Солонгост ажиллаж байгаа Монгол иргэдтэйгээ уулзлаа
2013.05.15

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав БНСУ-д айлчиллаа

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны хүрээнд “Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцолын санамж бичиг”- т гарын үсэг зурахаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрээр айлчлалынхаа хүрээнд тус улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудтайгаа уулзан Хөдөлмөрийн яамны үйл ажиллагааг танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонссон юм.

Харласан” иргэдийг маань олноор нь баривчлахгүй байхыг хүслээ

Айлчлалын эхний өдөр Монгол улсын засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын БНСУ ын Үндэсний ассамблейн Байгаль орчны хөдөлмөрийн байнгын хорооны дэд дарга Ким Сан Тэ тэй уулзлаа. Энэхүү уулзалтаар талууд БНСУ д хөдөлмөр эрхэлж байгаа Монгол иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг хөндөн ярилцсан юм.

Монгол улсын хөдөлмөрийн яам нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцоог халж, монгол хүн эх орондоо хөдөлмөр эрхэлж, ажиллаж амьдрах нөхцлийг бий болгохыг чухалчилж байгаа.

Солонгос улсад “харласан” гэж нэрлэгдэн, хууль бусаар амьдарч байгаа иргэд олон бий. Харин Хөдөлмөрийн яамнаас гадаадад байгаа ажиллах хүчээ дотоодын бүтээн байгуулалтанд татан оролцуулах зорилгоор Солонгос улсад байгуулсан Нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан эх орондоо байгаа ажлын байрыг мэдээлж, ажилд зуучилж эхлээд байгаа юм. Тиймээс манай иргэдийг олноор баривчлахгүй байх хүсэлтийг Хөдөлмөрийн сайд уулзалтын үеэр Солонгосын талд тавилаа.

ХӨДӨЛМӨРИЙН САЙД Я.САНЖМЯТАВ МОНГОЛ ЗАЛУУСАА "ЭРГЭВ"

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав айлчлалынхаа хүрээнд Монгол ажилчдыг ажилуулдаг “Ёнан шигпүм” нэртэй хүнсний үйлдвэрт зочиллоо.
“Ёнан шигпүм” кимчиний үйлдвэр 150 гаруй ажилчинтай. Тэдний 25 нь гадаад ажилчид байдаг гэнэ.

БНСУ-д хийсэн айлчлал

Харин 4 монгол ажилчдын хувьд 7 сараас 2 жил хагасын хугацаанд тус үйлдвэрт ажиллаж байгаа ажээ. “Олон цагаар ажилладаг, ажлын ачаалал их ч гэлээ цалин хөлс нь илүү учраас солонгосыг сонгон ажиллаж байгаа юм” гэдгээ Монгол залуус хэлж байна. Тус үйлдвэрт ажиллаж байгаа Г.Амарбаясгалан “Монголдоо очоод кимчины үйлдвэр байгуулах хэтийн зорилго бий.

Гол нь хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай. Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа монголчуудаа эх орондоо очоод бизнес эрхлэх бол хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн учраас энэ талаар маргааш болох өдөрлөг дээр очиж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна” гэдгийг хэллээ.

Монгол залуучуудын хувьд бизнесийн гараагаа эхлэхэд нь төрөөс хөнгөлөлттэй зээл олгож дэмжлэг үзүүлбэл заавал хүний нутагт ажиллаж, амьдрах шаардлагагүй. Ер нь Солонгост урт цагаар ажилладаг нь нэг талдаа хурдхан мөнгөтэй болоод эх орон руугаа буцахыг хүсдэгтэй холбоотой гэж байв.

“27 мянга гаруй хүн Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байна. Тиймээс тэр бүх хүмүүс өөрийн гэсэн үйлдвэрийн эзэн болох боломжийг Хөдөлмөрийн яам дэмжинэ. Энэ нь бодит ажил хэрэг болоход иргэдийн оролцоо баялагийг бүтээх тэмүүлэл хамгийн том хөшүүрэг болно” гэдгийг салбарын сайд энэ үеэр Монгол залуустаа сануулж байсан юм.

“МОНГОЛЧУУДЫНХАА ТҮҮЧЭЭ БОЛЖ АЖИЛЛААРАЙ”

Харин айлчлалын гол үйл явдал 2013 оны 5-р сарын 12-ны өдөр Сөүл хотын Сэжун дээд сургуульд зохион байгуулагдсан “Бид Монголдоо баялаг бүтээнэ” уулзалт өдөрлөг байлаа.

Уулзалт, өдөрлөгт Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монгол Улсаас БНСУ д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган Очир, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд тэргүүн Г.Амгаланбаатар, БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийн дарга М.Нямдаваа, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн, Шинжлэх ухааны доктор, профессор, Төрийн соёрхолт Ш.Чоймаа нар оролцлоо.

БНСУ-д хийсэн айлчлал

Мөн БНСУ д ажиллаж, сурч, амьдарч байгаа 300 орчим монгол иргэн оролцож, Шинэчлэлийн Засгийн газраас монгол иргэдээ ажилтай, орлоготой болгох зорилтын хүрээнд ямар бодлого дэвшүүлэн тавьсан, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд өнөөдөр ямар мэргэжил хамгийн эрэлттэй байгаа, гадаад дахь монголчууд эх орондоо эргэн очиход тухайн улсад ажилласан шигээ цалинтай ажил хийх бололцоотой юу, бизнес эрхлэх бололцоо нээгдсэн үү зэрэг олон асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авлаа.

Элчин сайд Б.Ганболдын тэмдэглэснээр БНСУ д өнөөдөр 30 мянга орчим монгол иргэд амьдарч байна. Тэдний 5000 орчим нь оюутан, гол төлөв нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг бол ажил хөдөлмөр эрхэлж байгаа монголчуудын хувьд барилга, авто зам, химийн чиглэлийн үйлдвэрт голлон ажилладаг байна.

Сайд Я.Санжмятав дээрх арга хэмжээний үеэр монгол иргэдэд хандаж “Монголын шилдгүүд нь гадаадад амьдарч, суралцаж байгаа шүү гэдгийг онцлон, өнгөрсөн 20 гаруй жилийн турш Монгол Улс  иргэдээ халамжийн тогтолцоогоор бөөцийлж ирсэн бол Шинэчлэлийн Засгийн газар хөдөлмөр эрхлэх бололцоотой монгол хүн бүрийг ажилтай болгох зорилт тавьсан”-ыг дуулгасан юм.

Мөн гадаад дахь монголчуудын хувьд цөөн тооны боловч олон жил дагнасан ажлынхаа дадлага туршлагад үндэслэж Монголдоо очоод компани байгуулан бизнесээ амжилттай хөтөлж буй сайн жишээ бий гэнэ. Тиймээс энэ хүрээ улам өргөжиж, харийн нутагт хүний ажил хийх биш эх орондоо өөрийн бизнесээ эрхлэн монголчуудынхаа түүчээ болж ажиллахыг сайд хүслээ.

Түүнчлэн “Хүнд мөнгө чухал хэдий ч бүтэн амьдрал хамгаас эрхэм. Тэр тусмаа хугацаа нь дуусчихсан, харлачихсан, борлочихсон яваа нь эцэг, эх, хань ижил, үр хүүхэдтэйгээ хурдан уулзаарай. Хугацаа нь дуусаагүй байгаа нь тэвчиж ажиллаарай.

Хөдөлмөрийн сайд буцаарай гэж хэлсэн “Одоо би буцлаа” гэж болохгүй, хугацаандаа хүртэл тэвчиж ажиллаарай. Дутуу дулимаг зүйлүүдээ бас хурдан бүтэн болгоорой гэж хэлэх байна. Хайртай бүхнийхээ төлөө цаг наргүй ажиллаж, сурч байгаа та бүхнээр эх орон нь бас дутаж, ирэхийг нь хүлээж суудаг юм шүү” гэдгийг үгийнхээ төгсгөлд онцолсон юм.

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Айлчлалын хүрээнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Панг Ха Нам-тай уулзаж, Монгол Улсын Хөдөлмөрийн Яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу БНСУ-д ажилтан илгээх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажилласан монгол иргэн тухайн үйлдвэртэйгээ хамтраад эх орондоо жижиг, дунд үйлдвэрлэл байгуулбал хөнгөлөлттэй зээл олгох, Солонгос технологийг Монгол оронд нутагшуулах зорилгоор импортоор орж ирсэн жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээрх тоног төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, Мөн энэ хүрээнд ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, БНСУ-д мэргэжил эзэмшсэн монгол иргэдийг мэргэжлийн үнэмлэхтэй болгох, Монголд ирснийх нь дараа тухайн эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу богино хугацааны Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежид сургах зэрэг асуудлууд хөндөгдөж байгаа юм.

Ингэснээр Монголд өрнөж байгаа бүтээн байгуулалт томоохон төсөл хөтөлбөрт БНСУ-д ажиллаж байсан иргэдээ татан оролцуулах зорилго тавьж, энэ чиглэлээр хоёр тал хамтран ажиллахаар боллоо. Анх энэхүү санамж бичгийг 2004 онд Монгол Улс, БНСУ-ын Хөдөлмөрийн яам хооронд байгуулснаар монгол иргэд тус улсад албан ёсны зөвшөөрөлтэйгээр хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчин бүрдэж, хоёр жил тутамд хоёр улсын сайд нар баталгаажуулж гарын үсэг зурж иржээ.

Тэгвэл улс орны хөгжлийг дагаад энэхүү санамж бичгийн утга агуулга баяжиж, Монгол Улс иргэнээ гадаадад илгээхдээ зөвхөн ажиллах хүч болгох бус эх орондоо хэрэгцээтэй мэргэжилтэн болгож, бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулах боломж эрэлхийлснээрээ өндөр ач холбогдол агуулж байгаа юм. 

Уулзалтын үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Панг Ха Нам-тай Шинэчлэлийн Засгийн газраас гадаад орнуудад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийнхээ хөдөлмөрийг хэрхэн дэмжих бодлого боловсруулж, ажиллах болсон талаарх яриаг өрнүүлж, энэ далимаараа хууль бусаар ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийг буцаан татаж автал баривчилж, саатуулахгүй байх хүсэлтийг тавив.

Шинэчлэлийн Засгийн газраас гадаадад хөдөлмөр эрхэлж буй иргэдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх бол бизнесийх нь эхлэл болгож санхүүгийн дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхээр тоног төхөөрөмж импортолбол Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргасан нь нэг талдаа хууль бусаар оршин сууж байгаа монгол иргэдээ эх орон руу нь татах эдийн засгийн нэг хөшүүрэг болгосон арга хэмжээ болохыг онцолсон юм.

БНСУ-д“E-Бирж” нээлтээ хийлээ

БНСУ-д хийсэн айлчлал

БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол иргэддээ Төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Хөдөлмөрийн яамны харьяа Нэг цэгийн үйлчилгээний төвийг нээн ажиллуулж байгаа. Тэгвэл Хөдөлмөрийн сайд айлчлалынхаа үеэр Нэг цэгийн үйлчилгээний төв болон Монгол улсын элчин сайдын яамны байранд “E-Бирж” –ийг нээсэн юм.

Нээлтэнд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг, Хөдөлмөрийн төв биржийн дарга Ц.Энхтуяа, Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Нэг цэгийн үйлчилгээний төвийн дарга М.Нямдаваа нарын албаны хүмүүс оролцсон юм.

Е-Бирж нь Хөдөлмөрийн төв биржэд ирсэн ажлын байрны захиалгыг хайх болон, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэн танд, ажил олгогчдод хялбар, түргэн шуурхай, хүртээмжтэйгээр үзүүлэхэд чиглэгджээ. Е-Бирж нь ажил хайгч болон ажил олгогчийн цаг хугацааг хэмнэж өөрт хэрэгцээтэй хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийг оршин сууж буй нутаг дэвсгэрээс хамааралгүйгээр онлайн хэлбэрээр авахад зориулагдсан электрон хайлтын төхөөрөмж юм.

Мэдээллийн сан нь www.labornet.mn вэб сайт болон Labornet Work программаар 21 аймаг, 9 дүүргийн хөдөлмөр  эрхлэлтийн байгууллага, хувийн хөдөлмөрийн биржүүдийн оруулсан ажлын байрны болон ажиллах хүчний мэдээллээр баяжуулсан Улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн сантай онлайнаар өдөр бүр холбогдон ажиллахаараа онцлог юм байна.

Иймээс Монгол улсад байгаа ажлын байрны захиалгыг БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч байгааг иргэддээ мэдээлж, иргэдээ эх орондоо ажилтай орлоготой, элэг бүтэн сайхан амьдрах хүсэл, сонирхолыг төрүүлэхэд дөхөм болно гэж үзэж байгаа юм.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын БНСУ-д хийсэн энэхүү айлчлал 2013 оны 5-р сарын 10-13-ны хооронд үргэлжилж богино хугацаанд их зүйлийг амжуулсан ач холбогдолтойгоор болж өндөрлөлөө.