлдвэрлэж чадаж байна гэдэгээр хөдөлмөрийн хөлс үнэлэгддэг байх нь хүн төрөлхтөний нэгэнт тогтсон жаяг юм.
- Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд бид юунаас салах хэрэгтэй бэ?
Монгол хүнийг үнэтэй байлгахын тулд одоо юу үйлдвэрлэж байгааг нь бодитоор үнэлэдэг систем хэрэгтэй. Миний санал нийлдэггүй нэг зүйл бол монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр яг адилхан ажил адилхан ур чадвар шаардаж байгаа ажлын байранд нэгэнд нь гадаад хүн ажиллаж илүү өндөр цалин авч байгаа нь байж болошгүй зүйл.
Дэлхий нийтэд ажлын байр ижил байгаа нөхцөлд ижил цалин авна гэсэн зарчим бий. Хөдөлмөрийн салбарын суурь зарчим үүнийг мөрдөх хэрэгтэй. Тэр хүний цалин бодитоор үнэлэгдэх ёстой. Нэг нь хот гаралтай гээд өндөр цалин авдаг нэг нь хөдөөнийх гээд бага цалин авдаг байж болохгүй.
- Хөдөлмөрийн хөлсний мэдээлэл их хомс байх юм. Мэдээлэл дутмаг болохоор харьцангүй үнэлэлт олшироод байна уу?
Цалингын мэдээлэл хувь хүний нууцад хамаардаг ч салбарын цалингын доод хэмжээг боловсруулсаны дараа олон нийтэд мэдээллэх хэрэгтэй. Бидний нэг чиглээл бол ажил олгогчид болон ажилтны төлөөлөл нэгдээд гагнуурчны цалингын доод хэмжээ ийм байна гэдгийг тогтоогоод олон нийтэд мэдээллэхийн төлөө байгаа.
Мэдээлэлтэй болсоноор хөдөлмөрийн зах зээлд салбарынхаа хамгийн бага орлоготой харьцуулалт хийх боломжтой болно. Хэд хэдэн салбарт харьцуулах жишиг цалинг тогтоохоор ажиллаж байгаач хоёр талын хүчин чармайлтаас их зүйл хамаарна.
- Гадны орнуудтай харьцуулахад монголын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч хэрэгцээгээ давсан оролготой байж чадахгүй байна?
Гадны орнууддад хүмүүс өргөн хэрэглээнд орлогынхоо 10 хувийг л зарцуулдаг системтэй. Монголд хүнсний хэрэглээнд зарцуулж байгаа зардал нь байнга өсч байгаа ч нийт зардалд эзэлж байгаа хүнсний хэрэглээний зардал нь буурсан дүн бий.
Энэ бол эрүүл талруугаа чиглэж байна гэсэн үг. Хүмүүсийн орлого хүнсний зардалаас хамаагүй өндөр хурдацтай явж байна гэсэн дүр зураг харагдаж байна.
Эрүүл мэнд боловсролд зарцуулж байгаа зардал байнга нэмэгдэж байгаа нь хүмүүсийн амьдралын чанар сайжирч байгаагын илрэл.