Б.Баттүвшин: Хамгийн гол хөгжил хүмүүсийн тархинд явагдах ёстой
Орон нутгийн салбарын хөгжлийн асуудлаар НИТХ-ын Ажлын албаны Иргэний Оролцооны Хэлтсийн дарга Б.Баттүвшин
2013.10.01

Б.Баттүвшин: Хамгийн гол хөгжил хүмүүсийн тархинд явагдах ёстой

Орон нутгийн салбарын хөгжлийн асуудлаар НИТХ-ын Ажлын албаны Иргэний Оролцооны Хэлтсийн дарга Б.Баттүвшинтэй ярилцлаа.

-Орон нутгийг хөгжүүлэх тухай яриад их удаж байна. Ер нь манай орон нутгийн хөгжил ямар түвшинд хөгжиж байна вэ?

Орон нутгийн хөгжлийн асуудлыг ярихын өмнө бид хөгжил гэж юуг хэлээд байгааг зөв ойлгох хэрэгтэй. Манайхан нүүдлээс иргэншил рүү шилжиж буй ард түмэн гэдгээ анзаарах нь чухал. Өөрөөр хэлбэл хөгжлийн суурь нь иргэншил гэдгийгээ анзаарахгүй байна л даа. Хөгжихийн тулд боловсрол, хөдөлмөрийн бүтээмж, технологи гээд бүх зүйл хэрэгтэй. Энэ бүх зүйл иргэншсэн газар л бий болдог. Одоо харж байнаа шүү дээ хаана хөгжил явагдаж байна гэхээр Улаанбаатарт л галзуурсан хурдаар хөгжил явагдаж байна. Хаана хоцрогдож байна? хүн ам цөөнтэй, алслагдсан хөдөөд, сумдад байна.

-Орон нутгийг хэрхэн хөгжүүлэх ёстой юм бэ?

Орон нутгийн иргэд өөрсдөө яаж, хэрхэн амьдрах, ашиг орлогооо хэрхэн нэмэх вэ гэдгээ сайн ойлгох нь чухал. Ашиг орлогоо нэмэгдүүлэх зөв арга, ухаан хэрэгтэй. Өнөөдөр малчдын сонгож авч  байгаа арга зам нь хамгийн бүдүүлэг байна. Жишээ нь гол орлого болох ямааны

Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлийн 20%-ийг хангадаг бөгөөд үүгээрээ Хятадын дараа орох томоохон үйлдвэрлэгч билээ.

ноолуураас олж байгаа ашгаа нэмэхийн тулд малчин ямааныхаа тоо толгойг нэмэх тухай л боддог.

Гэтэл монгол малчнаас 60 мянган төгрөгөөр худалдаж авсан 1кг ноолуур эцсийн бүтээгдэхүүн болоод хэрэглэгчдийн гар дээр очиход 4-5 сая төгрөг болж байна. Тэгхээр малчин ямааныхаа тоо толгойг нэмэх биш, харин ноолуураа боловсруулдаг болох хэрэгтэй.  Боловсруулахдаа харин бүгдээрээ хорших нь зөв. Энэ бол хөгжихөд боловсрол, технологи хэрэгтэй гээд байгаа гол санаа маань юм л даа.Хөдөөд хөгжлийн гол гарц ердөө л хорших..

-Тэгэхээр хөгжихийн тулд нэн тэргүүнд монгол хүний толгой дотор хөгжил явагдах ёстой юм байна. Үүний дараагаар төр засгаас ямар бодлогоор хөгжлийг дэмжих вэ?

- Улаанбаатарт жилд бүхэл бүтэн нэг аймаг нүүж ирж байгаа тоо байгаа. Төр хөдөөд хүмүүсийг тогтоон барих бодлого явуулах ёстой. Энд хөрөнгө оруулалтын бодлого зөв байх шаардлагатай. Жишээ нь Говийн суманд багшлаж байгаа багш Улаанбаатарт багшлаж байгаа багшаас цалин өндөр, нийгмийн даатгалын шимтгэл, татвар бага төлөх ёстой гээд зориудаар тэдний нийгмийн асуудлыг дэмжиж өгөх хэрэгтэй гэх мэтчлэнгээр яривал асар олон зүйл байгаа.

Орон нутгийн хэрхэн хөгжих тухайг тэнд амьдарч байгаа хүмүүс л мэднэ.Тиймээс тэдэнд өөрсдөө хөгжих боломжийг нь олгочих. Гэтэл манай одоогийн удирдлагын тогтолцоо тийм биш. Бүх асуудлыг Улаанбаатар шийдэж байна. Энэ нь төвлөрөл үүсээд байгаагын үндсэн шалтгаан.

 -Орон нутгийг хөгжүүлсэн олон улсын жишиг ямар байдаг вэ?

-Дээр миний ярьсан зүйлс бүгд л олон улсын жишиг. Манайд мөн буруу хандлагууд их байна. Жишээ нь Германд тосгоны Засаг дарга нь орон тооны бус байдаг, гэтэл Монголд эсрэгээрээ тусгай эрх ямба эдлэж байх жишээтэй гэх мэтээр маш олон зүйл засрахгүй, улам ужиграад л байна.

-Яагаад засрахгүй байгаа юм бэ?

Нэгдүгээрт, Энэ тухай ойлголт иргэдэд маш муу байна. Хоёрдугаарт улс төрчдөд болон төрийн захиргааны түшмэлүүдэд  энэ төвлөрсөн байдал ашигтай байна. Энэ төвлөрсөн байдал чинь л нөгөө баяжих, хөлжих, идэж, уух боломжийг олгож байгаа шүү дээ.

-Энэ оноос зарим эх мэдлийг орон нутагт нь өгч эхлэж байх шиг байна?

-Орон нутгийг хөгжүүлэх сан байгуулах ажил бол энэ бүхний эхлэл л дээ. Гэхдээ  үр дүнг нь тооцоход эрт байна. Иргэд хангалттай оролцохгүй л байна. Энэ нь нэгд ойлголт бага, хоёрт энэ байдалд иргэд итгэж өгөхгүй байна. Худлаа ярьсаар байгаад иргэд ийм зүйлд үл итгэх байдлаар ханддаг болж.Ингэж хүмүүсээр өөрсдөөр нь асуудлыг шийдүүлээд эхлэхээр иргэдийн төр засагтаа итгэх итгэл гэсэн том давуу талыг олж авдаг сайн талтай.

-Эцэст нь асуухад Ер нь бид орон нутгийг хөгжүүлэх зөв  замаа олсон уу?

Бид хөгжлийнхөө зөв замыг олчихсон байгаа. Ардчилал, эрх чөлөө, зах зээл, чөлөөт эдийн засаг гээд. Энэ байхгүй бол хөгжлийн тухай яриа байхгүй.Өөрөөр хэлбэл эрх чөлөө байгаа цагт хөгжих боломж байна л гэсэн үг. Энэ бол хамгийн гол нь. Одоо бидэнд бага зэрэг ухаарлын зүйл хэрэгтэй байна. Тэр нь хөгжил өөрөө ирдэггүй юм. Хөгжил рүү бид өөрсдөө явах ёстой юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.