Монгол ажилчид мэргэжлийн зэрэг, үнэмлэхтэй болох боломжтой
МҮЭХны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.05.20

Монгол ажилчид мэргэжлийн зэрэг, үнэмлэхтэй болох боломжтой

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.

- БНСУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн. Ямар зорилгоор явав, Явсан ажил бүтэмжтэй юу?

Монгол улсын засгийн газар, Хөдөлөмрийн яамнаас санаачлан Монголдоо баялагыг бүтээе гэсэн арга хэмжээг БНСУ-д зохион байгуулсан. Хөдөлмөрийн салбарын төлөөлөл болсон 60 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй ажлаад ирлээ.

Хамгийн ихээр сонирхсон зүйл бол  тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын нөхцөл байдал, цалин хөлс, амьдрал ахуйтай танилцах явдал байлаа. Үүний зэрэгцээ МУ-ын засгийн газар, хөдөлмөрийн яам, БНСУ-ын хөдөлмөрийн яам хооронд хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хамтран ажиллах хоёр жилийн гэрээ байгуулсан нь чухал үр дүн байлаа.

БНСУ-д 30 гаруй мянган монгол ажилчид бий. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад хөдөлмөрийн хөлс 600 мянган вон-оор нэмэгдсэн. Гэхдээ тухайн орны хөдөлмөрийн хөлстэй харьцуулахад тийм өндөр цалин биш. БНСУ-ын жирийн иргэний хөдөлмөрийн хөлс 2800-3000 вон байхад  монгол ажилчид  сардаа 1800 вонны цалинтай ажилдаг юм.  

Тэгэхээр төрөөс бодлого гаргаж оролцоод  зөвхөн солонгост гэлтгүй гадны оронд ажиллаж байгаа иргэдээ ямар мэргэжил, мэргэшил эзэмшсэн гэдгийг судлаж чадвартай боловсон хүчнээ дэмжих хэрэгтэй.

Сүүлийн үед манай залуус Солонгосын томоохон компаниудад нарийн мэргэжлээр ажиллаж байгаа гэсэн тоог элчин сайдын яамнаас өгсөн.  Энэ их сайхан мэдээ ажиллаж мэрэгшинэ гэдэг нь эх орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх баялаг бүтээгчид бий болж байна гэсэн үг шүү дээ.

Харин одоо Солонгост ажиллаж байгаа иргэдийгээ эх оронд нь  сайхан амьдруулах, ажиллах орчин нөхцөлийг бий болгох хэрэгтэй.  Үүний тулд хамгийн эхлээд Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Цалин нэмэгдэнэ гэдэг бол тухайн хүн өөрийн хэрэгцээнээс гадуур  ажлын ур чадвараа дээшлүүлэх боломж нээгдэнэ гэсэн үг.

Тэгэхгүйгээр авсан цалин нь хамгийн эхний хэрэгцээ болох хоол хүнс, өмсөж зүүхээс илүү гарахгүй бол өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж чадахгүй. Тиймээс  цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг эрс нэмэгдүүлэх арга хэмжээг МУ-ын засгийн газар нийгмийн түншлэлийн хэмжээнд явуулсаны үр дүнд зөвхөн Солонгост биш гадаадын бусад оронд ажиллаж байгаа 120 мянган хүнээ эх оронд нь авчирах боломж бүрдэнэ.

Эдийн засгийн өсөлт  талаасаа  боломж нээгдэж байгаа ч харамсалтай нь эдийн засгийн өсөлтөө иргэдийнхээ хөгжилд зарцуулахгүй, орлогоо тэгш хувиарлахгүй байна. Эдийн засгийн өсөлт 2012 онд 17.5 хувьтай байсан бол одоо 12-13 хувийн хооронд хэлбэлздэг.  Энэ бол боломжийн өсөлт. Тиймээс  үр шимийг нь хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс хүртэх шаардлагатай гэж үйлдвэрчний эвлэл үздэг.

БНСУ-д ажиллаж байгаа салбартаа  мэргэжил эзэмшиж ур чадвартай болж буй залуус цөөнгүй бий. Тэд эх орондоо ирээд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх бүрэн боломжтой бас чадвартай.  Тэдгээр хүмүүст хөдөлмөрийн яам, холбогдох биржүүд боломж гаргаж өгөх хэрэгтэй.

 Гэвч өмнөх жилүүдийн туршлагаас харж байхад монголдоо сайхан амьдарна хэмээн сэтгэл өөдрөг ирээд сонирхсон ажил нь байхгүй, цалин харьцангүй бага байдгаас буцаад харь орныг зорих тохиолдол их байдаг нь харамсалтай. Тэгэхээр төрөөс бодлого гаргаж оролцоод  зөвхөн солонгост гэлтгүй гадны оронд ажиллаж байгаа иргэдээ ямар мэргэжил, мэргэшил эзэмшсэн гэдгийг судлаж чадвартай боловсон хүчнээ дэмжих хэрэгтэй.

БНСУ- д ажиллаж байгаа иргэдтэйгээ уулзах үеэр Солонгосын хөдөлмөрийн яамтай гэрээ байгуулж монгол ажилчинд мэргэжлийн зэрэг  дэв, үнэмлэх өгөх ажлын эхлэлийг хөдөлмөрийн яам тавьсан. Мэргэжлийн зэрэгтэй болчихвол  ажил олгогчдын хүлээж байгаа боловсон хүчин ирнэ гэсэн үг.

Мэдээж хэрэг ажилтанаа тогтоохын тулд цалин хөлс нь хангалттай байх хэрэгтэй шүү дээ. МҮЭХ хөдөлмөрийн хөлсний   доод хэмжээ 140.400 байсныг 40 орчим хувиар нэмэгдүүлж, 192 мянган төгрөг болгосон. Энэ нь хувь болон хэмжээ талаасаа өмнөх жилүүдтэй харьцуулахад боломжийн нэмэгдэл боловч өнөөдрийн түвшинд туйлын хангалтгүй тоо.

Нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 8.4 хувь нь зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь бүх салбарт ажиллаж байгаа иргэдийн цалингын доод хэмжээг дээшлүүлэх боломж юм.

- БНСУ-д хөдөлмөрийн орчин нөхцөл ямар байна?

Харилцан адилгүй л байна. Тааруу нь ч байна, Стандартад нийцсэн бүр сайн нөхцөлтэй ажил ч байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг төгс хангана гэж байдаггүй байнга л хянаж засаж байх ёстой. БНСУ хөдөлмөрийн ослоос урьдчилан сэргийлэх нөхцлийг сайн хангадаг санагдсан.  

- Хоёр талын хөдөлмөрийн яам гэрээ хийсэн гэж байна. Энэхүү гэрээнд тусгагдсан хамгийн гол давуу тал нь юу байна?

БНСУ-ын Хөдөлмөрийн яамтай гэрээ байгуулав.

1. Дээр дурьдсан ажилтанд мэргэжлийн зэрэг дэв олгох

2. Нарийн мэргэжлийн ажилчидыг түлхүү ажиллуулах талаар яригдсан. Хэн хүнгүй хийж чадах ажил бус аль болох ирээдүйтэй хөгжилрүү дагуулах ажлын байр түлхүү нэмэгдүүлэх.

3. Солонгост ажиллаж байгаа иргэдийн нийтлэг нийгмийн хамгааллын асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал дээр онцгой анхаарал хандуулахаар болсон. Гэрээний байна уу, хараар байна уу ялгаа гаргахгүй нийгмийн даатгалд бүрэн хамруулаж байх. Мөн осолд орсон тохиолдолд Солонгос иргэдтэй нэгэн адил буцалтгүй тусламж, нөхөн төлбөр олгох.

4. Зөвхөн ажиллах биш цаашлаад өөрийгөө хөгжлүүлэхэд нь  боломж гаргаж өгөөч хэмээн санал тавьсан. Үүнд нэн тэргүүнд хэлний мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй байгаа.

5.Чөлөөт цаг, хөдөлмөрийн хөлс, ажлын цагын хувиарыг аажмаар өсгөж тухайн орны иргэдийн түвшинд хүргэх тал дээр ч нилээн яриа өрнүүлсэн.

Үүнээс харахад энэ удаагийн гэрээ хэлэлцээр нилээн үр дүнтэй болсон гэж хэлж болно. Ажлын явцад БНСУ-д  онлайн Е үйлчилгээг нээсэн. Энэ нь Монголчууд маань монголдоо ирээд ажил хайх бус тэндээс хаана ямар компанид, ажлын байр байна гэсэн мэдээллийг нээлттэй тавьж  байх бололцоог бүрдүүлсэн. Мөн оюутан, залуусдаа цагийн хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох тохиролцоог хийсэн.

- Сологост гэр бүлээрэй ажиллах боломж дутмаг байдагаас гэр бүлийн салалт их байгааг шүүмжилдэг. Энэ талаар хэр ярилцав.

Энэ бол бодит бэрхшээл. Гэр бүлээрээ ажиллах нь их давуу талтай. Ар гэрлүүгээ санаа зовохгүй, хүүхдээ сургууль цэцэрлэгт хамруулж илүү боломжтой амьдарч байна. Гэтэл гэр бүлээсээ хол байгаа нөхцөлд гэр бүлийн тогтворгүй байдал, салалт тодорхой хэмжээгээр гардаг.

Тиймээс гэр бүлээрээ хөдөлмөр эрхлэх боломжийг бас ярилцсан. Энэ зөвхөн солонгост  ажиллаж байгаа 33 мянган иргэн бус 120 мянган гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа монголчуудын асуудал. Тиймээс монголчуудаа эх орондоо ажиллах боломжийг л бүрдүүлэх нэн шаардлагатай байна. Эхний алхамыг саяын айлчлалаар хийсэн.

Үүнийг бодитой ажил болгоход  төрийн анхаарал хэрэгтэй. Үгүй бол хүмүүсийг хуурсан хэрэг болно шүү дээ.